Японд хараар ажиллаж байгаа гаднынхныг илчилсний төлөө урамшуулал олгоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы Ибараки муж хууль бус гаднын ажилчдыг ажиллуулж байгаа компаниудын талаар мэдээлэл өгсөн хүнд мөнгөн урамшуулах олгох хөтөлбөр эхлүүлжээ.

Даваа гарагаас эхлэн онлайнаар мэдээлэл авч эхэлсэн байна. Ингэхдээ нэрээ нууцалсан мэдээллийг авч хэлэлцэхгүй ба ажил олгогчдод хариуцлага тооцоход хүргэх бодит мэдээлэл өгсөн хүнд 10 мянган иен буюу 64 ам.долларын урамшуулал олгохоор болжээ.

Түүнчлэн, гаднын ажилчдын талаарх мэдээллийг бус зөвхөн ажил олгогч, зуучлагчдын талаар мэдээллийг авах аж. Тус мужийн эрх баригчдын гаргасан журамд зааснаар, их чимээ гаргасан гаднын хөршүүд, хог хаях дүрэм зөрчсөн эсвэл нийтийн тээвэрт биеэ буруу авч явсан тухай гомдол хүлээн авахгүй болохыг анхааруулсан байна.

Энэхүү хөтөлбөр ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох зэрэг үйлдэл дэлгэрч болзошгүй гэж өмгөөлөгч Коичи Кодама анхааруулж байна.

Гэсэн хэдий ч мужийн эрх баригчид тус хөтөлбөр нь гаднын хувь иргэд бус зөвхөн ажил олгогчдын эсрэг чиглэсэн хэмээн мэдэгдэж байгаа юм. Тус муж нь 2022 оноос хойш хууль бус гаднын ажилчдын тоогоор тэргүүлж байна.

Мэдээлэгчийг урамшуулах систем тус улсад 1951 оноос хойш үйлчилсээр иржээ. Цагаачлалын алба хууль бус гаднын иргэдийг албадан гаргахад хүргэх мэдээлэлд 50 мянган иений урамшуулал олгодог хэдий ч сүүлийн дөрвөн жил ийм урамшуулал олгогдоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top