Хөдөөгийн сайдын ЗОВЛОН

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

“Байн, байсаар бүх дэлхийг бүрхэж гагцхүү нарыг хэвээр үлдээнэ” гэдэг шиг дарга нар, дэвшин дэвшсээр дараагийн ээлжийнхэн суга үсэрч, нуга татууллаа. Татагдсан нэгэн этгээд бол М.Бадамсүрэн.

Нэрийг дэвшүүлснээ мэдэнгүүтээ “Хөдөө орон нутагт төрж өссөн, хөдөө ажиллаж байсан, амьдрал мэднэ гэдэг үүднээс намайг ХХААХҮ-ийн сайдад дэвшүүлсэн байх” гэсэн юм. Айхтар оюун дүгнэлт байгаа биз. Хүнс, тэгээд аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болох энэ хүн хөнгөн үйлдвэр, хүнс, аж ахуйг нь болиод хамгийн түрүүнд ХӨДӨӨ гэдэг үгийг нь олж харж. Хараад дүгнэсэн нь дээрх оюун дүгнэлт.

МАН-ын бусад кадруудыг бодвол М.Бадамсүрэн тийм ч намтар баян түүхгүй. Өөрийнх нь хэлдгээр Дорноддоо төрж өссөн, Дорнодын л “хүүхэд”. Яг л Халхгол суманд боссон “Монгол дайчдын хөшөө” байрнаасаа хөдлөөгүй шиг тэндээ л байсан хүн.

Намтар нь 2001 оноос Дорнод аймгийн Нефть хангамжийн газрын түгээгчээс эхэлсэн. “Магнай Трейд” ХХК-ийн Дорнод аймгийн салбарын дарга 2007 онд болмогцоо Ардын намаар крандуулж эхэлсэн түүхтэй. Салбарын дарга болсноос хойш хоёр жилийн дараа Дорнод аймгийн МАН-ын хороон дэд дарга болж, 2012 он хүртэл ажиллаад Дорнодын МАН-ын дарга болж дархлагдсан” нэгэн. Ингээд 2015 оноос 2024 оны сонгуульд ялалт байгуулах хүртлээ Дорнод аймгийн Засаг дарга болсон. Крандуулах нь ч амархан, крандуулаад дэвших нь ч амар нэг ийм “сайд”-тай болов.

Хөдөө төрж, өссөн хөдөөгийн сайдын эхний зовлон нь байр, савны асуудал байх болно. Өмнөх сайд нь өөрийнхөө аж ахуйг яамтайгаа ойртуулж, хөгжил нэрээр хөдөө “цөлсөн”. Одоо харин хадаг барьж, батламж гардсан хөдөөгийн сайд нь хот руу нүүлгэх санаа өвөрлөжээ. Хувь заяаны “хөөрхөн” шоглоом гэлтэй. Байр, сав нь сайдын хүсэл байдаг юм байна. Нүүж, суух нь харин төрийн зовлон болсон. Нүүлгэх зардал нь 2.4 тэрбум төгрөг болж, 2025 төсөвт тусгасан юм. Ерөнхийлөгчийн хөмсөг зангидаж хориг тавиад, тодотгодог төсөвт шүү дээ. Яамны өдий, төдий ажилчид сайдынхаа хүслээр Дархан руу шилжсэн. Тухайн үед тус яамны газрын дарга “121 ажилтан, алба хаагчийн 80% нь орон нутагт ажиллахыг дэмжсэн” гэж айлдсан. Айлтгал “үнэн” болохоор л нүүдэл эхэлсэн юм байлгүй гэж зөвтгөж бодъё. Тэндхийн байр, орон сууцанд хөнгөлөлттэй үнээр хамруулна гэж байв. Гэхдээ тэгээд таг болсон.  

Байр, сав чухал сэдэв биш. Энэ жил хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг бодит дүнгээр 33.8% өссөн нь хөдөөгийн сайдын анхаарч харах тоо. Энэ нь ДНБ-ний 3.4%-ийг хангах гол шалтган болсон. Хоёр жил дараалж зудаж тохиож, өнгөрсөн жил газар тариалангийн бүс нутгууд гантай байсантай харьцуулахад боломжийн хэмжээний өсөлт шүү. Одоо энэ өсөлтийг хэрхэн хадгалах вэ гэдгээ тооцох ёстой. Уг нь эрэмбээрээ байр, савны өмнө нь л бичигдэх ёстой юм л даа.

Гантай жилийн гантай нэг тоо байгаа нь Монгол Улс өнгөрсөн жилийнхээс 140 гаруй мянган тонноор бага ургац хураасан явдал. Хураан үр тариа 2025 оны есдүгээр сарын байдлаар 120.2 мянган тоннд хүрэв. Өнгөрсөн жилийн мөн үед 262.2 мянгыг хурааж байснаа бодвол 142 мянган тонноор бага гэсэн үг. Хураасан үр тариа өмнөх оныхоос 54.2%, төмс 36.2% буурсан. Энэ бууралтыг сэргээх нь хөдөөгийн сайдын бодох ёстой бодлого юм.

Түүний бодох ёстой дараагийн зүйл нь өмнөх дарга нарын харалган шийдвэр. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь том зургаараа малчдаа бодоогүй байсныг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хоршоолоод хөгжөөд байгаа юу гэвэл үгүй. Угтаа бол “Шинэ хоршоо” нь хоршооллын тогтолцоог сэргээх, малчдад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих, бодлого хяналтын уялдаг сайжруулах ёстой байсан ч байндаа тусаж чадаагүй. Урт хугацаанд энэ хэлбэрээр явбал өртэй малчид олшрох магадлалтай тул бодлогын хувьд өөрчлөх шаардлагатай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top