Д.Трампын бодлого бусдыг ч, өөрсдийгөө ч хорлож мэднэ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2025 оны 02 сарын 06

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд очсон эхний өдрөө Европын холбооны импортод нэмэгдэл татвар ногдуулахаар төлөвлөснөө зарласан. Энэ алхам нь АНУ-ын хилээр нэвтэрсэн олон тооны бичиг баримтгүй цагаач болон худалдааны алдагдлаа багасгах зорилготой гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр 10 хувийн татвар ногдуулахаар тэрбээр төлөвлөсөн байв.Үүнийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролине Левитт "Ерөнхийлөгч хэлсэн амлалтдаа хүрч, биелүүлж байна" хэмээн тэмдэглэсэн. Тэгвэл Д.Трамп өнгөрсөн даваа гарагт Мексик, Канадын удирдагчидтай ярилцсаны дараа хэдхэн цагийн дараагаас хэрэгжиж эхлэх байсан дээрх улсуудад шинээр тавьсан гаалийн татварыг түр зогсоож байгаагаа зарласан. Мөн Хятад улстай удахгүй хэлэлцээ хийхээ мэдэгдсэн.

Д.Трампын зүгээс өөрийн улсын зах зээлийг хамгаалах, татварыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээ хүчирхэгжүүлэх, үүний тулд импортоор орж ирэх бараан дээр өндөр татвар ногдуулах бодлого баримтлахаа мэдэгдсэн нь сонгуульд ялахад нь нөлөөлсөн. Гэвч том зургаараа бол түүний энэ шийдвэрээс дэлхийн эдийн засагт дахиад сорилт үүсгэх вий гэсэн болгоомжлол бүх улс оронд бий болж буй юм. “Нэг үхрийн эвэр доргивол...” гэгчээр гуравдагч хөршийн маань дээрх бодлогын алсуур сүүдэр нь Монголд ямар нэг байдлаар тусах нь мэдээж. Тэр нь гүнзгий байх уу, гүехэн байх уу. Аль нь болохыг манай улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, төсвийн оновчтой зохицуулалтаас хамаарах нь ойлгомжтой.  Гэхдээ манайх шиг жижиг эдийн засагтай оронд сайн юм авчрахгүй. Хэдийгээр Д.Трамп шийдвэрээ түр хойшлуулаад байгаа ч нэг л өдөр хэлснээ хийвэл яах вэ. Иймд дээрх явдал нь улс орнууд дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол болохгүй гэсэн сануулга юм.

"Truth Social"-д бичсэнээр Д.Трамп Мексикээс АНУ-ыг чиглэн ирж буй цагаачдын цувааг дурдаж, хар тамхи, цагаачдыг зогсоох хүртэл Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна.Мансууруулах бодис, ялангуяа Фентанил болон бүх хууль бус хүмүүс манай улс руу довтлохыг зогсоох хүртэл энэ тариф хүчинтэй байх болно. Хятад улс фентанилын наймаачдад цаазаар авах ял оноох амлалтаа биелүүлээгүйн улмаас АНУ руу Мексикээр дамжин урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр мансууруулах бодис орж ирж байна. Үүнийг зогсоох хүртэл бид Хятадаас АНУ-д нийлүүлж буй бүх бүтээгдэхүүнээс 10 хувийн нэмэлт татвар авна" гэж мэдэгдээд байсан. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай нөхөрсөг яриа өрнүүлсний үр дүнд шийдвэрээ түр зогсоосон.

Хэрэв Д.Трамп хэлснээ хэрэгжүүлбэл, Америк, Хятадын худалдаа, эдийн засаг ямар байх нь Монголын эдийн засагт нөлөөлнө. Яагаад гэвэл, Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувь нь БНХАУ-тай хамааралтай. Экспортын 90 гаруй хувь нь урд хөрш рүү хийгддэг. Европын зах зээл дээр өрсөлдөөн ширүүсч, Хятадын эдийн засаг хумигдах тийш хандвал манай улсын эдийн засагт бүр ч сөргөөр нөлөөлнө.

Нөгөөтэйгүүр Д.Трампын шийдвэр ч хоёр талтай бөгөөд өөрсдөд нь халтайгаар тусаж мэднэ. Эдийн засагч, ажиглаач, судлаачид үүнийг “Америкчууд өөрсдөө шинэ татварынхаа төлөөсийг төлж болзошгүй” гэжээ. Тэдний үзэж байгаагаар, хэрэв Хойд Америкийн тарифууд хэрэгжвэл, Канад болон Мексикийн эдийн засгийг хурдан хугацаанд уналтад оруулах ч, АНУ-ын хэрэглэгчдийн хувьд автомашин, шатахуун, модон материал болон бусад импортын барааны үнийг нэмэгдүүлэх магадлалтай. Тухайлбал, Dow Jones индекс нээлтийн дуудлагаар ойролцоогоор 600 пункт унасан ч, Мексиктэй байгуулсан хэлэлцээрийн мэдээ нь хөрөнгийн зах зээлийг сэргэлтийн ирмэгт авчирчээ.

Мөн The Wall Street Journal сонин амралтын өдрийн "Түүхэн дэх хамгийн тэнэг худалдааны дайн" гэсэн гарчигтай нийтлэлдээ Д.Трампын тарифын бодлогыг хүчтэй шүүмжилсэн.Түүнчлэн Айова мужийн Бүгд Найрамдах намын сенатор Чак Грассли Мексикт ногдуулаад байсан тарифыг түр зогсоосныг дэмжиж, Айова мужийн фермерүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцлоод, Канадаас ихэнх бордоогоо нийлүүлдэг учир калийн бордоог тарифын ангиллаас гаргахыг Д.Трампад уриалжээ. Мэн мужийн сенатор Сюзан Коллинз ч мөн адил Канад улсад ногдуулсан тарифын талаар сэрэмжлүүлэг өгч "Канад бол Мэн мужийн хамгийн чухал худалдааны түнш" хэмээн онцолжээ. АНУ-ын Сенатын Бүгд Найрамдах намын удирдагч асан Митч МакКоннелл ч CBS телевизийн "60 Minutes" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Д.Трампын тарифын бодлогыг шүүмжлээд "Үүний үр дүнд бүх барааны үнэ өсөх болно. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ Америкчууд өөрсдөө үүнийхээ төлөөсийг төлнө" гээд "Хөршүүдтэйгээ ийм асуудлаар зөрчилдөх ямар хэрэг байна вэ" гэжээ.

Ер нь бол гаалийн тарифууд, тэдгээрийг хэрэгжүүлэх “аюул заналхийлэл” нь Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд гол бодлого болж байсан. Өдгөө түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд энэ нь түүний бодлогын гол тулгуур байх төлөвтэйг зарим эдийн засагч хэлж буй. "Ерөнхийлөгч тарифыг шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж ирсэн" гэж Deutsche Bank-ийн ахлах эдийн засагч Брэтт Райан CNN-д даваа гарагт ярьсан. Тэрбээр "Яваандаа эдгээр бодлогоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрнэ, эс тэгвээс энэ нь зүгээр л утга учиргүй сүрдүүлэг болж хувирна. Бизнесүүд аль болох өөрсдийн боломжоороо үүнд бэлдэж байна" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top