Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн О.Эрдэнэ-Өрнөх тус арга хэмжээг нээж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах энэрэнгүй үйлсэд хүчин зүтгэж буй нийт хүмүүнлэгийн үйлстнүүдэд талархал дэвшүүлэн, “Харилцан ойлголцож, бие биеэ дэмждэг хүмүүнлэг нийгмийг хамтдаа бүтээе” хэмээн уриаллаа.
Үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь нийгэмд бодит хувь нэмэр оруулдаг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг томоохон байгууллага билээ. Энэ ч утгаараа анхан болон дунд шатны хорооны үйл ажиллагааг сайн дурын ажилтан, төрийн болон төрийн бус байгууллага дэмжиж ажилладаг юм.
Өнөөдөр Цогтцэций суманд онцлох үйл явдлууд давхацсан түүхэн өдөр тохиож байна. Тус сум нь орон нутгаас Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ хүлээн авч, “100 мянган мод тарих” аяныг эхлүүлэхийн зэрэгцээ Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” томоохон арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн, сумын ИТХ-ын дарга буюу анхан шатны хороодын дарга нар, төр хувийн хэвшлийн байгууллагууд болон улаан загалмайн идэвхтэн гишүүд, донорууд оролцож байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэнүүдийн бодит дэмжлэг, тусламж нь 2,6 тэрбум болсон байна. Мөн орон нутгийн зүгээс аймгийн Улаан загалмайн хорооны байрын засвар шинэчлэлд 757.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
See less

Сэтгэгдэл ( 0 )