Хатуудаж, хал үзэж, халагдаж үзсэн дасгалжуулагч Сакаэ Монголын чөлөөт бөхөд ирлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Японы төдийгүй Дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн дасгалжуулагч Казухито Сакаэ өчигдөр Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ирсэн тухай албан ёсны мэдээ түгсэн.

Сакаэ бол Олимпын 14 удаагийн аваргуудыг бэлдсэн аугаа дасгалжуулагч юм. Энэ жил 65 настай. Тэрбээр сүүлийн 25 жилийн турш Шигаккан их сургуулийн чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад өнгөрсөн хавар ажлаа өгсөн.
 


Түүнийг яагаад ажлаа өгөх болсон тухай сэтгүүлч асуухад “Би хангалттай ажиллалаа гэж бодож байна. Одоо залуу дасгалжуулагч нарт залгамж халаагаа өгөх болжээ” гэж хэлсэн юм.

Түүнийг Монголоос гадна БНХАУ, Өмнөд Солонгос дасгалжуулагчаар урьсан гэдэг. Тухайлбал, ёкозүна Асашёорюү, Хакүхо нар Монголд очиж ажиллахыг санал болгож, урьсан тухай яриа гарч байлаа.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл олимпын наадмын хөтөлбөрт 2004 онд анх удаагаа орсон. Сакаэгийн удирдлага дор домогт Каори Ичо, Саори Ёшида, Тосака Эри, Дошёо Сара, Каваи Рисако, Каваи Юүкако, Мүкаиди Маюү зэрэг тамирчид давхардсан тоогоор Олимпод 14 удаа түрүүлсэн.
 


“Амжилт гаргах гол үндэс бол тамирчдын хөдөлмөрлөх чадвар. Мөн бага сургуулиас их сургууль хүртэлх бэлтгэлийг зөв зохицуулж удирдах  юм” гэж Сакаэ ярьсан удаатай юм.

Түүний амьдрал дандаа дардан байгаагүй. 2018 онд Каори Ичотой зохисгүй харилцсан хэргийн улмаас Японы Чөлөөт Бөхийн Холбооноос халагдсан. Мөн тэр жил Их сургуулийн ахлах дасгалжуулагчийн ажлаас нь халсан. Гэвч дараа жил нь эргээд Их сургуулийнхаа ажилд орсон байдаг.

Каори Ичотой холбоотой асуудлын тухайд бол Японы Сайд нарын кабинетад болсон явдлын тухай захидал очсон гэдэг. Бөхийн Холбоонд биш шууд Сайд нарын кабинетад очсон тэрхүү захидлын дагуу хяналт шалгалт хийснээр дөрвөн удаагийн зохисгүй харилцсан байдлыг баталгаажуулж, улмаар ажлаас нь халсан юм.
 


“Би дахиж энэ алдаагаа хэзээ ч давтахгүй. Ичо болон түүний дасгалжуулагч Танабэгаас чин сэтгэлээсээ уучлалт гуйя” гэж хэвлэлийнхний өмнө гарч тухайн үед мэдэгдэл хийж байлаа.

Каори Ичогийн хувьд тэрхүү захидалтай өөрийгөө огт холбоогүй гэдгээ хэлж, зөвхөн чөлөөт бөхийн хөгжлийн төлөө, түгээн дэлгэрүүлэхийн төлөө сэтгэлтэй явдгаа дурдаад хэрвээ шаардлагатай болвол хэргийн талаар тайлбар хийнэ гэж мэдэгдсэн удаатай.
 


Каори Ичогийн тухай сонирхуулан мэдээлэхэд, Японы Чөлөөт бөхийн холбоо түүнийг Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны захирлаар нэр дэвшүүлэхээр болсноо саяхан зарласан байсан.

Харин Сакаэгийн хувьд “Би хатуу чанга байх нь чухал гэж боддог байсан. Олон ч зүйл болсон. Үйл ойлголцол ч үүссэн тал бий” гэж тухайн болсон явдлын талаар хожим ярьсан  юм.
 


Казухито Сакаэ 1960 оны зургаадугаар сарын 19-нд Японы Кагошима мужийн Амами хотод төрсөн. Залуудаа чөлөөт бөх болон сонгомол бөхийн тамирчин байсан. 1986 оны Азийн наадмын мөнгөн медальт, 1983, 1989 оны Азийн аварга, 1987 оны Дэлхийн аваргын хүрэл медальтай. Мөн 1983 онд сонгомол бөхөөр Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. 1988 оны Сөүлийн олимпын наадамд оролцож, дөрөвдүгээр тойрогт ялагдсан.

1990 оноос эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2004 онд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон.
 


“Заримдаа би дэндүү хатууддаг байсан байх. Гэвч тамирчид маань амжилтад хүрсэн учраас би тэдэндээ талархаж явдаг” гэж хэлж байлаа.

Монголын шигшээ багийн тамирчид өнгөрсөн Парисын олимпын наадмаар нэг ч медаль хүртэж чадаагүй. Тэгвэл Японы эмэгтэй чөлөөт бөхийг Дэлхийн оргилд гаргаж, Үндэсний баялаг гэж нэрлэгдэх хэмжээнд хүргэсэн аугаа дасгалжуулагч ирснээр манай тамирчдын амжилт ахих болтугай.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.86.212) 2025 оны 07 сарын 25

ашгүй ингэж сэлбэх нь зөв байсын. цус ойртоод амжилт гаргахаа байсан чөлөөт

0  |  0
Зочин(202.9.46.133) 2025 оны 07 сарын 24

Удахгүй явна биз

0  |  0
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 24

Хэрүүлдээ идэгдээд тамын тогооны үлгэрийн сонгодог жишээ болчихсон газар ш дээ энэ МЧБХ, өтсөн толгойгоо янзлаагүй цагт бурхан өрөө ирээд дасгалжуулсан ч олигтой юм болохгүй ээ, энэ япон манайхны хэрүүлээс залхаад нэг их удахгүй больё гээд явна доо

0  |  0
Марташгүй(103.229.123.188) 2025 оны 07 сарын 25

За дараагиин олимпод монгол охид чөлөөт бөхөөр базах нь дээ

2  |  0
Close menu