"Их засаг" ОУИС-ийн оюутан, NTV телевизийн дохионы хэлмэрч Өлзийсайханы Билгүүнцогтой ярилцлаа.
-Сайн байна уу? Юун түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Өөрт тань мөн өдрийн мэнд хүргэе.
-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.
-Намайг Өлзийсайханы Билгүүнцог гэдэг. Одоо 19 настай. Ntv телевизед дохионы хэлмэрчээр ажилладаг.
-Гэр бүлийнхээ тухай мөн товчхон яриач.
-Аав, ээж дүүгийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Надаас том биетэй нэг дүү бий.\Инээв\
-Дохионы хэлийг анх хэдийнээс эхэлж сурах болов?
-Анх дөрвөн настайдаа дохионы хэлийг сурсан. Аав, ээж хоёр маань хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас дохионы хэлд суралцах зайлшгүй шаардлага байсан.\Аав, ээжтэйгээ ярилцахын тулд\ Тэр түүх маань их сонирхолтой.Анх аав маань 12 хуудастай шоо дэвтэр дээр дохионы хэлний 35 үсгийг зурж өгч байсан юм. Манай аав их гоё зурдаг л даа. Тэрийг хараад л, өдөр болгон аав, ээж хоёртойгоо ярилцсаар байгаад сурсан.
-Тухайн үед цэцэрлэгийн хүүхэд байсан байх нь ээ?
-Тийм ээ. Цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхэд байсан гэх юм уу.
-Яг тухайн үеийг тод санадаг уу ?
-Тэгэлгүй яах вэ. Аав маань гал тогооныхоо өрөөнд суучихаад л 35 үсгийг яг бүхэлд нь, бүр гарны байрлалтай нь зурж өгч байсан. Одоогоос 15 жилийн өмнө л дөө.
-Эхэндээ тун сайн бэлддэг байлаа.Цаашдаа аав ээжтэйгээ үсгээр харилцдаг болоод л бүр ч сайн гаршсан.
-Тэр үед аав, ээжтэйгээ ойлголцход хүндрэлтэй зүйлүүд хэр зэрэг байсан бол?
-Жаахан хүүхэд байсан болоод ч тэр үү, надад бол нэг их бэрхшээл байгаагүй л санагддаг юм. Харин намайг сургах явцад аав, ээж хоёрт маань л бага зэрэг хүндрэлтэй зүйлүүд байсан болов уу.
-Өөрөө боломжийн түвшинд суралцаад, бусдад зааж ойлгуулах хэмжээнд очсон нь хэзээ бол?
-Бусдад заах хэмжээний болсон нь одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс л дөө. Тэр хүртэлх хугацаанд өөрийгөө хөгжүүлж ирсэн. Аав, ээж хоёр маань намайг зайлшгүй дохионы хэл сурах шаардлага байгааг хэлдэг байсан. Учир нь энд, тэнд очиж хүмүүстэй уулзах зэрэг хэрэгцээ гарахад миний хүү хэрэгтэй гэдэг байлаа.Тэгээд л дандаа хамт явдаг байсан. Тэгж яваад л энэ хэмжээний болтол илүү сайн бэлтгэгдсэн юм болов уу.
-Ntv телевизэд ажиллах болсон тухайгаа хуваалцахгүй юу. Анх ямар байдлаар холбоо тогтоож байв? Багаас суралцсан энэ чадвараараа харьцангуй эрт ажлын байран дээр гарсан шүү дээ.
-Хамгийн анх MNC телевизэд ажиллаж байсан. 12-р ангид орсон жилдээ MNC, Ntv гэсэн хоёр телевизед дохионы хэлмэрчээр ажиллах хүсэлтэй байна гэсэн өргөдөл өгч байсан. Түүнээс нэг жилийн дараа оюутан болох учир санхүүгийн хувьд ч юм уу аав ээжээсээ хараат бус байж, бие даахыг эрмэлзсэн. Түүнээс өмнө ч мөн биеээ даачихсан л байсан л даа.\Инээв\ Тогтмол ажиллах телевиз байвал их зүгээр юм байна гэсэн бодолтой байсан.
-Тэр үед эдгээр телевизед дохионы хэлмэрчийн ажлын байр зарлагдсан байсан уу?
-Би өөрөө шууд явж очоод л анкет бөглөөд, өргөдөл бичээд өгчихөж байсан л даа. Гэхдээ аль телевизед дохионы хэлмэрч шаардлагатай байгаа зэрэг өөрийнхөө хэмжээнд хөнгөхөн судалгаа хийж байгаа юм. Дөнгөж 17 настай байсан болохоор мэргэжлийн үнэмлэх байсангүй. Гэсэн ч би цаашид суралцана гэсэн том итгэл дотор байсан. Өөртөө нилээн итгэлтэй байсан шүү. Уулаасаа ч тийм юм уу даа. Хүн сургуульд суралцаж байх үедээ ерөнхий мэдлэгийг л олж авдаг. Харин ажлын байр цаашдын замд нь хөтөч болж, туршлагажуулдаг шиг миний хувьд ч мөн адил суралцсан ур чадвараа практик дээр хөгжүүлэх боломжтой гэж хараад телевизед ажиллах зорилго тавьсан.
-Өргөдөл өгсөнөөс хойш хэр хугацааны дараа танд хариу ирсэн бэ?
-MNC телевизийн зүгээс хүсэлтийг маань шууд хүлээж авч, авсан.Түүнээс хоёр сарын дараа Ntv телевизээс холбогдсон. Таван сар гаруйн хугацаанд хоёуланд нь давхар ажиллаад явж байсан.
-Мэдээллийн хөтөлбөрийн цагийн хуваарийн хувьд ямар байсан бэ? Хэрхэн зохицуулдаг байв?
-Ntv телевиз 19:00-20:00 цагийн хооронд мэдээллийн хөтөлбөрөө явуулдаг. Харин MNC телевизийн мэдээ 21:00-21:30 цаг хүртэл байсан. Эхний ажлаа дуусаад л шууд дараагийн телевиз рүү гээ ирж мэдээгээ дохидог байлаа. Ntv телевиздээ ажиллаад одоо хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.

-Урд нь үзэгчийн зүгээс харах төдий байсан бол дотор нь ороод ажиллаад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Өөрийг тань телевизийн зүгээс чадавхжуулж байгаа гол зүйлүүд нь юу байна вэ?
-Анх мэдээ мэдээллийг хэрхэн боловсруулж бэлтгэдэг, телевизийн мэдээ хэрхэн бүтдэгийг мэдэхийг хүсдэг байсан. Их сонирхолтой санагддаг байсан л даа. Тэр бүхний ард юу болдогийг л их сонирхдог байсан юм. Тэгээд дотор нь орж ирээд ёстой л хүмүүсийн хэлдгээр шоконд орчихсон. Энэ хүмүүс өглөө эрт ирээд л мэдээнд бэлдэнэ, асуултаа төлөвлөнө, төлөвлөгөө гаргаанд мэдээндээ явна. Түүнийгээ яаж оновчтой, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхийг хараад эрхгүй бахархах сэтгэл төрнө. Тэндээс л үнэхээр сэтгүүлч ч болчихдог юм билүү гэж бодож явсан үе ч бий.
-Хүн бүрийн дотор ямар нэгэн хийхийг мөрөөдсөн, туршиж үзэхийг хүссэн нууцхан хүсэл байдаг. Түүний адилаар магадгүй өөрт чинь мэдээний унших ч юм уу, одоо хийж байгаа ажлаасаа арай өөрөөр эфирт гарах хүсэл байдаг уу?
-Одоо телевизед ажиллаж байгаадаа өөртөө маш сэтгэл хангалуун байдаг. Хэрэв боломж гарвал мэдээний хөтлөгч ч юм уу, шоуны хөтлөгчөөр ажиллаж үзэхийг багахан мөрөөддөг гэх үү дээ. Телевизийн ажил бүх хүмүүсийн нөр их хөдөлмөр, сэтгэл, зүтгэл дунд бүтдэг гэдгийг өөрөөрөө мэдрээд л сууж байна даа.
-Өөрийн тань дохионы хэлний хичээл хүмүүст их сайн хүрч байх шиг байна. Үүнийг эхлүүлэх болсон тухайгаа хуваалцаач. Магадгүй телевизэд ажиллаж байгаагийн давуу талыг ашиглаад, тун үр өгөөжтэй зүйл эхлүүлэх шиг боллоо?
-Одоо “ОРОН НУТАГ” телевизээр өдөр бүр гарч байгаа. Олон нийтэд тэр талын бага ч болов мэдлэг түгээх зорилготой дохионы хэлний хичээлийг эхлүүлсэн. Дөрөвдүгээр сараас хойш нилээн удаан төлөвлөөд, дохионы хичээлээ хүмүүст хэрхэн ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх тухай бас их бодсон. Анх 35 үсгийн дохио, мөн мэндчилгээний зарим үгээр хичээлээ бэлдээд эхлүүлсэн.
-Анхны нэвтрүүлгээ хүргэсний дараах мэдрэмж их таатай байсан болов уу?
-Нэвтрүүлгээ анх эхлүүлэхэд хүмүүст их таалагдсан байсан нь буцаад надад их том урам болсон. Удахгүй сошиалд ч мөн богино хэмжээгээр оруулахаар төлөвлөж байна. Сурахыг хүссэн хүмүүс ч их байсан. Тийм болохоор цаашид илүү сайн хичээх болно.
-Анх ааваараа заалган сурч эхэлсэн дохионы хэлийг ажил болгож, түүн дундаа “телевизийн мэдээ дохих боллоо” гэж аав, ээждээ дуулгахад яаж хүлээж авч байсан бол?
-Хамгийн түрүүнд “чадах уу?” гэж асууж байсан. Ямар ч ажил эхэндээ хүнд л байдаг шүү дээ. Алдаа гаргана, зэмлүүлэх тохиолдол ч бишгүй их. Дөнгөж телевизед ороод мэдээ дохиж эхлэхэд маш олон шүүмжлэл ирж байсан санагдаж байна. Дохиог нь ойлгохгүй байна, буруу дохиж байна гэдэг ч юм уу.
-Тийм шүүмжлэлүүд түлхүү сошиал орчинд өрнөж байв уу?
-Сошиалд ч тэр, тааралдсан зарим нэг хүмүүсээс ч санал шүүмж ирж л байсан. Ажил руу залгаж байсан тохиолдол хүртэл байна.
-Яг тэр үед ямар бодол төрж байв?
-“Болих уу” даа л гэж бодож байсан. Шууд бодогдсон зүйл нь тэр. Яг долоо хоног шахуу бодсон юм. Эцэст нь “зоригтой хичээгээд үзье” гэж шийдсэн.
-Одоо бол ажилдаа хэдийн гаршсан биз?
-Тэс өөр шүү дээ. Хоёр жилийн өмнөх зарим дохиогоо харах юм бол би өөрөө хүртэл ойлгохгүй зүйлүүд ч зарим үед анзаарагддаг юм. Дохионы хэлийг хүн бүр өөр өөрийнхөөрөө дохидог. Хэлний орчуулагч гэдэгтэй яг адилхан. Үг орхих, үгээ алдах асуудлууд гарна. Анх эхлэж байхдаа мэддэггүй байсан олон зүйлийг сураад авчихсан л явж байна.
-Шүүмжлэл ирэхэд яаж хүлээж авдаг вэ? Өөрийнхөө зан чанарыг өөрөө дүгнэвэл?
-Миний амьдралдаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж, мөрдөж явдаг чанар бол ажил мэргэжлийн холбогдолтой шүүмж ирэх юм бол шууд хүлээж аваад, бусдаас ирэх с анал шүүмж дээр ажиллаж, дахиж алдаа гаргахгүй байх тал дээр анхаардаг. Харин хувийн орон зайд маань халдаж, миний мэддэг зүйлийг магадгүй тэр хүн мэдэхгүй мөртлөө надад заахыг хичээх үед түүнийг шүүмж гэж хүлээж авдаггүй. Учир нь би анагаах ухааны салбарын хүнд эмч, эрүүл мэндийн байгуулагын ажлыг зааж , зааварлах боломжгүйтэй адил зүйл юм. Тийм болохоор бусдаас ирэх сөрөг зүйлд тайван, хөнгөнөөр хандаад сурчихсан.
-Төгсөх ангийн сурагчидтай айл бүрт мэргэжил сонголтын тухай яриа заавал өрнөдөг шүү дээ.Чиний хувьд мэргэжил сонголтоо хэрхэн хийж байсан бэ?
-Сонирхолтой асуулт байна. Миний хувьд энэ тухай түүх маань их сонин л доо. 12-р ангид элсэх жилээ бүх багш нартаа би ЭЕШ өгөхгүй , гадагшаа явж суралцана гээд хэлчихэж байсан. Гадаад улсад сурна гэсэн итгэлтэй явсан болохоор ЭЕШ-д чиглэсэн сорил, даалгавар, хичээлийг бараг л хийдэггүй байсан юм.\Инээв\ Бүх хүүхдүүд ЭЕШ- аа өгнө гээд амьсгаа авах завгүй явж байхад би ЭЕШ-ийн шалгалт өгөхгүй юм чинь гээд сонгон судлах хичээлдээ суухгүй байж болох уу? гээд л явж байсан даа.
-Тэгээд сургуульдаа төгсчихөөд яг 08.31-нд их сургуульд орчихсон. Яагаад ч юм өнөөх ЭЕШ-аа очоод өгчихсөн. Шалгалт өгөхгүй гээд л томорч байсан хүн чинь очоод шалгуулчихсан л байгаа юм.
-Тэр тухайгаа шалгалтын өмнөх өдрүүдэд багш нартаа дуулгасан байсан уу?
- Огт хэлээгүй.Шууд л явж очоод өгчихсөн. Гэхдээ шалгалтаа гайгүй сайн өгсөн шүү. Санаа зоволтгүй./Инээв/ Шалгалтаа өгчихөөд “Их Засаг” ОХУИС-д тэтгэлэг аваад орсон. Их Засаг сургуулийн Санхүү, эдийн засгийн сургуульд “Бизнесийн удирдлага” мэргэжлээр хоёрдугаар курст суралцаж байна.
-Гадагшаа явах зорилгоо ямраар харж байсан бол?
Солонгос улсад Маркетингийн чиглэлээр суралцах зорилготой байсан. Одоо ч тийм бодолтой байгаа.
-Оюутан болохдоо аль хэдийн дохионы хэлмэрчээр ажиллаад эхэлсэн байсан уу?
-Тийм ээ.Ажиллаж байсан.

-Ажил, хичээлээ хэрхэн зохицуулж байсан бэ. Ялангуяа телевиүийн хариуцлагатай ажлыг оюутны эхний жилд хамтад нь авч явах нь ачааллын хувьд амаргүй байв уу. Эсвэл харьцангуй ачаалал даагаад сурчихсан байсан уу?
-Нилээн спортлог сурагч байжээ?
Өнгөрсөн жил хөл бөмбөгийн дээд лиг-т нэг жил тоглоод “Лигийн аварга” болсон.
-Өөрийн тань хувьд хэр зэрэг сайн ах вэ?
-Тоглоод хэлэхэд би чинь ах биш шүү дээ. Дүүгийнхээ найз нь гэхэд болно. Манай дүү чинь надаас нэг насаар дүү. Бас л надтай адилхан их завгүй. Хичээлдээ явна, ажлаа хийнэ. Бас хөлбөмбөг тоглоно. Бас хоорондоо уулзах цаг нь ч бага. Ажлаа дуусаад гэртээ харихад гэрийнхэн маань бүгд унтчихсан байдаг.
-Ажил нь ойролцоогоор хэдэн цагт дуусдаг вэ?
-Ажил бол 20 цагт л дуусаж байгаа юм. Тэгэхээр би 21 цагт гэртээ харьчихаж чадах л хүн.\Инээв\ Зарим үед бэлтгэлдээ, зарим өдөр өөрийнхөө дуртай юмыг хийнэ, үзэхийг хүссэн зүйлээ үзэж сонирхоно.
-Анх телевизийн шууд мэдээллийн хөтөлбөрт орж ажиллаж байв уу? Ажлын анхны өдөр хэр зэрэг сандралтай байсан бол?
-Тийм ээ. Шууд нэвтрүүлэгт орж байсан. Харин сандралын хувьд харьцангуй гайгүй байсан шүү. Телевизед ажиллахаасаа өмнө УИХ-ын сонгуульд дохионы хэлмэрчээр ажиллачихсан байсан.
-Тухайн үед хэдэн настай байсан юм бэ?
-Тэгэхэд чинь бүр 15 настай байсан.
-Тэгэхээр өөрийн чинь ажлын замналууд их хурдан, хурдан болоод, биелэлээ олоод явжээ. Тийм шүү. 15 настайдаа УИХ-ын сурталчилгааны ажилд дохидог, 16 настайдаа Tv8 телевизед хааяа нэг ажиллачихдаг байсан л даа. Тэгээд л ер нь телевизед орох гээд үзье гэж зориглох болсон.
-Одоо түүндээ сэтгэл хангалуун байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Баярлаж явдаг зүйлүүдийн маань л нэг. Анх телевизээсээ цалин авч байсан нь хүртэл их аз жаргалтай дурсамж болж үлдсэн шүү.
Одоо залуу байна, 19 настай. Залуу байгаа дээрээ алдаж, оноод үзчихвэл зүгээр юм шиг санагддаг.
-Цаашид чухалчилж зорьж байгаа зүйл нь юу вэ? Телевизед ажиллах эсвэл хэлмэрч хийх нь чиний бага нас ны мөрөөдөл байсан уу?
-Хэлмэрч бол яалт ч үгүй багын мөрөөдөл минь юм. Харин одоо би мөрөөдлөө биелүүлчихсэн шүү дээ.\Инээв\
-Нээрэн л их хурдан биелчихжээ. Одоо цаашдын зорилго тань юунд чиглэж байна вэ?
-Юу гэж хариулмаар юм бэ дээ.Би ирж байх замдаа бодож байсан юм. Миний мөрөөдөл яг юм бэ? гэж...
-Ер нь л хүний амьдрал чухамдаа илүү дутуугүй, эгэл боргил, эрүүл саруул сайхан амьдрах шиг аз жаргал үгүй байх даа. Багаасаа аав ээж хоёр маань хөгжлийн бэрхшээлтэй байхад бол эхэндээ их эмзэглэж байсан. Яагаад гэхээр жаахан хүүхэд учраас аливаа зүйлийн наад, цаадах учир шалтгааныг сайн ойлгох болоогүй, ойлгосон ч түүнийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй тийм үе байсан.
Ойлгох насанд хүрээд ирэхээрээ бүх зүйлд их ухаалаг ханддаг болчихсон юм шиг санагддаг.
-Тухайлбал, яг тийм чанараа юунаас илүү анзаардаг вэ?
-Аав ээждээ их баярладаг л даа. Учир нь чи ийм байх ёстой гэсэн чиг шугам руу хэзээ ч хүчилж байгаагүй. Зарим үед тийм зүйл байсан л байх л даа. Гэхдээ санаанд буухуйц тод үлдсэн нь үгүй.
-Одоо хүртэл албаны, хувийн гээд ямар нэгэн ажлаар хөдөө гадаа явах болохоод тэд маань санаа зовох зүйл байгаа ч гэсэн надад итгэдэг л болчихсон байгаа юм. Харин би түүнийг л хөсөрдүүлж болохгүй.
-Өдөр тутмын үр ашигтай төлөвлөгөө, зөв цагийн менежментийг гаргууд сайн хийгээд хэдийн хэвшсэн байна. Тэгвэл цаашдын амьдралын төлөвлөгөөгөө хаа хүртэл, хэрхэн төлөвлөсөн байгаа вэ?
Өдөр тутмын ажлын төлөвлөгөөний хувьд бол урд өдөр нь маргаашийн ажлууд тодорхой болсон байдаг. Очих газар тодорхой болчихсон, тэр хүртэл хэр хугацаа зарцуулах магадлал нь гараад ирчихсэн байдаг гэх юм уу. Харин амьдрал тийм биш. Яаж ч магадгүй. Одоогоор хамгийн ойрын төлөвлөгөө маань он гараад гадагшаа явж суралцах төлөвлөгөөтэй байгаа. Явах өдрөө л хүлээж байна даа. Тэндээ очоод нэг жил суралцаад ирнэ.Харин ирээд Монгол дахь сургуулиа төгсөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн цэрэгт заавал явна гэж төлөвлөсөн байгаа.
Би өөрөө их олон төрлийн сонирхолтой. Санхүү, маркетинг ч надад сонирхолтой, цэргийн алба ч их сонирхол татдаг. Бас телевиз, спорт хоёр намайг дурлуулж байгаа учраас л би холддоггүй гэж боддог. Аль ч чиглэлээр нь явсан чадна гэсэн итгэл надад бий. Боломж нь л байвал бүгдийг нь холбоод л хийгээд явчихмаар байдаг юм.Бүгдэд нь дуртай учраас тэр шүү дээ.
-Ойролцоогоор өдөрт хэчнээн ажил амжуулдаг вэ? Тодорхой байгаа нь телевиз юм байна. Түүний хажуугаар өөр ямар зүйлүүдийг амжуулж байна вэ?
-Телевиз, хичээл, бэлтгэл гэсэн гурван зүйл бол өдөрт хийгдэх нь тодорхой. Бусад гэнэтийн шаардлагаар гарч ирдэг зүйлүүд ч нилээд бий. Монгол орны 21 аймгийн 19 аймгаар нь яваад ирсэн. Энэ зун 12 аймгаар яваад ирсэн. Морь тайлбарлагч М.Оюунбаатар ахтайгаа тавдугаар сараас эхлээд хамгийн отгон наадам болох хүртэл л наадам үзэж, монгол хүн гэдгээрээ бахархаж явсаар байгаад л ирсэн. Миний бас нэг том хобби нь аялах юм. Аялал бол хамгийн сайхан мэдрэмжийг авч ирдэг зүйлүүдийн нэг л дээ. Багахан хэмжээний аялал ч гэсэн үнэ цэнтэй. Тухайн газрынх нь байгалийн сайхныг ганцхан мэдэрчихсэн байхад л хангалттай сайхан дурсамж үлддэг юм.
-Бага байхдаа хөдөө их явдаг байв уу?
-Би өөрөө унаган хотын хүүхэд. Аав маань Өвөрхангай аймгийнх. Ээж Увс аймгийн Давст суманд төрж өссөн. Жилдээ нэг удаа Увс аймаг руу явдаг.
-Цэрэгт заавал явна гэж ярьсан. Сүүлийн жилүүдэд залуус өөрсдийн хүслээр цэрэгт явах хандлага сэргэж байна гэж харагдах болсон. Өөрийн тань хувьд бас л тэдний нэг юм байна, тийм үү? Цэрэгт явахыг өөрөө зорьж, мөн ойрын төлөвлөгөөндөө оруулж байгаа шалтгаан нь юу вэ?
-Мэдээж хуулиар олгогдсон иргэний журамт үүрэг. Нөгөө талаараа бусдын адилаар нэг жилийг заавал алдах шаардлага байхгүй гэж бодож байгаа. Харин нэгэнт эхлүүлчихсэн байгаа зүйлийг дундаас тасалдуулаад явна гэдэг нь бас хэцүү. Тийм учраас сургуулиа төгсчихөөд цэргийн албаа хаана гэсэн бодолтой. Арван жилд байхдаа цэргийн тэмцээнүүдэд их явдаг байсан. Сургуулиудын дунд болдог тэмцээнд тасгийн захирагчаар явж байсан. Тэгэхдээ гурван сарын хугацаанд цэргийн анги дээр очиж байрлана. Ер нь чухамдаа тэмцээний ерөнхий чиг нь цэрэг хүний амьдралаар л юм явж байгаа юм.
-Сонирхолтой юм. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач.
-Тасгийн захирагч болохоор түүндээ тохирсон команд өгнө, бас бусдаас үүрэг авна. Саадын зурвас, бартаат зам, АКА угсаргаа, задалгаа, обо цув гээд л бүхий л зүйлийг нь хийж, хэрэглэж байсан. Тэгэхэд л их сонирхолтой санагдсан. Цэргийн амьдрал эхэндээ жаахан хэцүү. Дасахад тодорхой хугацаа шаардах л байх. Гэхдээ энэ ярилцлагын хугацаанд ч гэсэн байнга хэлээд байга зүйл нь эхлэл болгон амаргүй шүү дээ.Цэрэг гэдэг бол тэсвэр, тэвчээр шаардсан зүйл. Тийм ч учраас миний сонирхол тийш хөтлөгдөж байгаа байх.
-Чиний хувьд өөрийгөө бүх талаар сорьж, нээх, нээгдсэн байгаагаа хөгжүүлэх сонирхолтой вм байна. Тэгэхээр их сониуч байрын хүн байна уу даа?
-Өө яг тийм шүү дээ. Ер нь л хийж үзээгүй зүйлээ хийж үзэх, мэдэхгүйдээ жаахан ч гэсэн мэдэгдэхүүнтэй болох л эрмэлзэлтэй байдаг юм.
-Тэгвэл зөрүүд зан байгаа болов уу?
-Хааяа тийм зан гарна шүү. Гэхдээ нэг их зөрүүд зөн бол байхгүй. Зарим тохиолдолд өөрийн зөв гэдгийг эрт ойлгочихсон үедээ л жаахан зөрүүдлэх гээд байдаг юм.Өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байдаг гэх юм уу.\Инээв\
-Найз, нөхөрлөлийн тухайд яривал хэр зэрэг нөхөрсөг вэ? Энэ тухайд дэлгэрүүлвэл?
-Үнэхээр итгэсэн нөхөртөө бол ёстой л амьдралаа уйлан тоочно доо.
-Доторх зүйлээ уудалдаг төрлийн хүн үү. Эсвэл дотогш хураадаг хүмүүсийн нэг үү?
-Их сонсох дуртай. Дийлэнхд нь бусдыг сонсоно, цөөн хувьд нь ярьдаг. Харьцангуй эрт их өнөр хамт олонтой боллоо. Цаашилбал, маш том медиа группын нэг эд эс болж ажиллах болсон тэр үеээс одоог хүртэл суралцаж яваа зүйл нь юу вэ? Ер нь чухамдаа тухайн байгууллагын онцолмоор зүйл нь юу байдаг вэ?Манай байгууллага, миний хамт олон бүхэлдээ онцлог юм. Өөр өөрийн сурсан зүйлдээ гаршчихсан, өөрийн ажлаа тултал эзэмшчихсэн байна гэдэг л хангалттай.Тэд маань бүгд л тийм зарчмаар хөгжиж, дэвшиж яваа. Аль нэгэн зураглаач ах маань гэхэд л ямар ч камертай гаргууд сайн ажлаад сурчихсан, яаж өөрчилж байсан сурамгай ур чадварыг гаргаж байгаа нь ч гэсэн бахархах сэтгэл төрүүлдэг. Харин би тэр хүнээс ядаж камерынх нь ганц функцыг ч болов сураад авчих юмсан гэсэн чин эрмэлзэл төрдөг. Ингэж суралцах, хөгжих итгэлийг бадрааж байдаг нь энэ байгууллагын үнэ цэн юм болов уу. Тэгэхээр өөрийн тань хувьд нилээд сониуч, өөрийгөө бүх талаар нээх эрмэлзэлтэй юм байна. Бас нөгөө талаараа усдыг нээлттэй сонсдог, эелдэг чанар давамгай юм уу даа. Ер нь бол би өөрөө ч , бусад хүмүүс ч мөн тэгж л дүгнэдэг юм.
-Тэгвэл тусархуу чанар ч мөн их байдаг байх л даа?
-Боломж нь л байвал бусдад туслахыг л хичээдэг. Үгүй гэх үгийг барагтай л бол хэлэхийг хүсдэггүй.
-Оюутан болсон анхны жил ямар байсан бэ?
-Оюутны эхний жил ч бүх юм огцом өөрчлөгдчихсөн мэт л санагдаж байсан шүү. Буцаад л нэгдүгээр ангиасаа эхэлж байгаа юм шиг л байсан даа.
-Гэхдээ хөдөөнөөс хотыг зорьж байгаа оюутнуудтай харьцуулахад ядаж л төөрөхгүй биз?
-Тийм шүү. Ядаж л төөрөхгүй. Нээрэн ялгарах зүйл нь бараг л ганцхан тэр байсан юм болов уу. Гэхдээ сургууль дотроо бол яалт ч үгүй төөрсөн удаа байдаг. Лекц, семинарын хичээл маань хоёр өөр байранд ордог байсан юм. Тэгээд семинарынхаа танхимыг олохгүй явж байгаад бүтэн гурван сарын даараа орсон байдаг.Одоо бодоход мөн ч хөгжилтэй дурсамж шүү.\Инээв\ Оюутан болсон анхны жил чинь ийм л байлаа шүү дээ.
-Өнгөрсөн жил Их засаг сургуулиас гадагшаа суралцах тэтгэлэг авч байсан. Бас нилээн өрсөлдөөнтэй уралдаант хөтөлбөр шиг байсан. Энэ тухайгаа хуваалцаач.
-Тэнд 500-аад оюутан өрсөлдсөн.Эхлээд хэлний шалгалт өгч байсан. Дараагийн шатанд сонгосон хэлээрээ ярилцлагын шалгаруулалтад орно. Тэндээс шалгарсан хүүхдүүд өгөгдсөн хугацаанд өөрийнхөө чаддаг, мэддэг бүхнийг л хамж шимээд илтгэж байгаа юм.
-500 оюутан Солонгос хэлийг сонгож орсон л доо. Тэндээсээ эхний 62-т шалгарч, дараагийн шатыг мөн амжилттай даваад шилдэг 20 оюутны дотор багтсан. Тэгээд л тэндээс их зүйлд суралцсан даа. Хувь хүний хөгжил, маркетинг, борлуулагчийн ур чадвар гээд олон талын ур чадварыг шаардаж, тэр чиглэлүүдээр мөн хөгжих боломжийг олгож байсан.
Тухайлбал, Нэг бүтээгдэхүүн өгөөд л ямар ч үнээр зарж болно, хамгийн өндөр борлуулалттай баг нь бүтэн оноогоо авах зарчмаар өрсөлдөөн явагддаг байсан.
-Шалгаруулалтын хугацаанд хийж байсан даалгавраасаа хуваалцвал?
-Их сонирхолтой шүү дээ. Мобиком-ын багцыг сургуулиудаар борлуулж байлаа. Багцаа ахиулж болно гэж танилцуулгаа хийгээд л, шинэ дугаар борлуулаад л явж байлаа. Мөн зуданд нэрвэгдсэн айлуудад тусламж хүргэх ажлыг хийж байсан. Гол чиглэл нь гурав хоногийн хугацаанд оролцогчид өөрсдөө ивээн тэтгэгч олж явах чиглэлтэй байсан. Тэгээд бид Улаанбаатар гурил ХХК-тай холбогдоод 30 кг гурил, 100 кг хивэг авч явж байсан. Айлын хонины хороотой хашаатай тэнцсэн байсан цасыг хоёр багаараа уралдаж цэвэрлээд л, хэн хурдтай, чанартай гүйцэтгэсэнийг нь оноогоор урамшуулаад л , бүгд түүндээ их сонирхолтой л байсан.
-Ивээн тэтгэгч байгууллагатайгаа анх яаж холбогдож байсан бэ. Тухайн байгууллага мөн хэрхэн хүлээж авсан бол?
-Уулзсан хүн бүртээ л цагийн менежмент гаргахыг л хэлмээр байдаг. Алдсан ч харамсхааргүй зүйлээ хамгийн эхэнд тавих хэрэгтэй санагддаг. Учир нь хүн өглөө эрт унтдаг. Хойшлуулсан ч зүгээр гэсэн ажлаа хамгийн эрт тавьдаг. Энэ их сонирхолтой зарчим шүү. Уг нь хамгийн чухал зүйлээ хамгийн урд нь тавих ёстой баймаар. Гэтэл цагийн менежмент дээр бол арай өөрөөр явдаг.Хүний амьдралд бүтээсэн бүхэн дурсамж. Аялал, ажил, хобби гээд бүхий л зүйлүүд.
-Өөрийг тань бүх цаг үед хамгийн их дулаацуулдаг , одоо ч гэсэн тод бууж байгаа дурсамж нь юу вэ?
-Багадаа осолд ороод, гэмтэл авсаны дараа аав, ээжийнхээ намайг халамжилж байсан тэр үеийг огт мартдаггүй.
-Сургуульд арай ороогүй байсан юм. Цагаан сарын шинийн нэгэнд зам гарч явахдаа аваарт орчихсон. Энэ үеийг яагаад ярьж байна гэхээр сүүлд гэртээ их цэвэрлэгээ хийж байгаад шүүгээнийхээ араас нэг цаас олсон. Тухайн үед микро явдаг байсан үе л дээ. Яг тэгэхэд аав, ээж хоёр маань жижигхэн төлөвлөгөө гаргачихсан байсан. Одоогоос таван жилийн өмнө. Өглөө гэрээсээ хэдэн цагт гарахаа бичээд дараа нь микроны зардал, эм, хоолны мөнгө, нүүрсний үнэ, буцаж харих зардал гээд бүгдийг биччихсэн байсан. Тэрийг хараад аав ээж маань бидний төлөө бүхнээ зориулж байсныг мэдэрсэн. Өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн амьдралд шантарч үзээгүй.
Ээж маань оёдолчин мэргэжилтэй. Барилгын засал чимэглэлээр гуравдугаар зэрэгтэй. Одоо сургуульд ажиллаж байгаа. Анх долдугаар ангид байхдаа сургуулийнхаа захиралд ээжийгээ ажилд оруулах санал тавьж байсан.
-Тухайн үед яаж хүлээж авсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн авах боломжгүй гэж байсан л даа.Маргааш нь дахиж ороод манай ярьж, сонсдоггүй л болохоос ажилд сайн. Та итгээд ажилд аваад үзээч гэж хэлж байсан. Тэгэхэд сургуулийн маань нэг үйлчлэгч амралтаа авчихсан байсан. Тэгээд л тэр хүний оронд нэг сар ажиллах болсон. Цаашдаа үндсэн ажилтан болоод үлдсэн дээ. Тэрнээс хоёр жил орчмын дараа би сургуулийн шилдэг хүүхэд болж, ээж маань шилдэг ажилтан болж байсан. Манай гэр бүлийн хувьд мартагдахгүй сайхан дурсамж байсан. Тэгээд би төгсөөд явчихсан чинь манай дүү шилдэг хүүхэд болсон байсан. Чаддаг юмаа тултал хөгжүүлээд, чадахгүй сурах эрмэлзэлтэй байх их чухал санагддаг.
-Эндээс харахад бие даах чадвар нь багаас бий болсон байжээ? Тэгвэл гэр бүлээс чинь чамд суусан онцолмоор чадвар нь юу вэ?
-Их олон зүйл бий. Ээж маань эхлүүлсэн зүйлээ завсаргүй оролдож, хийж дуусгадаг тууштай чанартай. Аав маань хариуцлага алддаггүй. Өглөө эрт гарахаар төлөвлөсөн бол яг л цагтаа байж л байдаг. Тэр нь бүх зүйл дээр яг тийм. Орой орж ирэхдээ хоёр хүүхдийнхээ маргааш өдрийн хэрэглээнд зарцуулагдах мөнгө, гэрийнхээ хоол хүнс, ээжийн дуртай зүйлийг бүгдийг нь бариад л ороод ирнэ. Энэ нь айл гэрийн тэргүүн хүний хариуцлагаа ч мөн хэзээ ч алддаггүйн нэг жишээ юм л даа.
-Ээжийн дуртай зүйл гэсэн дээр асуухад эмэгтэй хүнийг хүндлэх талаас танд багаас бий болсон ухамсар гэвэл юуг тодотгох бол?
-Эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрч болохгүй. Үнэхээр байж болохгүй л дээ. Яахав, бухимдах, үзэл бодол зөрчилдөх тохиолдол байж болох ч гэсэн хүндлэх орон зай асар том байх ёстой.
-Шууд хэлэхэд тийм зүйлийг тэвчдэггүй.
-Магадгүй аав, ээж хоёрынх нь хоорондын хүндлэлийн орон зай асар том байх?
-Манай аав тайван үедээ их тайван. Хүн л юм чинь бухимдуу үедээ ч бухимдах тохиолдлууд ч бий. Харин гэрийн хамгийн том дарга чинь манай ээж л дээ.\Инээв\
-Хүүхэд нас, хүсэл зорилго, гэр бүл, аав ээж, ажил, сонирхол, амьдралын дурсамжит түүхүүдийнх нь талаар ярилцаж, маш олон гэгээлэг зүйлсийг сонссондоо таатай байна. Ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе.
-Хамгийн эрхэм дотны нэг, хоёр хүндээ л энэ үгийг хэлж байсан юм. Харин одоо хүн бүхэнтэй хуваалцмаар л санагдлаа.Өнөөдөр хэн нэгэнтэй танилцахын тулд нэг шинэ баг зүүгээд очиход хүмүүс яг тэр багаар нь цээчихвэл тэдэнтэй уулзах болгондоо буцаад нөгөө багаа зүүх шаардлага үүснэ. Тийм учраас хүнд өөрөөс өөр ямар ч дүр хэрэггүй юм гэдгийг л хэзээд санаж явах хэрэгтэй юм шиг. Ярилцлагынхаа зочноор намайг сонгон урьж, одоог хүртэлх бүх дурсамжуудаар маань хэсэгхэн хугацаанд хамтдаа аялж, сонирхолтой зүйлсийг уудлан хуваалцсанд талархлаа.
-Ярилцсанд баярлалаа.
Т.ЧУЛУУНЦЭЦЭГ
Сэтгэгдэл ( 4 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Яиар олон юм асуудгийн