Испанийн шигшээ ДАШТ-д оролцохоос татгалзах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 19

Испанийн төрийн бодлогын дагуу Европын дуу хөгжмийн томоохон наадмын нэг Eurovision-д уран бүтээлчдээ оролцуулахаас татгалзсан.

Тэгвэл одоо ирэх жил болох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд шигшээ багаа мөн оролцуулахгүй, ажилт хаялт зарлаж магадгүй байгаа гэнэ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдэл хийхдээ “Украин руу түрэмгийлж эхэлмэгц нь ОХУ-ын шигшээ болон клубүүдийг тэмцээнд оролцохыг нь шууд хориглосон. Тэгсэн атлаа Газ руу одоо хүртэл дайрч, хоморголон хөнөөсөөр буй Израильд адилхан хориг тавихгүй байгаа юм бэ? Испанийн байр суурь маш товч, тодорхой. Энэ бүх аллага, дайн зогстол ОХУ-ыг ч, Израилийг ч олон улсын ямар ч тэмцээнд оролцуулахгүй байх ёстой” гэжээ.

 

 

2022 оны сүүлчээр ОХУ болон Белорусийн шигшээ баг клубүүдийг олон улсын тэмцээнд оролцуулахыг албан ёсоор хориглосон. Дараа нь энэ хоригоо бага зэрэг зөөлрүүлж, ОХУ, Белорусийн тамирчдыг улсынхаа нэр, төрийн далбаагүйгээр оролцохыг зөвшөөрсөн билээ.

Испанийн Конгрессийн гишүүн Пачи Лопес “Израилийн ард түмэн төр засгийнхаа шийдвэр, хийж буй бүхнийг анхаарч, хариу үйлдэл хийх хэрэгтэй. Анхааруулж, анхааруулга өгөхийн тулд Израилийн шигшээ болон клубүүдийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх ёстой. Бид ийм явдлыг зүгээр хараад сууж байж чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, хориг тавихгүй энэ чигээрээ үргэлжилбэл Испанийн тал шигшээ багаа хүртэл ДАШТ-д оролцуулахгүй байх замаар Дэлхий нийтийн анхаарлыг хандуулахаар шийдэж ч магадгүй байгаа тухай хэвлэлүүдээр бичиж эхэлжээ.

 

 

Израилийн шигшээ одоогоор ДАШТ-ийн Европын бүсийн урьдчилсан I хэсэгт 9 оноотой байна. Хэсгийг тэргүүлж буй Норвегийн шигшээгээс 6 оноо дутуу явна.

Хөлбөмбөгийн ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 19-нд Мексик, АНУ, Канадад болно. Түүхэндээ анх удаа ДАШТ-д 48 улсын шигшээ баг оролцох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top