Засгийн газраас хэрэгжлүүлж буй "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын байранд эд хөрөнгийн лавлагаа авахаар урт дараалал үүсгээд байсан билээ. Тэгвэл энэ ачааллыг багасгаж, төвлөрлийг саармагжуулах зорилгоор лавлагаа авах үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, эд хөрөнгийн лавлагаа, гадаад паспорт авахдаа Зуун айлд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорих шаардлагагүй боллоо. Харьяа дүүрэгтээ хандах аж. Ирэх даваа гаригаас эхлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дээр нэг цэгийн үйлчилгээ явуулж эхлэх юм байна. Харин бусад дүүргүүд энэ маягаар ажиллахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. УБЕГ-ын Тамгын газрын дарга Б.Баатарсайхан "Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар өдөрт нийт 1300 гаруй иргэн үйлчлүүлдгээс архивын чиглэлээр 400, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 850-900 орчим иргэн үйлчлүүлдэг байсан. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан бол хүн ам олонтой дүүрэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 60 орчим хувийг тус дүүргүүдээр үйлчлүүлдэг иргэд эзэлдэг байсан. Тэгвэл одоо ийнхүү шилжүүлснээр өдөрт үйлчлүүлдэг иргэний тоо 60 хувиар буурах тооцоо байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )