Нэг сая хэрэглэгчтэй гэж томрох Юнителийн үнэн төрх

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 04

Өвөрмөц шинэлэг өнгө төрх, маркетингийн шинэ шийдлээр Монголын үүрэн холбооны  зах зээл дээр тод ялгаран гарч ирж байсан Юнител групп таван жил гаруйн хугацааны дотор өөрийн сая дахь хэрэглэгчээ тосон авч байна. Юнител группын сая дахь хэрэглэгчээр Содномжамц овогтой Оюунцэцэг баясгалан хэмээх усан луу жилийн шинийн найманы өдөр буюу 2012 оны 02 сарын 29-ний өдөр Рокмон салбараас 89287742 дугаарын хэрэглэгч болсоноор тодорлоо гэж ирээд л өнгөрсөн сарын 23-ны өдөр сүржин мэдэгдэл гарав. 2.7 сая иргэний маань бараг тал нь уг компанийн хэрэглэгч болж дээ хэмээн монголчууд бодоод өнгөрсөн. Гэтэл үнэн хэрэг дээрээ Юнител компани худлаа мэдээлэл цацан иргэдийг төөрөгдүүлсэн байна. Үүнийг Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн газрын www.ictpa.gov.mn хаяг руу ороход л тодорхой мэдэх боломжтой. Тэнд Мобиком корпорацийг 1.261.650, Стайтел компанийг 578.591, Юнител компанийг 624.031, Жи мобайл компанийг 477.041 хэрэглэгчтэй хэмээн нийтэд зарласан байгаа юм.

Ингэхээр өнөөх бүхнийг бараг л “үнэгүй” гэх цолтойгоор хэрэглэгчиддээ зориулдаг гэх Юнител компани хэрэглэгчдээ хууран мэхлэх үйл ажиллагааг явуулдаг нь батлагдаж байна.

Тэгээд ч Юнителийн бүх юм үнэгүй гэсэн шошготой байдаг учраас олон нийт итгэн олноор элсэж байсан ч сүүлийн үед хэрэглэгчийн хэрэглээний үнээс хумсалдаг болох нь түмний амнаас байнга гарах болсон. Энэ асуудал нууц биш. Захын Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч ярианы тариф дээрээ асуудал үүсгэн хэрүүл зарга хийгээд заргаа авдаг тухай ярих болсон.

Монголчуудыг 21-р зууны хөгжлөөс хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэх, үсрэнгүй хөгжилд чамгүй оролцоотой байгаа гэх үүрэн телефоны оператуудаас ийнхүү зэс нь захаасаа цухуйж эхлээд байгаа нь харамсалтай. Тус үүрэн телефон л гэхэд хэрэглэгчиддээ үйлчилж эхлээд зургаахан жилийн нүүр үзэж байгаа мөртлөө хэрэглэгчдийн яырианы тарифаас “хумсалдаг” гэдгээрээ олны дунд зартай болж байгаа нь манай улсад хөгжлийнхөө явцад байгаа салбар буруу замаар будаа тээхийн эхлэлийг тавьж байна уу гэлтэй. Тухайлбал Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас л гэхэд хэдхэн хоногийн өмнө таван шинэ байрны тохирлоо өгөөгүй мөртлөө өглөө хэмээн шоудсаныг нь тогтоож торгуулийн арга хэмжээ авсан байгаа юм. Өмнөх таван хэрэглэгчдээ таван байраа өгөөгүй байж дараагийн таван байрны азтан шалгаруулах арга хэмжээгээ эхлүүлэн мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй бөмбөгдөн өнөөх л сурсан аргаараа олныг төөрөгдүүлсээр байгаа нь тэдэнд торгуулийн 10 сая төгрөг юу ч биш гэдгийг харуулж байгаа биш үү.

Эхний байрнуудаа өгөөгүй гэж 10 сая төгрөгөөр торгуулсан боловч үнэндээ юман чинээ тоохгүй Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлэн дараагийнхаа “залиланг” хийгээд эхэлсэн Юнителийг Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар ахиад л шалган буруутайг нь тогтоон 10 саяараа торгох байх л даа. Гэвч эл мөнгө иргэдийн халааснаас хангалттай цохиж байгаа тэдэнд юу ч биш тул инээгээд л өнгөрөх биз ээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top