Монгол Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тоологдож, 2024 оноос 454.6 мянган толгой буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Малын төрлөөр авч үзвэл адуу 5.4 сая, үхэр 5.1 сая, хонь 23.2 сая, ямаа 23.9 сая, тэмээ 0.5 сая толгойд хүрсэн байна. Үүнээс адуу, үхэр, ямаа, тэмээний тоо өссөн бол хонины тоо 628.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.
Нийт мал сүргийн бүтцэд хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус тус эзэлж байна. 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20.8 нэгжээр өсөж, хонины эзлэх хувь 15.1 нэгжээр буурсан нь сүргийн бүтцэд өөрчлөлт гарч байгааг илтгэж байна.
Аймаг, нийслэлээр авч үзвэл Хөвсгөл аймаг 5.3 сая толгой малаар тэргүүлж, Өвөрхангай (5.1 сая), Архангай (4.4 сая), Баянхонгор (4.2 сая), Төв (4.1 сая) аймгууд удаалж байна.

Малын төрлөөр аймгуудад авч үзвэл:
- Адууны тоогоор Архангай (492.6 мянга), Төв (490.4 мянга), Дорнод (462.8 мянга) аймгууд тэргүүлж байна.
- Үхрийн тоогоор Архангай (745.1 мянга), Хөвсгөл (670.2 мянга), Өвөрхангай (412.2 мянга) аймгууд тэргүүлж байна.
- Тэмээний тоогоор Өмнөговь аймаг (155.9 мянга) тэргүүлж байна.
- Хонины тоогоор Өвөрхангай (2360.4 мянга), Хөвсгөл (2258.3 мянга) аймгууд өндөр үзүүлэлттэй байна.
- Ямааны тоогоор Баянхонгор (2493.9 мянга), Хөвсгөл (1980.2 мянга), Говь-Алтай (1863.0 мянга) аймгууд тэргүүлж байна.
Сумын түвшинд авч үзвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум (532.1 мянга), Дундговь аймгийн Эрдэнэдалай сум (492.9 мянга), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум (410.7 мянга), Хэнтий аймгийн Хэрлэн сум (391.9 мянга), Баянхонгор аймгийн Баянцагаан сум (391.7 мянга) малын тоогоороо тэргүүлж байна.
Мал төллөлтийн хувьд 2025 онд оны эхний хээлтэгч 26.7 сая толгой малаас 22.4 сая нь төллөж, төллөлтийн хувь 84.0 хувьтай гарсан нь өмнөх оноос 20.4 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Төрлөөр нь авч үзвэл гүүний төллөлт 78.5 хувь, үнээ 81.0 хувь, ингэ 53.1 хувь, эм хонь 86.3 хувь, эм ямаа 83.5 хувь байна.
Төллөлтийн хувь өмнөх оноос гүүнийх 17.2 нэгж, үнээнийх 12.6 нэгж, ингэнийх 10.4 нэгж, эм хониных 20.6 нэгж, эм ямааных 22.8 нэгжээр тус тус өссөн байна.


Сэтгэгдэл ( 0 )