-Манай ААН, иргэд 41 төрлийн албан татвар төлдөг-
УИХ-д аливаа хуулийн төсөл өргөн барихад ямар ч саадгүй хурдан шуурхай батлагдаж л байдаг. Төр өөртөө хэрэгтэй гэсэн хуулийг өдөрт нь хэлэлцэж өдөрт нь багтаан баталдаг. Тэр ч бүү хэл аливаа тэмдэглэлт баярын үеэр өөрсдөдөө хэрэгтэй хуулийг бэлдэж байгаад хормын төдийд батлаад гаргаж байсан түүхтэй парламент ч байгаа. Гагцхүү татварын тухай хууль гэхээр л хойш сууж ирсэн түүхтэй. Харин энэ удаад “Татварын хуулийн шинэчлэл” нэрийн дор ажлын хэсэг байгуулан, дөрвөн ч удаа хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Манай бизнесийнхэн “Олон төрлийн татвар байгаагаас гадна хэтэрхий өндөр байна. Бизнес хийх боломжгүй болсон” хэмээн нэгэн дуугаар хэлдэг.
Төр бол “Татвар буй дор төр оршино” гэсэн зарчмын дагуу ямар ч төрлийн татварыг өндөрт барьж ирсэн түүхтэй. Тийм байж татвараас бүрдсэн орлогыг халамжийн хэлбэрээр тарааж, төр, нийгмээ эмхэлж ирсэн ийм л хямдхан зохион байгуулалттай оршиж байна гэхэд болно. Тэр тусмаа орд газраа ухна, гадныханд өгөх зэрэг асуудлыг УИХ-аар ухасхийн шийдэж байгаа хэрнээ татварын хууль гэхээр хойш сууж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 36 мянган иргэн, 52 мянган аж ахуйн нэгжээс 120 гаруй мянган санал ирүүлээд байгаа аж. Уг саналд татварын шатлалын хувь хэмжээг бууруулахыг илүүтэй тусгасан бөгөөд Сангийн яамнаас одоо хэрэгжиж буй хөнгөлөлт, чөлөөлөлтөд дүн шинжилгээ хийж, оновчтой, хүртээмжтэй болгоход чиглүүлэх, татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй, зайлсхийдэг иргэдийг хамруулахад анхаарах бодлогыг баримтлах юм байна. Тэд төлөхгүй гээгүй. Гагцхүү оновчтой тал талын хүртээмжтэй, хэн нэгнийг хохироохгүй байх талд л анхаарч байгаа.
Энэ оны байдлаар татварын байгууллагад 2.505.854 татвар төлөгч бүртгэлтэй байдгаас Монгол Улсын иргэн 2.464.854, гадаад иргэн 41.000 байна. Татвар төлөгчийн тоо 2014-2019 онд 126.6, 2019-2023 онд 19.2, 2023-2024 онд 8.6 хувиар тус тус өссөн гэдгийг салбар байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд 2023 оны байдлаар 5.193.644 иргэн хамрагджээ. Чөлөөлөлт гэдэг нь татвар ногдох орлогоос нь чөлөөлдөг тул чөлөөлөгдсөн орлогын дүн 445,4 тэрбум төгрөг болжээ. Харин 2023 оны жилийн эцсээр 1.033.396 иргэн хөнгөлөлтөд хамрагдаж, 194.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Мэдээж хэрэг, татвар төлөгчдийн зүгээс янз бүрийн хууль бус асуудал олон гарна. Жижиг бага гэхгүй асуудал байнаг үүсдэг. Тухайлбал, зарим иргэдийн зүгээс “би байраа түрээслээгүй, хамаатан садангийн хүн сууж байгаа” гэсэн тайлбаруудыг ихэд ирүүлдэг тул орон сууц түрээслэгчдийг татварт хамруулахад хүндрэл үүсдэг тухай албаны хүний үг ч бий. Татварын байгууллагаас хоёроос дээш орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, үл хөдлөх хөрөнгийн татварыг ногдуулах ажлыг хийж байгаа аж. Мөн хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан иргэдийг татварын хөнгөлөлтөд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг татвараас чөлөөлдөг хүрээг тэлэх асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын газрынхантай уулзалт хийж, санал солилцож байна. Мөнхүү хялбаршуулсан горим буюу орлогоос үл хамааран нэг хувийн татвар төлөх зохицуулалтын цаад агуулга нь хувиараа бизнес эрхлэгчдийг и-баримт систем рүү хандуулахад чиглэсэн аж. Энэ бол өдгөө төрөөс татварын тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Том агуулгаараа бол хууль эрх зүйн хүрээнд томоохон шинэчлэл хэрэгтэй болсныг харуулна. Татварын хуулийн шинэчлэлд МҮХАҮТ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс авсан нийт 178 багц саналыг тусгайлан хүргүүлсэн байна. Угтаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр өсч, ДНБ-ний 80 орчим хувь, татварын орлогын 70 хувийг бүрдүүлж, ажлын байрны 81 хувийг бий болгож байгааг мартаж болохгүй. Тэгвэл MYXAYT-аас явуулсан нэгэн судалгааг харъя. Тэдний 5000 орчим бизнес эрхлэгчийг хамруулан явуулсан "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны үр дүнгээс үзэхэд, татварын орчин нь 2020 оноос хойш 0.12 нэгж буюу таван хувиар буурч, 2.50 оноогоор дундаас доогуур үнэлэгдсэн нь бизнес эрхлэхэд татварын орчны асуудлууд байсаар байгааг илэрхийлж байгаа хэрэг. Харин 2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр өссөн байдалтай харагдаж байгаа нь ч нэгийг хэлнэ. Энэ орлогын 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн Даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого гэсэн үг. Үүнээс гадна манай аж ахуй нэгж, иргэд 41 төрлийн албан татвар төлдгөөс 70 гаруй хувийг аж ахуй нэгжийн албан татвар эзэлж байна. Зөвхөн 2023 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татвар нийт татварын орлогын 29 хувийг бүрдүүлсэн байдаг. Далд эдийн засгийн судалгаагаар Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ДНБ-ний 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг оршин тогтнож байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэж тооцоолсон. Далд эдийн засгийн хэмжээ өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Тиймээс, далд эдийн засгийг бууруулах, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчдийг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг.
БИЗНЕС ЭРХЛЭГЧ, АЖ АХУНЙ НЭГЖҮҮДЭЭС ИРСЭН САНАЛ
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх.
2. Татвар ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх.
3. ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсхүл босгыг өндөрсгөх,
4. Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх.
5. Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговроос НДШ суутгаж байгааг өөрчлөх
6. Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох,
7. Олон улсын татварын харилцаатай холбоотой зохицуулалтуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх
8. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгөд татвар ногдуулах
9. Ажил олгогчийн төлөх шимтгэлийн суурийг хязгаартай болгох
10. Ногдол ашиг хуваарилан шилжүүлж буй шатлал бүр дээр ногдол ашгийн орлогын албан татварыг давхардуулж оногдуулж байгааг өөрчлөх гэх мэт зүйлийг санал болгоод байна.
НӨАТ-ЫН 10 ХУВИЙГ ТАВ БОЛГОН БУУРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХАА ЯВНА
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг тав болгон бууруулах хуулийн төсөл одоо ямар шатанд явна. Ингэхэд хэлэлцэх үү, үгүй юу. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулна гэж заасан байдаг. Энэ татвар манай улсад маш өндөр байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдийг зах зээлээс хумих бодлого гэж үздэг.
Тиймээс НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах зайлшгүй шаардлагатай. Бас НӨАТ-ын сугалаа явуулахаа болих хэрэгтэй. Үүнийг шударга бус гэж үздэг. Тоо чухал биш хамгийн гол нь үүний цаана хуулийн цоорхой үүсдэг. НӨАТ 10 хувь, НДШ 14 хувь, ААНОАТ 10 хувь, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Авна.нэмнэ торгоно гхээс өөр юмгүй