“Caviar” компани зөөлөн ягаан өнгийн корпустай iPhone 17 Pro, Pro Max загваруудыг багтаасан “Rose Collection” коллекцийг танилцуулжээ.
Энэхүү коллекци нь тансаг загварыг таашаадаг хэрэглэгчдэд зориулагджээ. Чамин тансаг утаснуудын үнэ 8.2-20.27 мянган ам.долларт хэлбэлзэж байна.
Тус коллекци нь дөрвөн өөр өөр стилиэр чимэглэн, тоноглосон дөрвөн загвараас бүрдэж байна. “Sex and the City” хувилбар нь өндөр өсгийтийн хээ бүхий ягаан корпус, 18 каратын алтан Apple логотой. Нийт 99 ширхгийг гаргаж байна. Эл коллекцийн хамгийн үнэтэй “Pink Lotus” загвар нь 999 алт, 84 ширхэг байгалийн очир эрдэнийн шигтгээ, тан эрдэнийн оруулгатай. Эл загвараас зөвхөн 14 ширхэг гаргах аж.
“Queen of Thorns” хувилбар Альфонс Муха-гийн бүтээлээс сэдэвлэсэн модерн загвартай, корпусыг ягаан паалангаар бүтээж, алтан логогоор чимжээ. Мөн л 99 ширхэг гарна. Шекспирийн баатрын нэрээр нэрлэсэн “Ophelia” хувилбарын корпусыг алтан элемент, тугалын арьс, ягаан палангаар урлажээ. Нийт 19 ширхгийг үйлдвэрлэнэ.
“Rose Collection” коллекцийн бүх утас тансаг загварын хайрцагтай байх ба 24 каратын алтан бүрмэл түлхүүрээр нээгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )