Усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор дуудлага мэдээллийн тоо өсөж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
8 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-аас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллажээ.

Тэрбээр өнөөдөр Туул голын эрэг дагуу ажиллаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгасан талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор дуудлага мэдээллийн тоо өсөж байна. Албан хаагчид аюулгүй байдлын төлөө шаардлага тавьж байгаа учир иргэд та бүхэн хүлээцтэй хандан шаардлагыг биелүүлэхийг хүсье. Албан шаардлага биелүүлээгүйгээс болж эрсдэлд орох тохиолдол гардаг.

Түүнчлэн голын усны түвшин нэмэгдсэн учир автомашиныхаа хүчинд эрдэж ус руу орж аюулд орохгүй байхыг анхааруулъя. Хар цэгүүдэд хяналтын завьт эргүүлүүд ажиллаж, аврах ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсье. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа учир бид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргүүдийн дарга нартай хамтран үерийн аман дээр буусан айл өрхүүдэд анхаарал хандуулж байна. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа юм” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top