Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд эхэлсэн. Эхний том сенсацийг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Данийн шигшээ баг тарилаа.
Тэд Сидни Кросбигоор ахлуулсан Канадын хүчтэй багийг 2:1-ээр хожиж, түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт гарсан юм.
Харин Канадын шигшээ баг 2014 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий шөвгийн дөрөвт шалгарч чадалгүй, хасагдлаа.
Данийн хаалгач Фредерик Дичоу энэ тоглолтод 40 цохилтоос 39-ийг амжилттай хаасан байна. Өөрөөр хэлбэл, нийт цохилтын 97.5 хувийг хаасан нь шигшээ багаа шөвгийн дөрөвт шалгарахад их нэмэр болжээ. Шөвгийн дөрөвт Данийн шигшээ Швейцарьтай тоглох болно.
Тоглолтын дараагаар Сидни Кросби “Сэтгэл их гонсгор байна. Уг нь бид тэмцээний явцад багийнхаа тоглолтыг сайжруулсан. Гэвч өнөөдөр сайн тоглож чадсангүй. Шайб хэд хэдэн удаа хаалганы өмнө ойсон ч нэмж чадалгүй алдлаа” гэжээ.
Тоглолт өндөрлөхөс 49 секундын өмнө хожлын гоолыг оруулсан Данийн Ник Олесен “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Итгэмээргүй юм аа. Тоглолтын турш биднийг гайхамшигтай сайхан хөгжөөн дэмжсэний л ач байх. Ингэж хожно гэдэг галзуурмаар санагддаг юм байна” хэмээн өгүүлжээ.
Данийн шигшээ 0:1-ээр хожигдож яваад гуравдугаар үе өндөрлөхөөс 2:17 минутын өмнө тэнцүүлсэн бол дараа нь Олесен минут хүрэхгүй хугацаа үлдээд байхад хожлын гоолыг оруулж, цугласан олон үзэгчдийнхээ магнайг тэнийлгэсэн.
Дэлхийн 28 удаагийн аварга Канадын шигшээ ийнхүү сүүлийн хоёр ДАШТ дараалан медальгүй буцаж байна. 10 жилийн дараагаар Канадын шигшээгээ ахлан Натан Маккинноны хамт ДАШТ-д ирсэн Сидни Кросби медальгүй буцлаа.
Сэтгэгдэл ( 0 )