Энэтхэгийн засаг захиргаа Монгол Улсад зарцуулах төсвөө нэмжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэтхэгийн засаг захиргаа хэд, хэдэн улсад зарцуулах төсвөө нэмэгдүүлжээ. Үүний дотор Монгол Улсад зарцуулах төсвөө 25 сая рупий болгож нэмэгдүүлсэн байна. Энэ нь төгрөгөөр шилжүүлж тооцвол 971.6 сая төгрөг болох юм. Өнгөрсөн жил Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсад 5 сая рупий зарцуулж байсантай харьцуулахад огцом нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Ялангуяа коксжих нүүрсний гол нийлүүлэгч болгох сонирхол бий. Түүнчлэн технологийн салбарт хамтран ажиллах хүлээлттэй байна. Энэтхэг-Монгол Улс ОХУ-аар дайран өнгөрөх “Монгол-Энэтхэгийн түүхий эдийн гүүр” бүхий коридор байгуулах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Ташрамд дурдахад Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын уулзалт 2025 оны аравдугаар сард болсон. Уг уулзалтаар цахим хамтын ажиллагаа, соёлын солилцоо, геологи ашигт малтмалын салбарыг хамарсан 10 санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээрээс онцлууштай нь коксжих нүүрс, зэс болон ган, технологийн салбарт хамтран ажиллах, ирээдүйн экспортын гол цэг гэж тодорхойлсон геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top