
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргын сонгууль есдүгээр сарын 22-нд тус намын 900 мянга гаруй гишүүний санал хураалтаар эхэлж байна.
Аравдугаар сарын 4-нд ЛАН-аас сонгогдсон парламентын 295 депутат саналаа өгснөөр ялагч тодорно. ЛАН-ын шинэ дарга Японы Засгийн газрын дараагийн Ерөнхий сайдаар томилогдох хамгийн өндөр магадлалтай юм.
Японы ЛАН болон “Комэйто” намын эрх баригч эвсэл өнгөрсөн долоодугаар сарын 20-нд парламентын дээд танхимын сонгуулиар тус танхимд олонхын суудлаа алдсантай холбоотойгоор үүссэн улс төрийн тогтворгүй байдлын улмаас ЛАН-ын даргын сонгуулийг хугацаанаас өмнө явуулж байгаа юм. Энэ нь огцорч байгаа Шигэрү Ишиба-гийн хоёр дахь том ялагдал болсон байна. 2024 оны аравдугаар сард эрх баригч эвсэл парламентын доод танхимд мөн олонхын суудлаа алдсан билээ.
ЛАН-ын нөлөө бүхий хэд хэдэн зүтгэлтэн болон намын залуучуудын жигүүр Ишиба-г огцруулах санал гаргасан юм. Намын даргын сонгуульд Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаэ Такаичи, Хөдөө аж ахуйн сайд, ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү Шинзиро Коизүми, Засгийн газрын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаюки Кобаяши, ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Тошимицу Мотэги зэрэг таван нэр дэвшигч өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )