Хуруу шилэнд ургуулсан мах, 3D хэвлэгчээр хэвлэсэн бургер, хоол орлогч нунтаг, зөвхөн цагаан хоолны эсвэл органик цэс. Энэ бүгд 30-50 жилийн дараа энгийн хоол, хүнс болох гэнэ. Хүн төрөлхтөн ирээдүйд юугаар хооллож, яагаад хооллолтын дадал өөрчлөгдөх, цатгалан байх хүсэл яагаад homo sapiens-г мөхөлд хүргэх талаар Forbes бичжээ.
Уур амьсгалын сорилтууд
Ган гачиг, огцом хүйтрэл, салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд байгаль орчноос ихээхэн хамааралтай эдийн засгийн салбар болох хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлж, ургац алдахад хүргэж байна. Харамсалтай нь хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн зогсох чадвар буурсаар байна. Сүүлийн жилүүдэд олон тооны ховордсон ан амьтан, ургамал устаж үгүй болжээ.
2000-2018 оны хооронд нийт малын 150 үүлдэр үгүй болжээ. Дэлхийн хэмжээнд мал аж ахуй нь мах, сүү, өндгөөр хангадаг 40 төрлийн мал, амьтанд дээр тогтож байна.
Манай гараг дээр хүнсэнд хэрэглэж болдог 6000 төрлийн ургамал, ногоо байдгаас дөнгөж 200 хүрэхгүйг нь хүнсний үйлдвэрлэлд ашиглаж байна.
Томоохон хотуудын оршин суугчид жилийн аль ч улиралд аль ч супермаркетаас шинэхэн жимс, ногоо худалдан авч сурчээ. Хүнсний бараа бүтээгдэхүүнд тавьдаг өндөр шаардлагын улмаас гаж ургалттай лууван, том хэмжээний төмс хог руу хаягдаж, зөвхөн өнгө үзэмжтэй нь л дэлгүүрийн лангууг чимнэ.
Ирээдүйн жижиглэнгийн худалдааны салбар, үйлдвэрлэгчдэд байнгын нийлүүлэлтийн шаардлага тавихаа болих ёстой. Тэр үед хэрэглэгч нүүрстөрөгчийн ул мөр багатай их хэмжээний хүнс хэрэглэх боломжтой болно. Ийм шинэчлэл хэрэглээний соёлд асар их өөрчлөлт оруулахыг шаарддаг тул одоогоор үйлдвэрлэгчдэд дахин боловсруулалт хийх нь хямд тусаж байна.
Жишээ нь орчин цагийн хүнсний стартапууд хүнсний хаягдлаар шинэ бүтээгдэхүүн хийх технологи боловсруулж байна.
Органик аж ахуй
Органик мал аж ахуй, газар тариалан экологийн хувьд аюулгүйд тооцогдож байна.
Европын Холбооны экологийн бодлогын нэг зорилт нь тариалангийн талбайн 25 хувийг 2030 он гэхэд органик ангилалд оруулах явдал. Органик аж ахуйн стандартаар бол махны үйлдвэрлэлд өсөлтийн даавар, нэмэлт тэжээлээс татгалзах, малын өвс тэжээлийг тариалахад пестицид ашиглахгүй байх зорилт тавьж байна. Ингэснээр байгаль орчноо хамгаалж, хүн төрөлхтнийг эрүүл хүнсээр хангана гэж үзэж байна. Гэвч ийм эко үхрийн мах ихээхэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал шаардахаас гадна мал удаан өсөж, тэвээрдэг тул мах нь өндөр өртөгтэй болж таарна. Гэхдээ өвсөөр тэжээсэн үхрийн “ногоон” мах органик үхрийн сүүний адил хүний эрүүл мэндэд ашиг тустай. Ийм хүнсэнд эрүүл харьцаатай өөхний хүчлийн омега агуулагддаг байна.
Олзуурхууштай нь хөрс боловсруулах “ногоон” практик бас бий. Тэр нь хөрсний үржил шим, биологийн олон янз байдлыг нөхөн сэргээж, дэлхийн дулаарлыг хазаарладаг нөхөн сэргээх хөдөө аж ахуй.
Эрүүл хөрс ойн экосистем, далай тэнгисийн адил СО2-г тогтоон барьдаг.
Үржил шимгүй болсон газарт мал бэлчээрлүүлэх нь нөхөн сэргээх хөдөө аж ахуйн гол онцлог. Мал туурайгаараа хөрсийг сийрүүлдэг, баасаараа борддог тул хөрсөн дэх байгалийн үйл явцыг сэргээдэг байна.
Өдгөө дэлхийд нөхөн сэргээх хөдөө аж ахуйтай орон туйлын цөөн үлджээ. Мал ах ахуйн ногоон аргад хөрөнгө оруулалт ихээхэн үр дүнтэй болох нь батлагдаад байна. Ойрын 50 жилд хүн төрөлхтөнд уламжлалт махнаас татгалзах шаардлага гарахгүй гэж Их Британийн эрдэмтэн, ирээдүйн хоол судлаач Том Чизрайт үзэж байна. Гэхдээ ирээдүйд үхрийн махан стейктэй өрсөлдөхүйц олон хувилбар бий болно.
Стейк орлуулагчид
Их Британийн Хүнсний стандартын агентлагаас явуулсан судалгаанаас үзвэл, Z үеийн болон миллениалууд махнаас татгалзах эсвэл хэрэглээгээ танахад бэлэн байна. Ийм хандлага ойрын хэдэн арван жилд хадгалагдах тул үйлдвэрлэгчид мах орлох уургийн өөр эх үүсвэрүүдийг нээсээр байна.
Ирээдүйд шавж, тэр дундаа дэвхрэгийг уургийн гол эх үүсвэр гэж харж байна.
Ийм төрлийн хүнсийг Зүүн өмнөд Азид хэрэглэх уламжлал ихээхэн дэлгэрсэн. Европчуудын таваг дээр дэвхэргэ хэдийн бий болжээ. Эдгээрийг гурил эсвэл снэк-т нэмэх замаар уургийнх нь хэмжээг нэмэгдүүлдэг байна. Жишээ нь дэвхрэгээр баяжуулсан 100 г гурил 75 г уураг агуулдаг аж. Энэ нь тахианы махтай харьцуулахад гурав дахин их уураг гэсэн үг.
Үүний сацуу энгийн буурцаг, улаан буудайнаас ургамлын уураг гарган авдаг. Уламжлалт бус эх үүсвэрт олсны ургамал, сэвэгзарам, эдамаме буурцаг, овьёос, киноа, амарант болон бүх төрлийн самар, мөөг ордог. Гэсэн хэдий ч мах орлуулагчид нэг том асуудал бий. Тэр нь амт. Уураг үйлдвэрлэгчид зөвхөн мөөгөнд найдвар тавьдаг. Мөөгөнд “тав дахь амт” бий гэдэг. Хүнсний ирээдүй судлаачдын үзэж буйгаар, хэрэв технологичид ургамлын уурагт хүнд таатай амт оруулбал ийм төрлийн бүтээгдэхүүн хэдхэн жилийн дотор махыг ялж чадна.
Харин өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болж чадахгүй зүйл бий. Тэр нь хуруу шилэнд гаргаж авсан мах. Лабораторид мах үйлдвэрлэх нь ирээдүйд ч өртөг хэт өндөр байна. Судлаач Тони Хантерын тооцоолсноор, уламжлалт махны хэрэглээний 10 хувийг лабораторийн махаар орлохын тулд жилд 125 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд хүнсний салбар одоогоор бэлэн бус байна.
Хиймэл оюун ухаан ба агаарын хоол
Шинэ технологиуд ирээдүйд бидний хоол хүнсийг ихээхэн өөрчлөх нь тодорхой. Эрдэмтэд, хиймэл оюун ухааны тусламжтай гений инженерчлэлийн технологи хэрэглэлгүйгээр хүний биед ашиг шимтэй ургамлыг богино хугацаанд гаргаж авна гэж тооцоолж байна.
АНУ-ын “Benson Hill” компани хиймэл оюун ухааны тусламжтай энгийн буурцганаас 50 хувь илүү уураг агуулсан буурцаг гарган авчээ.
Хөрөнгө оруулалтын ашигтай бас нэг чиглэл нь 3D хэвлэгч машинууд. 2030 он гэхэд алтернатив хоолны салбарын бүтээгдэхүүний хоёр хувийг ийм хэвлэгчээр үйлдвэрлэнэ гэж PricewaterhouseCoopers стратегичид үзэж байна.
Хүн төрөлхтөн далайд хүнс үйлдвэрлэх бизнест хөрөнгө оруулах ёстой гэж үзэх хүнсний ирээдүй судлаачид бий. Өдгөө далайн усанд тэсвэртэй будаа тариалах туршилтууд хийгдэж байна. Финландын “Solar Foods” компанийн агаараас гаргаж авдаг уураг ирээдүйд ялалтын титэм зүүх нь гарцаагүй. “Solein” уургийг нарны зайн биореакторт онцгой микробоос гарган авдаг байна. Агаараас барьсан микробыг биореакторт исгэх замаар үржүүлж, агаараас гаргаж авсан ус болон азотын хийгээр хооллодог аж. “Solar Foods” компани Финландын Вантаа хотод агаараас хүнс үйлдвэрлэх анхны үйлдвэрээ 2024 оны дөрөвдүгээр сард нээжээ.
Бага гэхдээ баялаг
Хэрэв хүн төрөлхтөн тогтвортой хөгжлийн замаар замнавал 30-50 жилийн дараа илүү өргөн сонголттой хоол хүнс хэрэглэх боломж бий. Улирлын чанартай, тухайн орон нутагт үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, ургамлын гаралтай хүнс, мөөг, тэр дундаа ургамлын гаралтай амт сайтай уураг их хэмжээгээр бий болно. Органик үхрийн мах, бяслаг, дэвхрэгийн уурагтай талханд ч зай олдоно.
Зарим хүн лабораторид ургуулсан махан стейкэнд илүү мөнгө төлж, нэг ч амьд амьтны амийг тастаагүй гэж сэтгэлээ хангалуун үлдэнэ. Өглөө, өдөр, оройн хоолондоо нунтаг уураг уун, цадах хүмүүс ч гарч ирнэ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ирээдүйд хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээхэн нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Харин шинжээчид үүнийг хүн төрөлхтөнд тустай хэмээн эергээр харж байна. Учир нь тэр үед хүн төрөлхтөн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, чанарыг нь өсгөнө. Улмаар 2050 он гэхэд хүн төрөлхтөн байгаль орчиндоо хор учруулалгүйгээр өөрийгөө цатгах боломжтой болно.
Сэтгэгдэл ( 1 )
Амьтдыг хөнөөхөө зогсоовол хүн төрөлтөн аврагдана.