Цэргийн госпиталь шинэ лабораторитой боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 03

 

      

 ХБНГУ-ын Бундесверээс манай Зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний лабораторийг буцалтгүй тусламжаар өглөө. Лаборатори хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд П.Шаллер, ХБНГУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа М.Райнберг,  Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн эмч ажилтнууд оролцлоо.

2008 оны 11 дүгээр сард Берлин хотноо хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зуран баталсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” яамд хоорондын тохиролцооны дагуу  2009 оноос эхлэн манай Зэвсэгт хүчний  Клиникийн төв госпиталийн Нэгдсэн лаборатори ХБНГУ-ын Мюнхен хот дахь Бундесверийн Бичил амь судлалын хүрээлэнтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар хамтран ажиллаж байгаа юм.  

Энэ хамтын ажиллагааны хүрээнд тус хүрээлэн манай цэргийн эмнэлгийн лабораторид  нийт 2200 орчим еврогийн буцалтгүй тусламжаар  Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжийг  бэлэглэж байгаа нь энэ ажээ. Тус шинэ лабораторид:

  1. Молекул биологийн шинжилгээ хийснээр төрөл бүрийн халдварт өвчнийг оношлох, хянахад эмч нарт үнэн зөв мэдээллийг өгөх чухал ач холбогдолтой. ДОХ, элэгний  В, С вирусын шинжилгээг  тоон аргаар өндөр түвшинд хийдэг. Уг лабораторийг халдварт өвчин судлалын практикт өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарт хүний HLA системийг тодорхойлоход хэрэглэдэг байна.
  2. ELISA– иммунологийн шинжилгээ нь оношлогооны цар хүрээг сайжруулдаг гэдгийг эмнэлэгийн ажилчид мэдэгдлээ.  

Дээрхи хоёр төрлийн шинжилгээг хийснээр:

- Шинжилгээ оношлогооны өвөрмөц чанар сайжрах

- Оношилгооны цар хүрээ ихсэх

-Эмчилгээний чанар,  үр дүн дээшлэх

-Хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu