Усман Дембеле “Алтан бөмбөг” гардаад, нулимс унагалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

Францын алдарт France Football  сэтгүүл 1956 оноос эхлэн Шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг олгож эхэлсэн. Тэгвэл энэ удаад тус шагналыг Францын шигшээ болон “Парис Сэн-Жэрмэйн”-ий 28 настай тоглогч Усман Дембеле гардлаа.

 “Парис Сэн-Жэрмэйн”-д тоглож явсан домогт Роналдиньо шагналыг гардуулсан юм. Дембелетэй энэ шагналын төлөө тунаж үлдсэн хөлбөмбөгч нь Испанийн шигшээ болон “Барселона”-гийн 18 настай Ламин Ямаль байлаа. Ямаль гэхдээ хоосон буцаагүй. Раймон Копагийн нэрэмжит Шилдэг залуу хөлбөмбөгчийн шагналыг гардсан юм.

Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр Испанийн шигшээ болон “Барселона”-гийн Айтана Бонмати тодорлоо. 27 настай Айтана энэ шагналыг гурван жил дараалан хүртсэнээрээ Мишель Платини, Лионель Мессигийн амжилтыг давтлаа.

Шилдэг дасгалжуулагчаар “Парис Сэн-Жэрмэйн”-ийн Луис Энрике нэрлэгдлээ. Баг нь ёслолтой яг давхцаад Францын лигт “Марсель”-тай тоглож байсан тул Луис Энрике ирж чадсангүй. Луис Энрике мөн өөр нэгэн шагналтай мөн шууд холбоотой байлаа.

Хөлбөмбөгийн хүрээнийхнээс хүмүүнлэгийн үйлсэд хамгийн сайн ажилласныг тодруулдаг Бразилын алдарт хөлбөмбөгч Сократесийн нэрэмжит шагналыг Ксана санд Монакогийн гүнж Шарлен Уиттскок тайзнаа гарч ирэн гардуулсан юм.

Шагналыг Сира Мартинес буюу Луис Энрикегийн охин гардаж авсан. Ксана сан нь Луис Энрикегийн бяцхан охин Ксанагийн нэрээр нэрлэгдсэн юм. Ксана есөн настайдаа ясны хорт хавдраар нас барсан. Охиныхоо гэгээн дурсгалыг хүндэтгэж, хавдраар өвдөж, зовж буй Дэлхийн хүүхдүүдэд туслахаар энэ санг байгуулжээ.

Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар Английн шигшээгийн нидерланд дасгалжуулагч Сарина Вигман тодорлоо. Ёслолын хөтлөгчөөр ажилласан Нидерландын алдарт довтлогч Рууд Гуллит шагнал гардсаных нь дараа Сарина Вигманыг эх орондоо ирж, шигшээ багаа удирдахыг хүсэхэд “Үгүй ээ, би Англид үлдэнэ” гэж шулуухан хэллээ.

Мэдээж, ёслолын гол эзэн нь Усман Дембеле. Гэр бүлийнхээ 20 гишүүнийг дагуулан ирж, нүсэр десант буулгасан Ламин Ямаль түүний гол өрсөлдөгч байх болно гэдгийг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд хэлсээр байсан нь ёсоор боллоо.

Дембеле хэдхэн жилийн өмнө л байнга гэмтэж бэртдэгээсээ болоод “шилэн хөлт” хэмээн ад үзэгдэж, амаргүй байдалд орсон ч “Парис Сэн-Жэрмэйн”-д очсоноор замналаа сэргээж чадсан. Францын шигшээгийн найз Килиан Мбаппэ нь хэдэн сарын өмнөөс л “Энэ шагналыг Усман Дембеле гардах ёстой. Түүнийг бусдаас илүү ур чадвартай, өөр тоглогч гэдгийг би бүр багаасаа мэддэг байсан. Энэ улиралд тэр онцгой сайн байна” гэж хэлж байсан юм.

Харин тайзан дээр гарч, “Алтан бөмбөг”-ийг домогт Роналдиньогийн гараас гардсаныхаа дараа ч Дембеле итгэж чадахгүй, сэтгэл хөдөлсөндөө нулимс унагалаа. Тусалж дэмжсэн олон хүнд талархаж, хэцүү үетэй тулгарснаа цухасхан дурдахдаа хамгийн сүүлд нь нэгэн хүнд талархлаа илэрхийлье гэсэн юм.

“Хамгийн сүүлд би ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Ээж минь үргэлж миний дэргэд байж, хамгийн хэцүү үед ч түшиж, дэмжиж байсан. Таныхаа ачаар би өдий зэрэгт хүрсэн. Мөн аавдаа баярлалаа. Аав минь намайг “Алтан бөмбөг” гардана гэдэгт огт эргэлзээгүй. Амьдралын минь туршид урам зориг хайрласаар ирсэн. Найздаа бас баярлалаа. Сүүлийн 4, 5 жил хэцүү байхад дэргэд минь байж, үргэлж надад итгэж байсанд баярлалаа” хэмээн Усман Дембеле өгүүлсэн юм.

Францын хөлбөмбөгчдөөс өмнө нь “Алтан бөмбөг” шагналыг 1958 онд Раймон Копа, 1983,1984, 1985 онд Мишель Платини, 1991 онд Жан-Пьер Папен, 1998 онд Зинедин Зидан, 2022 онд Карим Бензема гардаж байлаа.

“Алтан бөмбөг” гардуулах ёслолын үеэр мөн Португалын хөлбөмбөгч агсан Диого Жота болон түүний төрсөн дүү Андре Силвагийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. Диого Жотатай 13 настайгаасаа найзалж, хуримаа хийснээс хойш ердөө 11 хоногийн дараа хайрт нөхрөө авто ослоор алдсан Руте Кардосог ёслолд урьж, хүндэтгэл үзүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top