Загварын тайзан дээр гунхан буй бүсгүйг эр эмгүй сонжин харцгааж тэд шуудай өмссөн ч амиллуулах ёстой гэсэн загвар өмсөгчийн ажлаа тайлбарладаг. Тайзан дээр гунхан алхаж, “хувцас бурхан, бие чөтгөрийн” үлгэрийг үзэгч олонд мэдрүүлдэг загвар өмсөгч, модель бүсгүйчүүдийн ажлыг ихэнх хүмүүс амархан мэтээр ойлгодог. Яг үнэндээ тайзны араар далд оров уу үгүй юу дараагийн хувцсаа яаран сандран өмсөж, тайзан дээр гүйн гарсаар загварын шоуныхаа цагийг дуустал тайлах, өмсөх, алхах үйлдлийг давтах нь хөндлөнгийн хүний нүдэнд үнэхээр яршигтай мэт санагддаг. Загвар өмсөгч бүсгүйчүүд өөрсдийн “чимээгүй тулаан”-д ялагдахгүйн тулд сайхан бие галбираа хадгалж, ходоодондоо шархтай болтлоо хоолоо сойдог зовлонг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэд юуны тулд ийнхүү ажилладаг юм бол?гэсэн бодлоор тэдний ажлын хөлсийг сонирхлоо.
Монголд “Монгол модель”, “Эри” төв, “Шилмэл загвар”, “Азийн модель”, “Топ модель” зэрэг 10 орчим загварын агентлаг байдаг юм байна. Тэдний дундаас бие хаа, алхаа гишгээгээрээ “Европ” моделиудын стандартад дөхөж очдог тод модель Г.Уранцэцэг загвараа мэдэрч, хувцас амилуулах тал дээр “номер нэг” гэдгийг ихэнх дизайнерууд хүлээн зөвшөөрдөг учраас нэг удаагийн гарааных нь мөнгө 150-н мянга төгрөг байдаг гэнэ. Энэ ханш нь монголдоо хамгийн өндөр ханшинд тооцогддог аж. Харин “Эри” төвийн нэг загвар өмсөгч шоуны турш 50-150 мянгын хооронд загвар өмсдөг. Мөн “Шилмэл загвар” агентлагын нэг загвар өмсөгч өдөртөө дунджаар 80 мянгаар загварын тайзан дээр алхдаг юм байна.
Б.Дэжид

Сэтгэгдэл ( 0 )