Францын лигийн нэгдүгээр тойрогт “Ренн”-д 1:0-ээр хожигдсоны дараагаар “Марсель”-ийн хувцасны өрөөнд 30 настай Адриен Рабио, 22 настай Жонатан Роу нар муудалцаж, сүүлдээ зэрлэг гэмээр зодоон болжээ. Тамирчны ёс зүйг ноцтой зөрчсөн хоёр хөлбөмбөгчийг хоёуланг нь клубээс хөөсөн байна.
Тэгвэл Адриен Рабиогийн ээж хүүгээ өмөөрөн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Марсель”-д тоглож буй Мэйсон Гринвүдээр жишээ авч хавчуулаад амжжээ. Рабиогийн ээж хүүгийнхээ өмнөөс үргэлж хэл ам хийж явдгаараа зартайгаас гадна гэрээ хэлэлцээр хийхэд ч голлох үүрэг гүйцэтгэдэг.
“Хүүг минь багаас хөөсөн талаар сонсоод толгой руугаа цохиулчих шиг л санагдлаа. Ганцхан удаа муудалцсанаас болоод ингэж хөөнө гэж баймааргүй юм. Миний хүү “Марсель”-ийн төлөө маш ихийг хийсэн атал ингэж харилцана гэж бодсонгүй.
Адриен уурлахгүй байгаа, харин сэтгэлээр нэлээн унасан. Дасгалжуулагч Зерби болохоор миний хүүг “үзэхгүй” юм. Урвасан ч гэх шиг. Урвасан гэвэл миний хүүгээс л урвасан байх. Ийм болно чинээ төсөөлсөнгүй. “ПСЖ”-д болсон явдлыг би байж болох хамгийн таагүй нь гэж боддог байлаа. Гэвч алдаж байжээ. Одоо бүтэн улирал өнжих юм бол гамшиг болно” хэмээн Вероника Рабио өгүүлжээ.
Тэрбээр хүүгээ Парисын клубт байхдаа шоронд орсон мэт байсан гэж тодорхойлсон удаатай юм. Харин энэ удаад хүүгээ хамгаалахдаа Мэйсон Гринвүдийг “хавчуулаад” авчээ.

“Найз бүсгүйгээ зодсон Гринвүдтэй гэрээ байгуулахдаа Зерби “Залуу хүнд хоёрдахь боломж олгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгвэл яагаад миний муу ганц хүүд тэр хоёрдахь боломжийг олгож болохгүй байгаа юм бэ?” хэмээн мэдэгджээ.
“Марсель”-ийн ерөнхийлөгч ёс зүйн ноцтой зөрчсөн хөлбөмбөгчдөөс болж клуб хэцүү байдалд орсныг дурдаад хоёрдахь боломж олгох тухай ам нээсэнгүй.
Роу аль хэдийн Италийн “Болонья” руу явахаар зэхэж буй бол Рабио шинэ клуб хайж эхэллээ. Рабио өнгөрсөн улиралд “Марсель”-ийн төлөө 32 тоглолтод гарахдаа 10 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн юм. “Марсель” маргааш лигийнхээ хоёрдугаар тойргийн тоглолтоо хийх болно.

Сэтгэгдэл ( 0 )