Хятад гаралтай АНУ-ын уран гулгагч бүсгүй Алиса Лю энэ улирлын богино үзүүлбэрийнхээ аяыг сольж буйгаа албан ёсоор зарлалаа.
Түүний богино үзүүлбэрийн ая нь дуучин D4vd-ийн This Is How It Feels дууных байсан юм. Дуучин D4vd-гийн автомашины багаажинд 2024 оны тавдугаар сард сураггүй алга болсонд тооцогдсон 13 настай Селесте Ривасын цогцсыг мөчилж хийсэн байхыг олсоноор дуулиан дэгдсэн. Тиймээс 20 настай Алиса Лю үзүүлбэрийнхаа аяыг солихоор шийджээ.

“Саяхнаас би 25/26 оны улирлын богино үзүүлбэрийнхээ ажилд орсон. Гэвч сүүлийн үеийн мэдээллүүд дээр үндэслээд аяа солихоор шийдлээ. Ингэж байж өөрийн гэсэн үнэ цэнэт зүйлс, зарчмаа хадгалж үлдэж чадна” гэж 2025 оны Дэлхийн аварга Алиса Лю мэдэгджээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Бостонд болсон уран гулгалтын ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Алиса Лю түрүүлсэн юм. 2006 оноос хойш АНУ-ын эмэгтэй уран гулгагч ганцаарчилсан төрөлд түрүүлээгүй байлаа. Мөн Алиса Лю улсынхаа АШТ-д хоёрдугаар байр эзэлсэн тул 2026 онд Милан Кортинад болох Өвлийн олимпын наадамд оролцох магадлал маш өндөр болсон.

Алиса Люг хятад гаралтай. Түүний аав нь 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв талбайд болсон оюун залуусын бослогод оролцсон учир эх нутгаасаа дүрвэж, АНУ руу улстөрийн орогнолоор гарсан байна.
2021 онд Хятадын тусгайгийнхан байж болзошгүй хүмүүс АНУ-ын Олимпын Хорооны ажилтан гэж өөрийгөө танилцуулан паспортыг нь авах гэсэн оролдлого гарч байлаа. Үүнийг Алисагийн аав таамаглахдаа “Айлгаж, дуугүй байлгах гэсэн арга” гэжээ.

Алиса Люгийн хувьд ч Бээжингийн Өвлийн олимпын наадамд очиж оролцохоос айсан тул АНУ-ын зүгээс аюулгүй байдлыг нь хангах нэмэлт арга хэмжээ авна гэсэн баталгаа авч байж явуулж байжээ. Бээжингийн өвлийн олимпын наадамд зургаадугаар байр эзлээд, 2022 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэнийхээ дараа Алиса Лю тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа зарласан юм.

13 настайдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу аварга болж, 14 настайдаа улсын аваргаар дахин тодорсон тамирчин бүсгүй ийнхүү гурван жилийн өмнө замналаа өндөрлүүлсэн ч энэ жилийн эхээр эргэн мөсөн дээрээ гарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )