АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний засаг захиргаа маш том арга хэмжээнүүдийг авч байгаа талаар мэдэгдэж, ойрын хугацаанд “шилжилтийн үе” буюу “тогтворгүй байдал” үүсэж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ долоо хоногт Fox News-ийн нэвтрүүлгээр цацагдсан ярилцлагын үеэр Трампаас эдийн засгийн уналт болох магадлалын талаар асуухад тэрээр Мариа Бартиромод “Би иймэрхүү зүйлийг таамаглах дургүй” гэж хариулжээ. Сүүлийн долоо хоногт эдийн засгийн ноцтой уналтын айдас нэмэгдэж, даваа гарагт хөрөнгийн зах зээл Трампын мэдэгдлээс үүдэн огцом уналтад орж, тарифууд АНУ-ын эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх тухай болгоомжлол улам нэмэгдсэн байна. Гэхдээ энэ эдийн засгийн уналтын айдас бодитой юу? Өмнөх түүх болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад дараах мэдээлэл бидэнд хариулт өгөх боломжтой.
Эдийн засгийн уналт гэж юу вэ?
АНУ-ын эдийн засгийн уналтын албан ёсны тодорхойлолт нь “эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан, хэдэн сараас дээш хугацаанд үргэлжлэх ноцтой уналт” гэж тайлбарласан байдаг. Үүнийг АНУ-ын эдийн засгийн мөчлөгийн өөрчлөлтийг судалдаг Үндэсний Эдийн Засгийн Судалгааны Товчоо (ҮЭЗСТ) гаргадаг бөгөөд уг байгууллагын Бизнесийн мөчлөгийг тодорхойлох хороо нь эдийн засгийн оргил, уналт, өргөжилт, агшилт, мөн албан ёсны эдийн засгийн уналтын нөхцөлийг тодорхойлдог. Тус хороо нь эдийн засгийн уналтыг тогтоохдоо 3 "D"-ийн зарчим гэгдэх дараах гурван гол шалгуурыг ашигладаг.
Гэхдээ энэ тодорхойлолт тодорхой хэмжээгээр уян хатан байдаг. Эдгээр шалгуурууд тус бүр хангалттай хэмжээнд нийцэх ёстой боловч нэг нь хэт хүчтэй илэрсэн тохиолдолд бусад сул нөхцөлийг нөхөх боломжтой байдаг. Мөн ҮЭЗСТ -ын шийдвэр ихэнх тохиолдолд эдийн засаг аль хэдийн уналтад орсон хойно гардаг тул бодит байдалтайгаа бага зэрэг хоцорч ирдэг.
Эдийн засгийн уналтыг илтгэх бусад үзүүлэлтүүд
Зарим эдийн засгийн шинжээчид албан ёсны тодорхойлолтоос гадна өөр бусад болзошгүй уналтын үзүүлэлтүүдийг ашигладаг. Гэхдээ тэдгээр нь үргэлж үнэн байдаггүй. Эдийн засгийн уналтын хамгийн нийтлэг албан бус үзүүлэлт бол:
• ДНБ-ий бодит хэмжээгээр хоёр улирал дараалан буурах үзэгдэл юм.
EY Parthenon-ийн ерөнхий эдийн засагч Грегори Дако энэ талаар ярихдаа “Бид энэ тодорхойлолтыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй” хэмээн онцолжээ. Учир нь ДНБ-ий агшилт олон хүчин зүйлээс шалтгаалж болох бөгөөд үүний нэг жишээ нь импортын огцом өсөлт байж болно. АНУ-ын Атланта хотын Холбооны Нөөцийн Банкны урьдчилсан тооцооллоор 2024 оны эхний улиралд ДНБ жилийн дундаж хэмжээгээр 2.4 хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2022 оноос хойших анхны улирлын уналт болж болзошгүй юм. Сүүлийн саруудад импортын хэмжээ нэмэгдэж, худалдааны алдагдал өссөн нь Трампын засаг захиргаанаас тавьж болзошгүй татвар, тарифын өмнөх худалдан авалтын өсөлттэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ энэ үзүүлэлт үргэлж найдвартай байгаагүй. 2022 оны эхний хагаст АНУ хоёр улирал дараалан ДНБ-ий агшилттай байсан ч хоёрдугаар улиралд өсөлтөд шилжсэн. Энэ нь тухайн үед эдийн засаг коронавируст цар тахлын улмаас үүссэн огцом уналтаас гарч, шинэ тэнцвэрээ олох үе шатанд байсан тул үүнийг шууд эдийн засгийн уналт гэж үзэх нь эргэлзээтэй гэсэн үг юм.
Тэгвэл жинхэнэ эдийн засгийн уналт гэж юуг хэлэх вэ?
NBER-ийн хороо гурван "D"-ийн зарчмаар (Гүнзгийрэл, Тархалт, Үргэлжлэх хугацаа) эдийн засгийн уналтыг тодорхойлдог бол эдийн засагч Грегори Дако "Гурван P"-ийн (Profound, Pervasive, Persistent) дүрэм баримталдаг.
Түүний тайлбарласнаар:
Дако мөн Ковид-19 цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн уналт нь онцгой тохиолдол байсан гэж үзжээ. Учир нь цар тахлын нөлөө маш гүнзгий (Profound), маш өргөн цар хүрээтэй (Pervasive) байсан ч маш богино хугацаанд биш (Persistent) дууссан юм. Тиймээс эдийн засгийн уналтын жинхэнэ хэмжүүр нь зөвхөн ДНБ-ий агшилт биш, харин урт хугацаанд үргэлжилсэн, олон салбарт нөлөөлсөн, гүнзгий уналт байх ёстой. Одоогийн байдлаар АНУ эдийн засгийн тодорхой сарын уналттай тулгарч магадгүй ч жижиг хэлбэлзэл нь хямрал болохгүй. Гэхдээ худалдааны бодлого, зах зээлийн тогтворгүй байдал цаашид хэрхэн өрнөхөөс бүх зүйл хамаарах юм.
Одоо эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Уналт ойртож байна уу?
Сүүлийн долоо хоногуудад эдийн засгийн сэрэмжлүүлгийн дохио улам бүр нэмэгдэж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас эдийн засгийн гол салбаруудад өргөн хүрээтэй бодлогын өөрчлөлтүүд хийх болсноор тодорхойгүй байдал нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлж байна. Ажилгүйдэл өсөх хандлагатай байгаа бол инфляц өнгөрсөн сард дахин хурдацтай нэмэгдэж, хэрэглээний үнийн өсөлт 2023 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Мөн хэрэглэгчдийн итгэл үнэмшил энэ оны хоёрдугаар сард мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй байна. "Одоогоор АНУ ойрын хугацаанд эдийн засгийн хямралд орох шууд дохио харагдахгүй байгаа ч хувийн хэвшлийн үйл ажиллагаа саарч байгааг анзаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээлийн өсөлтийн хурд саарч, хэрэглэгчид мөнгөө болгоомжтой зарцуулж, бизнесүүд хүлээлтийн байдалд орж байна. Үүнээс гадна худалдааны бодлого зэрэг хэрэгжиж буй зарим шинэ бодлого тодорхойгүй байдал үүсгэж, эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна" хэмээн EY Parthenon компанийн ахлах эдийн засагч Грегори Дако онцолжээ. Тиймээс энэ үед илүү болгоомжтой байх олон шалтгаан байгааг мөн Дако дурдсан байна байна. “Эдийн засаг сүүлийн хоёр жилд хүчтэй өсөлт үзүүлсэн тул бид ойрын хугацаанд хямрал нүүрлэнэ гэж санаа зовох шаардлагагүй. Орон даяар орлогын өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглэгчдийн худалдан авалт хүчтэй байлаа. Гэсэн хэдий ч, хэрэв худалдаа, цагаачлалын бодлогын хязгаарлалтууд болон тодорхойгүй байдал 2025 он дамнан үргэлжилбэл эдийн засгийн идэвхжил илүү удаашрах эрсдэлтэй бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлд дарамт учруулж болзошгүй” гэжээ.
Хэрэглэгчдийн худалдан авалт бол эдийн засгийн тогтвортой байдлын гол үзүүлэлт
Ойрын саруудад ажиглах хамгийн чухал үзүүлэлт бол Америкчуудын санхүүгийн нөхцөл байдал байх болно. "Хэрэглэгчдийн худалдан авалт бол АНУ-ын эдийн засгийн гол тулгуур багана. Хэрэв энэ багана ганхвал эдийн засгийн үндсэн суурь ганхаж, хямрал үүсэх эрсдэлтэй. Одоогоор хэрэглэгчдийн худалдан авалтын түвшин ноцтой түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд хүрээгүй байгаа ч өндөр орлоготой иргэдийн зарцуулалт эдийн засгийг тогтвортой байлгаж байна. Хэрэв энэ бүлгийн хүмүүс зарцуулалтаа танах эсвэл итгэл үнэмшил нь сулрах юм бол энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл болно" гэж Дако хэлжээ.
Трампын тарифын бодлого тодорхойгүй байдал үүсгэж байна
Одоогийн байдлаар Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй тарифын бодлого нь бизнес, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд АНУ-ын гурван томоохон худалдааны түнш болох Канад, Хятад, Мексикийн эсрэг өндөр тариф ногдуулсан нь үнийн өсөлтийн болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Трамп Канад, Мексикээс импортолж буй зарим бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулж буй шалтгаанаа цагаачлал болон мансууруулах бодисын хууль бус наймаатай холбоотой бодлоготой холбон тайлбарласан. Өнгөрсөн долоо хоногт тэрээр зарим өндөр тарифыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж, дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжүүлэхээр товложээ. "Одоогийн нөхцөл байдал нь бодлогын тодорхойгүй байдал, бодлогын зорилго тодорхой бус байх, бодлого урт хугацаандаа хэрхэн тогтворжих нь тодорхойгүй байх гэсэн гурван хүчин зүйлээс үүдэлтэй" гэж Дако онцолжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 0 )