Дэлхийд сүүлийн жилүүдэд хамгийн хурдтай түгэн дэлгэрч буй спорт бол падел теннис юм. 2024 онд л гэхэд шинээр 3284 клуб бий болсноос гадна 7187 талбай шинээр байгуулж, нийтдээ 50 000 гаруй талбайтай болоод байгаа юм. Хэрвээ энэ хурдацаа алдахгүй бол 2027 он гэхэд Дэлхий даяар падел теннисийн 81 мянга гаруй талбайтай болохоор байна.
Падел теннисийг ихэвчлэн хосоор тоглодог. Зөвхөн хурд хүчээр ааглахгүй стратеги, тактикийн тоглолтоороо олны сонирхлыг татаад байгаа юм. Өрсөлдөгчийнхөө байрлал, цаашид тоглолт хэрхэн өрнөж болох тухай төсөөлөл мэдрэмж, тактик, цохилтын онч, багийн тоглолтын ур чадвар дээр талбайн теннисний цэвэрхэн чанар нэмэгдэхээр энэ спортыг илүү сайхан болгодог. Мөн талбайн хэмжээ харьцангуй жижигтэй тул хаана л бол хаана байгуулж болохоороо давуу талтай юм.
Рожер Федерер, Криштиано Роналдо, Лионель Месси нарын зэрэг спортын одод өөрийн гэсэн баг хүртэл байгуулж, тэмцээн уралдаанд оролцуулж эхэлсэн. Роналдо л гэхэд Лиссабонд падел теннисийн маш том байгууламжтай болсон байна.
Олон Улсын Олимпын Хороо 2019 онд падел теннисийг хүлээн зөвшөөрч, спортын төрлөөр бүртгэн авчээ.
Энэ спортыг түүхийг сөхвөл 1969 онд Мексикийн саятан Энрикэ Коркер гэр бүлийнхээ хамт Акапулькод шилжин суурьшжээ. Эхнэр Вивиан нь теннист их дуртай. Гэвч хавь ойрд нь теннисний талбай байгуулчихаар том газар байгаагүй тул 20х10 метрийн хэмжээтэй, хагардаггүй зузаан шилэн ханатай теннисийн жижигталбай байгуулж, тэндээ тоглох болсноор эх үндсийг нь тавьжээ.
1974 онд Испанийн хөрөнгө оруулагч Альфонсо де Гогенлоэ тэднийд зочлохдоо жижиг талбайтай тоглоомыг ихэд олзуурхан, гэртээ хариад хоёр тийм талбай байгуулсан байна. Ингэж падел теннис олны хүртээл болох зам нээгджээ.
Сэтгэгдэл ( 0 )