Өнөөдөр 2026 оны тавдугаар сарын 2-ны өдөр. Энэ өдөр жилийн 122 дахь өдөр бөгөөд он дуустал 243 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 35 минутад мандан, өдрийн наран 20 цаг 04 минутад жаргана. Улаанбаатар хотод цэлмэг 13 хэм дулаан байна. Уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Дэлхийн туна загасны өдөр, Иран улсад Багш нарын баяр, Индонезид үндэсний боловсролын өдөр, Польш улсад төрийн далбааны өдөр тохиож байна. Түүнчлэн Харри Поттерийн өдрийг европын ихэнх улсад тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Энэ өдөр Оросын Хатан хаан Их Екатерина, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Ф.Бирнес, Дэлхийн нэгдүгээр дайнд “Улаан барон” нэрээрээ алдаршсан Германы нисгэгч Манфред фон Рихтофен, Германы хэвлэлийн магнат Аксел Шпрингер, Бутаны эзэн хаан Жигмэд Дорж Ванчиг, Иракийн сүүлчийн эзэн хаан II Файзал, Японы сүмо бөхийн 67 дахь ёкозүна Мусашимарү, Хондурасын хөлбөмбөгч Мейнор Фигуероа, Швейцарын сагсанбөмбөгч Табо Сефолоша нар мэндэлжээ.
Энэ өдөр Монголын түүхэнд:
1691 оны энэ өдөр Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй Халх дөрвөн аймгийн 550 лам ноёд, Өвөр Монголын 49 хошуудын ноёд Дол нуурд чуулан Манж чин улсад дагаар орохоор болжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1250 оны энэ өдөр Байбарсын удирдлаганд нэгдсэн Мамлюкууд эрх мэдлээ алдахаас айж Аюуидын султан Тураншахыг хороожээ.
1536 оны энэ өдөр Английн Хатан хаан Анн Болейныг завхайрсан, цус холилдсон, урвасан, шулмын хэргээр баривчлан, шоронд хорив.
1670 оны энэ өдөр Английн хаан II Чарльз Хойд Америкт үслэг эдлэлийн худалдааг нээх зорилгоор Хадсон хошууны компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ.
1808 оны энэ өдөр Мадридын ард иргэд Францын эзэн түрэмгийллийн эсрэг босов.
1906 оны энэ өдөр Грекийн нийслэл Афин хотод Олон улсын спортын наадмын хаалтын ёслол болжээ.
1945 оны энэ өдөр ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайнд Нацистын Герман ялагдсаныг зарлав.
1986 оны энэ өдөр Чернобыл хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлэв.
1998 оны энэ өдөр Европын холбооны мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй Европын төв банк байгуулагдав.
2000 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон нам орбитын хиймэл дагуулыг ашиглан батлан хамгаалах салбарт GPS ашиглах болсноо зарлажээ.
2008 оны энэ өдөр Наргис хар салхины улмаас Мьянмарт хөрсний гулгалт болж 138 мянган хүн амиа алдан, сая сая хүн орох оронгүй болжээ.
2011 оны энэ өдөр АНУ-ын тусгай алба 2001 оны 9/11-ийн халдлагыг зохион байгуулсан Осама бин Ладеныг устган сөнөөснөө зарлажээ.
2012 оны энэ өдөр Норвегийн суут зураач Эдвард Мюнкийн “Хашхираан” зураг Нью-Йоркын дуудлага худалдаанд 120 сая ам.долларын үнэ хүрч, тухайн цаг үеийнхээ дээд амжилтыг тогтоов.
Эрхэм таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )