Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль тогтоомжийг шинэ тогтолцоонд нийцүүлэн боловсронгуй болгох үйлсэд зүтгэж, Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль, түүнийг дагалдан гарах хуулиудыг боловсруулан хэлэлцэж батлахад биечлэн оролцож, улмаар Үндсэн хуулийн хэрэгжилтэд дээд хяналт тавих, заалт зөрчигдсөн эсэх маргааныг шийдвэрлэн дүгнэлт гаргах, магадлан шийдвэрлэх үйл ажиллагаанд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан, Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын анхны эмэгтэй дарга, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын анхны эмэгтэй гишүүдийн нэг, Үндсэн хуулийн Цэцийн анхны эмэгтэй гишүүн зэрэг төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг 40 гаруй жил нэр төртэй хашсан түшээ бол Монгол Улсын гавьяат хуульч, Үндсэн хуулийн Цэцийн орон тооны бус зөвлөх, прокурор, өмгөөлөгч агсан Жанлавын Бямбажав юм. Тэрээр 2022 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн билээ.
ХОВОР ТАВИЛАН
Хуулийн салбарт эмэгтэйчүүд удирдах албан тушаалд манлайлж болдгийг анхлан харуулсан хүн бол яах аргагүй Ж.Бямбажав агсан хэмээн мэргэжил нэгтнүүд нь бахархах дуртай. Гурван үеэрээ хуульч, гэр бүлээрээ хуулийн салбарынхан гээд түүний намтар ер бусын хуудсуудаар цааш үргэлжилнэ. Аав нь хуульч, өөрөө хуульч, хань нь хуульч, ууган хүү нь хуульч, ийм л гэр бүл.
Ихийг бүтээж туурвисан ер бусын сонин содон намтартай атлаа түүнийгээ олонд түгээн алдаршихыг хүсдэггүй туйлын даруухан хүн юм гэдгийг үйлс бүтээлийнх нь түүхийг судлах явцдаа мэдсэн билээ.
Хүчний байгууллага, хууль зүй, прокурорын салбарт эмэгтэй хүн албан тушаал ахиж дэвшихэд ахдаж хатуудам, халгам санагдах. Гэвч тэрхүү бартаат харгуйгаар мэргэжил нэгт бүсгүйчүүдээ ямагт түүчээлэн араасаа дагуулж, тэдэнд өгсөн дэвжих дардан замыг нээж, итгэл, найдвар, урам зориг төрүүлж, төрийн олон өндөр албан тушаалыг нэр төртэй хашсан, хүн бүрийн өдөр тутамдаа мөрдөн сахиж яваа Үндсэн хууль, бусад хуулиудыг нийгмийн шинэ тогтолцоонд зохицуулан үндсээр нь шинэчлэн боловсруулж, хэлэлцэн батлахад мэдлэг, мэргэжил, бүтээл зүтгэлээ зориулсан эрхэм бол Монгол Улсын гавьяат хуульч Жанлавын Бямбажав агсан.
Тэрээр Монгол төрийн хууль, хяналтын салбарт хамгийн олон өндөр албан тушаалыг бүсгүйчүүд дундаас анхлан хашсан эмэгтэй гэдгээрээ содон. Өнөөг хүртэл түүний энэхүү улбааг давтсан бүсгүй хараахан гараагүй л байна. Басхүү прокурорын хувьд хатууд хатуу, өмгөөлөгчийн байгууллагыг тэргүүлсний хувьд зөөлөнд зөөлөн хүн байлаа. “Энгийн үед туйлын найрсаг зөөлөн, уриалгахан боловч ажил албан дээрээ маш шударга хүн байсан” хэмээн хамт ажиллаж асан хүмүүс нь түүнийг тодорхойлдог.
АНГАРЫН ХОТОД ХАМТДАА СУРАХААР ОДСОН ААВ ОХИН ХОЁР
Ховор нандин тавилангийн эзэн болох түүний уугуул нутаг нь Архангай аймгийн Жаргалант сум. Прокурор Жанлавын ууган охин. Хуульчдын дунд хэл, хөлд орж, өсөж бойжсон нэгэн. Прокурор аав нь байсхийгээд л аймгаас аймагт, бас нийслэл хотод ажиллах томилолт гардаж, гэр бүлээрээ буурь сэлгэн нүүнэ. Төрсөн нутагтаа нэгдүгээр ангид орсон Бямбажав охин Улаанбаатарын хэд хэдэн дүүрэг дамжиж, найман ч сургуулийн нүүр үзээд Өмнөговь аймагт 10 жилээ дүүргэжээ. Охин уг нь хайгуулч болох мөрөөдөлтэй. Түүний сурагч ахуй 1960-аад оны шувтарга, 1970-аад оны эхээр аймаг бүхэнд ЗХУ, Болгар, Монголын хайгуулын ангиуд ажиллаж, эрдэс чулуулаг судалж, эх орны баялгийн үүцийг нээн, энд тэнд тийм ийм ашигт малтмалын ордтой гэсэн шав тэмдэг тавьж байсан цаг. Бас ахлах ангид байхад нь Эрдэнэтийн овооны сураг сонсогдож, “Том хот босох гэнэ ээ” гэсэн яриа амнаас ам дамжиж байсан болохоор соньхон байсан биз ээ.
Гэхдээ мэдээ орох цагаасаа л хуульчид дунд өсөж өндийсөн Ж.Бямбажав сургуулиа төгсөж, мэргэжил сонгох цаг тулахад ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь авчээ. Түүний намтрын содон хуудас эндээс эхэлнэ. Өмнөговь аймагт тэр жил Эрхүүгийн их сургуулийн хоёр хуваарь ирэв. Мэдээжээр түүнийг авахын төлөө ширүүн өрсөлдөөн болж таарна. Энэ дундаас аав, охин хоёр тэнцэж, хамтдаа 1971 онд Ангарын хотод оюутан боллоо. Аав, охин хоёр нэг мэргэжлээр нэг жил хуваарь авч, тэгээд гадаадад цугтаа сурахаар явна гэдэг өдрийн од мэт ховор тохиол байж таарна. Хожмоо нэртэй шүүгч болсон хань Б.Пүрэвдорж нь мөн л тус сургуульд хуульч мэргэжлээр суралцахаар ирж таарснаар Эрхүү хотод өрх бүл үүсгэж, хоёр хүүгийн аав, ээж болжээ.
Ханийнх нь тухай энд товч боловч дурдах учиртай. Б.Пүрэвдорж дунд сургуулиа төгсмөгц 1970-1972 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд цэнэгийн механикаар ажиллаад Эрхүү хотын Улсын их сургуульд элсэн 1978 онд хуульч мэргэжлээр дүүргэв. Тэрээр шүүхийн салбарт бас л тод мөр үлдээсэн эрхэм. 1978-1979 онд Улсын Дээд шүүхэд зааварлагч, 1979-1985 онд тухайн үеийн Октябрийн районы шүүхийн дарга, 1985-1993 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, бүгд хурлын нарийн бичгийн дарга, шүүхийн практик судлал, статистик, системчлэлийн хэлтсийн дарга,1993–2001 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дарга, шүүгчээр ажиллаж байгаад идэрхэн насандаа хорвоогоос хальжээ.
Бага хүү П.Дэлгэрбаяр нь аавынхаа тухай ийнхүү дурсан бичсэн байдаг. “Аавын минь ажлын намтар бол энэ. Хүний амьдрал тоон хэлээр, албан ёсоор ингэж буух юм. Нэгэн бодлын харамсмаар ч юм шиг товчхон. Эрхүү хот бол миний үүсгэл. Эрхүү хот бол манай гэр бүлийн хайрын хот. Энд миний аав ээж хоёр танилцаж, бүжиглэж, бужигнуулж явсан. Аав минь шүлэг найрагт хорхойтой, чамгүй шүлэглэнэ. Харин ээж бол уран уншина. Аав минь ээжид зориулж
“Үнсвэл нүдэн дээр чинь үнсэнэ.
Үнсүүлэхгүй бол нүдээрээ үнсэнэ.”
гэж хайрын агсан мөртүүд тэрлэж байж. Ээж аавын хайрын түүхийн бал бурам нь мэдээж ах бид хоёр. Ах минь ээж, аав хоёрыг оюутан байхад мэндэлж, би сургуулиа төгсөхөд нь төржээ. Ахыг төрдөг тэр жил нь “Хоёр Мөнх” үнээ саалгаагүй учир аав Мөнхбаяр нэрийг ууган хүүдээ хайрлаж, хожим Дэлгэр мөрний эрэгт байхдаа дахин хүүтэй болсон мэдээ сонсоод Дэлгэрбаяр гэж нэрийг надад өгчээ” гэжээ.
Хамтдаа оюутан байсан аав, охин, хүргэн гурав сүүлд Улсын прокурорын ерөнхий газарт нэг өрөөнд суун ажиллаж байсан гэдэг юм. Аав, охин хоёр прокурор, хүргэн нь шүүгч. Үүнийг бас ховор тавилан гэхээс өөр юу гэлтэй.
Эрхүүгийн улсын их сургуулийг 1977 онд дүүргэмэгц Ж.Бямбажав аавынхаа мэргэжлийг залган нийслэлийн Найрамдлын районд Прокурорын туслахаар ажлын гараагаа эхлэв. Ердөө зургаахан сарын дараа Улсын ерөнхий Прокурорын газарт томилогдлоо. Түүний ирээдүйг хашир хуульчид эртнээс шинжиж таньсан хэрэг. Залуухан хуульч бүсгүйн ажлын ур чадвар тэдний хараанд өртсөн нь гарцаагүй. Ингэж 1977-1986 онд Улсын ерөнхий Прокурорын газарт хэлтсийн прокурор, тасгийн даргаар ажиллажээ.
Шүүхийн хяналт эрхэлсэн прокурор, тасгийн даргаар ажиллан ид гялалзаж, ажил алба нь жигдэрч байтал Монголын өмгөөлөгчдийн коллегид шилжүүлэхээр боллоо. Бүр даргаар шүү. Социализмын үед бүх зүйл дээд газрын тушаал шийдвэрээр шийдэгдэнэ. Түүнээс татгалзах эрх хэнд ч байхгүй. “Би прокурорын ажилдаа зүгширч дадлагажсан. Өөр салбарт очихгүй” гэж гэдийх аргагүй. Утасны жингэсэн дуу түүний намтрын дараагийн хуудсыг эргүүлэх нь тэр.
ӨМГӨӨЛӨХ БАЙГУУЛЛАГЫГ ТОЛГОЙЛСОН АНХНЫ ЭМЭГТЭЙ
Хуулийн салбарт эмэгтэйчүүд удирдах албан тушаалд дэвшиж болдог, хийж чаддагийг харуулах анхны алхам мөнөөх МАХН-ын Төв хорооноос залгасан утасны дуугаар эхлэх учиртай байжээ. Энэ бол 1986 он. “Даргаар томилсон учир маргааш Монголын Өмгөөлөгчдийн коллегид очиж ажлаа хүлээж ав” гэсэн гэнэтийн эрс шийдэмгий тушаал сонссон залуу бүсгүй “Ажлаа өгөхгүй, өөр салбарт шилжихгүй” гэж уйлаад, туйлаад ч тусыг эс олов. “Албан тушаал дэвшиж байж уйлдаг хүнийг чамаас өөр харсангүй” гэж Намсрай дарга нь гайхав. Ийнхүү Монголын өмгөөлөх байгууллага түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай боллоо.
Шинэ албаа хүлээн авахаар очиход нь Өмгөөлөгчдийн коллегийн дарга, орлогчийг нь огцруулчихсан, эзгүй зутруухан байгууллага угтах нь тэр ээ. Тэр даруй удирдах зөвлөлийн гишүүдээ хуралдуулж, хотын зөвлөлөө түшиглэн ажлаа эхэлжээ. “Хотын зөвлөлийн дарга Тунгалагтай хамтран үйл ажиллагаагаа жигдрүүлж, мэргэжилтнүүдээ томилж, мөнгө санхүүгээ тооцсон. Өмгөөлөгч нар байгууллагуудад зөвлөгөө өгдөг, коллеги байнгын орлоготой ч маш олон татвар төлдөг байлаа” хэмээн Ж.Бямбажав дарга сүүлд дурсжээ. Ажлаа алхам алхмаар урагшлуулав.
Өмгөөлөгчдийн коллеги Төв шуудангийн ард хоёр давхар байшинд байрлана. Хөрөнгө гэвэл лагерийн нэг газар, хэдэн гэртэй. Эхлээд дүүргийн өмгөөлөгчдийг бие даалгаж гаргажээ. Тэднийг сул орхисонгүй, дүүрэг болгоны шүүхийн хажууд байртай болгосон нь салбар холбоодын эхлэл болов. Шүүх яамны харьяанд байсан Монголын Өмгөөлөгчдийн коллегийг бие даасан мэргэжлийн байгууллага болгон өөрчилж, зохион байгуулах, зүг чигийг тодорхойлох, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох гээд ажил ундарлаа. Өмгөөлөгчдийн коллегийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо болгож бие даалган орон нутагт зөвлөл байгуулах эхлэлийг тавив. Ингэж тэрээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны анхны суурийг тавьсан юм. Өмгөөлөгчдөө гадаадад сургаж мэргэшүүлнэ, шинэ тутам ажлыг нь хэвшүүлнэ гээд түүнд энэ салбарт түүчээлэн хийсэн ажил их.
Түүний төрөлхийн араншин маш шударга. Өмгөөлөх байгууллагад дөрвөн жил ажиллахдаа нэг ч хэрэгт өмгөөлөгчөөр ороогүй нь түүний илэрхийлэл. Өмнө нь зургаан жил улсын яллагч хийж ял оноож байсан прокурор хүн бусдыг цагаатгахаар өмгөөлөх нь зүйд нийцэхгүй хэмээх зарчмыг яс баримталжээ.
УЛСЫН БАГА ХУРАЛД АНХДАГЧ БОЛОВ
Ж.Бямбажавыг тийнхүү Монголын Өмгөөлөгчдийн холбоог дөрвөн жил толгойлоод байтал улс оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж, өөрчлөлт шинэчлэл эхлэв. Нийгмийн тогтолцоо орвонгоороо эргэн өөрчлөгдөж эхэллээ. Олон намын систем бий болж, олон урьгалч үзэл тогтов. Зах зээлийн эдийн засгийн систем нэвтэрлээ. Хаа сайгүй ардчиллын салхи сэвэлзэж, төрийн тогтолцоо цоо шинээр бүрэлдэн тогтох үйл явц өрнөлөө. Энэ шинэчлэлд таацуулан өмгөөлөгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах, сургах, эгнээг нь өргөтгөх, холбооны дотоод дүрэм, журмыг нийгмийн өөр тогтолцоонд тохируулан цоо шинээр боловсруулах, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөр ажлын голыг Ж.Бямбажав дарга нугалжээ.
1990 оны зун БНМАУ-ын Үндсэн хуулийн Хавсралт хуулийг үндэслэн бүх нийтийн анхны ардчилсан сонгуулийг явуулж, олон намууд түүнд оролцон Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулав. Намар нь анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг олон намын төлөөлөлтэйгээр бүрдүүллээ. Ингэж Монголын парламент дээд, доод хоёр танхимаас бүрдэв. Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга бүхий 50 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм.
Дахиад л хувь заяаны гэнэтийн эргэлт тохиов. Ж.Бямбажавыг Улсын Бага Хурлын гишүүн болгох санал дээрээс гарах нь тэр. Монголын Өмгөөлөгчдийн холбооны ажлыг ид жигдрүүлээд байтал ийм санал ирсэнд эхлээд тэрээр татгалзав. Яг л анх Өмгөөлөгчдийн коллегийн дарга болгох гэхэд уйлж дургүйцдэг шигээ. Гэхдээ илүү буурь суугаад байсан учир байдалд өмнөхөөсөө тулхтай хандсан нь мэдээж.
Энэ тухай тэрээр дурсахдаа “Намайг Улсын Бага Хурлын гишүүн болгох гэсэн нь МАХН-ын Төв хорооны санал байсан. Би үүнийг анхандаа зөвшөөрөөгүй юм. Яагаад гэхээр би Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж байж “Бага Хуралд сууна” гэж хэлэх боломжгүй. Над руу Бага Хурлаас ярьсны дараа холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүдээ цуглуулж хуралдлаа. Яах вэ гэдгээ ярилцсан. Гэтэл Удирдах зөвлөлийн гишүүд “Энэ боломжийг алдаж болохгүй. Манай түүхийн алтан хуудсын нэг шүү гэсэн” хэмээж билээ.
Байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал хоёрхон эмэгтэй гишүүнтэй байсны нэг нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн хуульч Ж.Бямбажав, нөгөө нь Монгол телевизийн сэтгүүлч Э.Алтангэрэл. Ингэж прокурор Ж.Бямбажав 37 насандаа Улсын Бага Хурлын эрхэм гишүүн боллоо. Ингэхэд гишүүдийг хэрхэн дуудаж байх вэ гэсэн санал асуулга явуулахад нөгөө эмэгтэй гишүүн Э.Алтангэрэл “Эрхэм гишүүн гэж байя” гэсэн санал гарган дэмжигдсэн гэдэг юм.
“БИ ШҮҮГЧ НӨХӨРТЭЙ ХҮН. ЭХНЭР НЬ НӨХРИЙНХӨӨ ЦАЛИНГ ТОГТООГООД БАЙГАА МЭТ ХАРАГДАНА”
Ж.Бямбажав гишүүн Улсын Бага хуралд Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байнгын хорооны гишүүнээр ажиллав. Эмэгтэй гишүүн хоёрхон, бас хуульч хүний хувьд тэрээр үүнээс гадна Төрийн байгуулалт, Хууль зүй, Эдийн засаг, Нийгмийн бодлого гээд бүх байнгын хорооны үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээжээ.
Ардын Их Хурал, Улсын Бага Хурал хамтран социализмын үед мөрдөгдөж байсан бүх хууль, тогтоомжийг үндсээр нь өөрчлөн шинэчлэх үүрэг хүлээлээ. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээрээ энэ парламент түүхэн гавьяатай. Долоо хоногт ажлын зургаан өдөртэй байсан үе. Таван өдөр дараалан чуулганы нэгдсэн хуралдаан болно. Намын бүлэг, байнгын хороод ч өдөр алгасахгүй хуралдана. Өдөр шөнөгүй, амсхийх завгүй хууль, тогтоомжуудыг шинээр гаргаж байсан цаг. Улсын Бага Хурал 27 хуулийг цоо шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж, улс орноо нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлэх хууль, эрх зүйн үндсийг тавьсан билээ.
Ялангуяа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг он дамнуулан 70 гаруй хоног тасралтгүй хэлэлцэн 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлав. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаас боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлсэн билээ. Энэ бүхэнд Ж.Бямбажав гишүүний хэлсэн үг, гаргасан санал, боловсруулсан зүйл, заалт ихээхэн жин дарна. Монгол Улсын Үндсэн хуулийг дагалдуулан гаргасан олон олон хуулийн эхийг барилцсан ховорхон гавьяа бас түүнийх юм. Энэ хоёр жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Үндсэн хуулийн Цэцийн тухай, Шүүх байгууллагын тухай зэрэг олон хуулийг шинээр баталж, төрийн байгууллын цоо шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Ж.Бямбажав гишүүн идэвх чармайлт гарган оролцсон. Банк, гааль, албан татварын тухай хуулиудыг ч цоо шинээр гаргав.
Сонирхолтой жишээ татахад түүний шударга зан хууль тогтооход нь ч харагдаж байв. Улсын Бага хурлын чуулганы хуралдаанаар нэг удаа шүүгчдийн цалинг хэлэлцжээ. Ж.Бямбажав гишүүн түүнд оролцсонгүй. Хууль болгоны хэлэлцүүлэгт манлайлан оролцдог түүнийг ийн татгалзахад бусад гишүүд гайхах нь аргагүй. Гэтэл “Би шүүгч нөхөртэй хүн. Эхнэр нь нөхрийнхөө цалинг тогтоогоод байгаа мэт харагдана” хэмээн эрсхэн хэлж уг хэлэлцүүлгийг орхин гарчээ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН НЭГ
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулав. Түүнд Ж.Бямбажав, Д.Мөнхөө, Т.Ганди гэсэн гуравхан эмэгтэй гишүүн сонгогдож байлаа. Ж.Бямбажав гишүүн ажил амьдралын гараагаа эхэлсэн Найрамдлын районы сонгогчдын итгэлийг хүлээн төр түшсэн билээ. Ингэснээрээ тэрээр УИХ-ын анхны эмэгтэй гишүүдийн нэг болов. Нэг хөгжилтэй явдал бий. Тухайн УИХ-д Ж.Дэлгэрцэцэг гэж Эрдэнэтээс сонгогдсон эрэгтэй гишүүн байсан юм. “Ганган Дээгий” гэдэг хочтой. Зарим хүн түүний нэрийг Ж.Бямбажав гишүүнтэй андуурна. Их Хурал Мөнхөө, Ганди, Дэлгэрцэцэг гэж гурван эмэгтэй гишүүнтэй гэж ярина шүү дээ. Анхдугаар сонгуулиар бүрдсэн 1992-1996 оны УИХ нь Монгол Улсын парламентыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгддэг. Шинэ Үндсэн хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байна. Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн заасан юм. Энэ цагаас Монгол Улс нэг танхимтай, байнгын ажиллагаатай, 76 гишүүнтэй парламентын тогтолцоонд шилжив. Мэдээж үүний эх суурийг Ж.Бямбажав гишүүн нөхдийн хамт тавилцсан. Тэрээр энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудыг хуулийн дагуу өөрчлөн байгуулах, салбар хуулиудыг түүнд нийцүүлэн гаргах ажлыг гүйцэтгэж, олон хууль санаачлан батлуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Шүүхийн тухай хуулиудыг шинэчлэв. Улсын төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэл, Татварын багц хууль, Онцгой албан татвар, Гааль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай зэрэг зах зээлийн харилцааны тулгуур хуулиудыг батлав. Энэ бол тухайн үеийн УИХ-аар баталсан хуулиудын зөвхөн хэдхэн нь бөгөөд Ж.Бямбажав хуулчийн оролцоо асар их юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО
Мэдээж тэр нь Ж.Бямбажав. Мөн л Цэцэд бүсгүйчүүдийнхээ түүчээ болж анхны шанг татав. Цэцтэй холбоотой намтар түүний амьдралын сүүлийн өдрийг хүртэл үргэлжилсэн. Тэрээр 1996-2002 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 2002-2012 онд Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын референт, ахлах зөвлөх, 2012 оноос насан эцэслэтлээ Үндсэн хуулийн Цэцийн орон тооны бус зөвлөхөөр ажиллав. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй байхад түүнийг Цэцийн гишүүнээр сонгох санал ирчихсэн байсан гэдэг. Ингээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дөнгөж өндөрлүүлмэгц 1996 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн анхны эмэгтэй гишүүнээр томилогдон ажилласан юм. Зургаан жил Цэцийн гишүүн байх хугацаандаа Үндсэн хууль зөрчсөн олон ээдрээтэй асуудлыг шалган шийдвэрлүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах, чандлан сахиулах, Үндсэн хуулийн Цэцийг бэхжүүлэх үйл хэрэгт оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж үнэтэй хувь нэмэр оруулжээ. Ж.Бямбажавын гүйцэтгэсэн ажилд “анхны” гэсэн тодотгол олон байдгийг анзаарсан биз ээ. Тэрээр хуулийн маргаантай, ээдрээтэй асуудлыг цаг тухайд нь амжилттай шийдэж, санаачилж, зүтгэж, ажилласан байгууллага, салбар бүртээ нэр хүндтэй ажилтан, хаана ч ямагт түүчээлж явлаа.Ж.Бямбажав ийнхүү 1977 оноос хойш 40 гаруй жил төрийн албаны хууль тогтоох, шүүх эрх мэдлийн салбарт идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Үндсэн хуулийг сахин хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээгийн нэг мөний учир 2022 оны нэгдүгээр сард шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат хуульч гэх эрхэм цолыг хүртсэн юм. Түүнийг хар усан бар жилийн эхээр таалал төгсөхөд “Тэрээр төрийн байгууллагуудыг шинэ тогтолцоонд нийцүүлэн өөрчлөн байгуулах чиглэлээр олон хууль санаачлан батлуулж, парламентат ёсыг төлөвшүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээ байлаа. Үндсэн хуулийг сахин хамгаалах, чандлан сахиулах, Үндсэн хуулийн Цэцийг бэхжүүлэх үйл хэрэгт мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан шилдэг хуульч, эрх зүйт төрийг төлөвшүүлэх үйл хэрэгт бүхий л амьдралаа зориулсан монгол төрийн зүтгэлтэн байв” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар түүний зүтгэлийг үнэлэн эмгэнэлийн бичигт гарын үсэг зуржээ. Хуулийг дээдлэж, ямагт шударга чигийг барьж явахыг залуу шүүгчдэд хандан хэлсэн Ж.Бямбажав агсны үг түүний хойч үедээ эрхэмлэн үлдээсэн үнэт захиас болж үлдэв.
Сэтгэгдэл ( 3 )
Үнэхээр манлайлагч, нэр хүндтэй, шударга хуульч эмэгтэй байсан.
Хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл: ( Dr.manipalhospital@\ngmail.com)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00