Э.Болормаа: Баруун бүсийн хөгжлийг эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц түүчээлнэ

2024 оны 02 сарын 06

Ховд аймгийн Засаг дарга, “Баруун бүсийн зөвлөл”-ийн дарга Э.Болормааг нийслэлд ажлаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын хөдөөгийн сэргэлтийг дэмжих бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх амаргүй ажлыг зоригтой эхлүүлэн “өгсөж буй” Монголын анхны эмэгтэй Засаг дарга юм. Э.Болормаа АНУ-ын Колумбын их сургуулийг төрийн удирдлагын магистр, АНУ-ын Ореганы их сургуулийг эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөж Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банкинд тус тус ажиллажээ. Монгол Улсын Засгийн газар түүнд  итгэл үзүүлж Засаг даргаар томилсноос хойш хоёр он өнгөрсөн байна.


-Сайн явж ирэв үү. “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр амжилттай болсон дуулдсан. “Мөнгөлөг шагшуурга” бол зүгээр нэг мөсний баяр биш, том зургаар нь харахад аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд багагүй ололт авчрах арга хэмжээ гэж та хэлсэн байсан. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Сайн явж ирлээ. Юуны өмнө танд болон танай сонины хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Сар шинийн босгон дээр танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна.

“Мөнгөлөг шагшуурга” бол манай Ховд аймгийн төдийгүй Монгол Улсын брэнд болж буй арга хэмжээ юм. Анх 2009 онд малчид байгалиа хамгаалах зорилгоор нэгдэн санаачилснаас хойш жил бүр цас мөсний баяр хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Ховд аймаг бол олон ястны өлгий нутаг учраас олон ястан угсаатны өв уламжлал, ёс заншил, уламжлалт тоглоомын онцлогийг харуулахаар сүүлийн хоёр жилд “Мөнгөлөг шагшуурга” гэж нэрийдэн цас мөсний наадам болгон зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга-2024” баруун бүсийн хэмжээнд өргөн зохиогдсон тул зөвхөн эхний өдөр л дотоодын 40 гаруй мянган аялагч Ховдод зочилж ирсэн. Харин “Мөнгөлөг шагшуурга-2023“ наадмыг Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого болон 2023 оныг Монголд зочлох жил болгосонтой уялдуулан өвлийн аялал жуулчлалын брэнд болгохоор БОАЖЯ, Соёлын яамтай илүү хамтран ажилласан. 

Монголчуудад аялал жуулчлал гэхэд зун л санагддаг байдлыг халж олон угсаатны өвлийн аялал жуулчлал, өвлийн спорт наадам, өвлийн мөсөн сур харваа, өвлийн аяллын хоол, уламжлалт цас мөсний тэмцээн ямар болдгийг харуулах зорилготой юм. Тиймээс жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдөр байхаар товлосон.

Энэ нь аялагчдад таалагдсан нь ирсэн зочдын тоон мэдээллээс харагдаж байгаа юм. Аялал жуулчлал гэхээр шууд гаднын жуулчдыг татах талаар ярьдаг.  Аялал жуулчлалыг дотооддоо хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж хөгжүүлсэн цагт л гаднын жуулчид ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэндээс орох орлого тухайн бүс нутгийн өрх бүрд хүрч байх учиртай. Үүнд л “Мөнгөлөг шагшуурга”-ын ач холбогдол орших юм.

-Сүүлийн хоёр жилд Ховд аймагт нийслэлийн томоохон компаниуд салбараа нээж байгаа гэсэн? 

Тиймээ. Өнгөрсөн жилийн “Мөнгөлөг шагшуурга-2023” наадам “Инвест монголиа” буюу Хөрөнгө оруулалтын жилд тохиосон учраас нийслэл болон бусад орон нутгийн нэлээд аж ахуйн нэгжийн салбарууд Ховд аймагт нээсэн. Мөн Ховд аймагт 300-гаад аж ахуйн нэгж шинээр байгуулагдсаныг онцлох нь зүйтэй болов уу. Тэр хэрээр ч ажлын байр зохих хэмжээгээр нэмэгдсэн.

-Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв нь Ховд аймаг гэж тогтоосон. Ховд аймагт байгуулагдах Баруун бүсийн үйлдвэрлэл технологийн парк, Эрдэнэбүрэнгийн УЦС, Боомтын талаар онцолж ярилцмаар санагдлаа. Дээрх хоёр төслийг хэрэгжүүлж чадвал олон ажлын байр гарах юм билээ. Мөн Эрдэнэбүрэнгийн асуудал  гацаанаас гарсан гэсэн?

-Тиймээ, Ховд аймгийг баруун бүсийн тулгуур төв гэдэг. Засгийн газар энэ жилээс л бүсчилсэн хөгжлийг зарлаж далайцтайгаар бодлогын түвшинд ярьж байгаа. Олон жил энэ талаар ярьсан ч шийдэх гаргалгаа нь тодорхойгүй байсан. Гэхдээ өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жилээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ улс төрийн өөрчлөлт хийж тойрог томсгон төсвийг энэ бодлогын хэрэгжилттэй нягт уяж өгсөн гэсэн үг. Ингэснээр Бүсчилсэн хөгжлийн загвар амжилттай хэрэгжиж үр ашгаа өгнө гэж харж байгаа. Аль нэг аймагт нь давуу тал байхгүй. Таны асуусан Үйлдвэрлэл технологийн парк бол ганцхан Ховдынх биш, баруун таван аймгийнх байх учиртай. Парк байгуулагдсанаар аль аймагт хүнсний үйлдвэр барих, хаана арьс ширний үйлдвэр барих зэргээ зөв тооцоолох ёстой. Үйлдвэрлэл технологийн паркийн хуулиар дэд бүтцийг улсын төсвөөр барих, үйлдвэрүүдийг хувийн хэвшлийнхэн барих заалттай. Төслийн багийнхны судалгаагаар парк ашиглалтад орвол хоёр мянгаад хүн, Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж дуусах хугацаанд 1000-гаад хүн ажлын байраар хангагдах тооцоо гарсан.

Ер нь баруун бүсийн таван аймгийн хамгийн том давуу тал бол ажиллах хүч сайтай, нийтдээ дөрвөн зуу гаруй мянган хүн амтай. Бусад бүсийг бодвол арай илүү. Хүн ам их байна гэдэг хөгжлийн суурь. Тиймээс ажиллах хүчиндээ тулгуурлаад хаана, аль салбарт ямар хөрөнгө оруулалт хийвэл ашигтай вэ гэдгээ зөв тодорхойлоод хөрөнгө оруулалтаа хийхэд хангалттай ажлын байр бий болно гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС 4-5 жилийн дотор баригдаж дуусах ёстой. Усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун таван аймаг 100 хувь дотооддоо сэргээгдэх эрчим хүчээр хангагдана.

Намайг ажлаа хүлээж авч байх үед Эрдэнэбүрэнгийн орчинд  хүлээлт үүсгэсэн, нөлөөлөд өртсөн айл өрхүүд эсэргүүцэж төслийг гацааж байсныг цэгцэлж тухайн бүсэд байсан олон айлтай уулзаж ойлгуулж чадсанаар газар чөлөөлүүлж төслийг гацаанаас гаргалаа. Нөхөн олговрыг 100 хувь олгож дуусгасан. Мөн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болох зам, кемп барих зэрэг ажлыг хийж дуусгасан. Үүний дүнд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр үзэглэгдэж дууссан. Ирэх хавраас үндсэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Эрчим хүчний асуудлаа бүрэн шийдвэрлэж чадвал баруун таван аймагт томоохон үйлдвэрүүд барих, Дата центр барих гэх мэт маш олон боломж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл бол Монголд төдийгүй дэлхийн чиг хандлагад томоохонд тооцогдох түүчээлэх төсөл. Эрчим хүчгүйгээр дорвитой том үйлдвэрүүд, бусад бүтээн байгуулалтууд баригдахгүй шүү дээ.

Ховд аймаг хуурай газрын хоёр боомт, агаарын нэг боомттой. Булган-Такешкены боомт, Байтаг-Улиастайн боомт гэж бий. Гэхдээ Байтаг-Улиастайн боомт улирлын чанартай. Баруун бүсийн босоо тэнхлэгийн AH-4 замаар ОХУ болон БНХАУ руу хийх транзит тээвэр Ховд аймгаар дамжаад явдаг давуу талтай. Баруун бүсийнхэн Хятад улс руу явахад заавал Улаанбаатараар дамжих биш, Булган-Такешкены боомтоор явах боломжтой, дэд бүтэц, зам сайн баригдсан.

-Өнгөрсөн жил хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд аймгуудад хүн амын тоогоо өсгөх чиглэл өгсөн гэсэн. Орон нутагт салбараа нээсэн болон шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн үр өгөөж гарч байна уу?

-Өнгөрсөн жил хөдөөгийн сэргэлтийн хөтөлбөр эрчимтэй явагдсан. Аймаг бүр нээлттэй бодлого баримталсан. Жишээ нь, нээлттэй Ховд, нээлттэй Хэнтий гэх мэт. Гэхдээ дан ганц аймаг аймгаараа хөгжинө гэх нь явцгүй, бүсчилсэн хөгжлийн шугамаар бодитой хөгжлийн гарцыг олж хөгжих нь илүү юм гэдгийг олж хараад байна. Ховд аймаг өдгөө 90 мянган хүн амтай. 2023 онд Улаанбаатар болон бусад аймаг хотод амьдарч байгаад Ховдод ирсэн айл өрхүүд бий. Хэдийгээр мянга мянгаараа биш ч гэсэн зориод ирсэн иргэдэд Ховдод ажиллаж амьдрах эрүүл тайван орчин, хүнд сурталгүй, шударгаар дарамтгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна.

Ховд аймгийн тухайд бусад аймгуудаас давуу тал бий. Тухайлбал, олон ястны өлгий нутаг учраас хэнийг ч гаднын хүн гэж хардаггүй. Ховдын уугуул биш хүн очоод амьдрахад ямар ч дарамт шахалтгүй, өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг сайн хүлээж авдаг гэж Улаанбаатараас шилжин ирсэн хүмүүс надад хэлж байсан. Мөн  2023 оны яг өдийд  “Инвест Ховд”  буюу орон нутгийн хөрөнгө оруулалтын чуулган хийсэн. Чуулганд Улаанбаатар болон бусад аймаг хотуудаас олон зочид ирж оролцсон. Үүний үр дүнд манай аймагт 300-гаад аж ахуйн нэгж шинээр бүртгүүлснийг дээр өгүүлсэн. Тэдний нэг нь “Номин холдинг” ХХК юм. “Номин холдинг” ХХК Ховд аймаг дахь салбараа өргөжүүлж томоохон бүтээн байгуулалт хийж байгаа. Мөн савангийн үйлдвэртэй болсон. “Монгол мед” Ховд аймагт салбараа нээсэн. Бас миний нэг урлан нээгдсэн. Энэ хэрээр орон нутагт ажлын байр бий болж үйлдвэр үйлчилгээ хүртээмжтэй болж байгаа. Орон нутгийн зүгээс эдгээр аж ахуйн нэгжүүдийг ажиллах ая тухтай эрүүл орчин, бизнесийн  шударга, хүнд сурталгүй орчин бүрдүүлэхэд анхаарч байна.

-Ховд аймагт орон сууц хэр баригдаж байна, орон нутгийн барилгын компаниудад тулгарч буй асуудал юу бол?

-Орон нутгийн  барилгын компаниуд бий. Гэхдээ хүссэн хэмжээнд хурдтай явж чадахгүй байгаа. Энэ нь тухайн барилгын компанийн эдийн засгийн чадавхи, иргэдийн төлбөрийн чадавхаас хамаарч буй байх. Одоогийн байдлаар аж ахуйн нэгжийн чөлөөт зах зээлийн хуулиараа зохицуулагдаад явж байгаа гэж харж байна. Бүсчилсэн хөгжлийн зорилтуудын нэг бол яах аргагүй иргэдээ орон сууцжуулах асуудал мөн. Гэвч одоогоор төр, хувийн хэвшил яаж хамтрах, газар олголт, дэд бүтцийг нь шийдээд дан хувийн  хэвшилд үлдээх үү гэхчлэн хүлээлт үүсгэсэн асуудлууд байна. Нөгөөтэйгүүр орон нутагт барилгын чанартай гүйцэтгэгч компани ховор байна. Цаашид аймгаа илүү барилгажуулахад анхаарч нэлээд ул суурьтай хандаж шийдэх зүйл олон байгаа.

-Ховд их сургууль саяхан МУИС-ийн салбар сургууль болсон. Тус сургуультай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Тиймээ. МУИС-ийн салбар сургууль болсон. Манай баруун бүсийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх хүний нөөцийн бааз сургууль мөн. Саяхан МУИС-ийн удирдлагатай уулзаж Гурван сэнхэрийн агуйг Юнеск-д бүртгүүлэхэд хамтрах, Тод үсгийн зохиогчийн 375 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний хурал хийх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Завханы археологийн судалгааны ажилд тус сургуультай хамтрах асуудлуудыг хэлэлцсэн.

-Ховдод ажилгүйдлийн түвшин хэр байна?

-Бүсчилсэн тоон мэдээллийг харахад бусад аймгийг бодвол харьцангуй бага. Ажил олдохгүй байна гээд орж ирдэг хүмүүс ч бий. Ажил идэвхтэй хайж байгаа нэгэн байхад ажил олгогч нарын өдрийн 70.0-80.0 төгрөгийн цалин өгье гэхэд очдоггүй хүмүүс ч бий. Гэхдээ хүн байгаа цагт ажил олдоно шүү гэдгийг хэлье. Ховдод амьдрах асар олон боломж бий.

-Ховд аймаг хэдий хэрийн толгой малтай вэ?

-2023 оны эцсийн тооллогоор 3.195.000 толгой малтай гэж гарсан. 2022 оныхоос 280 мянгаар буурсан. Энэ бол сайн үзүүлэлт.

-Яагаад?

-Энэ 280 мянгаар буурсан нь зудын хорогдол биш, харин малчид малаа дотооддоо эргэлтэд оруулсны үр дүн юм. Аймагт 10 гаруй махны үйлдвэрүүд бий. Бид алийн болгон малын тоо толгой “өсч байна” гэж өөрсдийгөө хуурах юм бэ, нэг удаагийн зуд  шуурганд  л бөөнөөр нь алддаг шүү дээ. Тиймээс хэрэгтэй улиралд нь малаа эргэлтэд амжиж оруулах нь зөв. Малын тоо биш, чанарт анхаарах цаг болсон. Учир нь байгаль цаг уурын нөхцөл, бэлчээрийн доройтол жил ирэх бүр өөрчлөгдөж байгаа.

-Малчид цагаан идээгээ хэрхэн борлуулж орлогоо нэмэгдүүлж байна?

-Зах зээлийн жишгээр л хүнсний зах, худалдааны төвөөр борлуулдаг. Малчидтай уулзаж явахад сүү, цагаан идээгээ борлуулах талд дэмжлэг хүсдэг. Тиймээс 2024 оны төсөвт “Шим тэжээлийн үйлдвэр” байгуулахад 1,7 тэрбум төгрөг суулгасан. Учир нь малчдаас сүү саалийг нь худалдаж аваад сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг долоо хоногт хоёр удаа сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах юм. Үүнд малчид талархаж байгаа.

-Энэ жил нэлээд олон аймгийн сумд зудын байдалтай байгаа. Ховд аймагт өвөлжилт хэр байна. Засаг даргын зүгээс ямар дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?

-Ховд аймагт өвөлжилт энэ жил гайгүй байна. Малын зүй бус хорогдол харьцангуй бага гэхэд болно. Өөрөөр хэлбэл, малчид өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс базаадаг болж байгаа. ЗДТГ-аас ч зохих хэмжээгээр тусалдаг. Ховд аймгийн хэмжээнд шатахууны хомсдолд ороогүй, дотооддоо шийдэж чадсан. Бас мах, гурил, шатахуун, өвс, малын тэжээл гэх таван барааны үнийг хөөрөгдөж хөдөлгөхгүй байх шийдвэрийг Засаг даргын зүгээс гаргаж хэрэгжүүлж байгаад иргэд талархаж байгаа.

-Та Улаанбаатараас Ховд нутгийг зорьж илүү эрч хүчтэй ажиллаж байгаа. Таныг ч бас Ховдчууд дэмжиж байгаа. Та манай сониноор дамжуулан Ховдчууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү.

-Сар шинийн баярын өмнөхөн улс, аймаг, сумын аварга малчдаа тодруулдаг уламжлалтай. Ховд аймгийн тухайд энэ жил малчдаа тодруулах, шагнах урамшуулах ажлыг шинэлэг хэлбэрээр төвлөрүүлж хийсэн. Өнгөрч буй туулай жил Ховдчуудад маань ивээлээ өгсөн сайхан жил байлаа. Малчид болон нийт Ховдчууддаа ирж буй модон луу жилийн сар шинийн баяраа сайхан угтаж хаваржаад элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ж.Намжил

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оргой(202.126.89.81) 2024 оны 02 сарын 14

Зор илготой бүтээх эрмэлзлэлтэй. Залуу тэр тусмаа эмэгтэй хүнд урам хайрлаж сурцгаая өө хайж атаархах тун явцгүй байдаг

0  |  0
Сайн(66.181.176.164) 2024 оны 02 сарын 13

Сайн ажиллаж байгаа хүн дээ.

1  |  0
зочин(202.55.188.41) 2024 оны 02 сарын 14

Залуу хүн анхны эмэгтэй засаг дарга гэхээр нь сайн ажиллаасай гэж бодсон юмсан тэгсэн энэ нүүр царай төрх байдал нь маны хөгшин өвөө дарга шинжийн дүр орчихжээ. Биш байна муу байна. Өөрийнхөө даргархаг имиж бүрдүүлээд эхлэхээрээ л болохоо байж байгаан. Хөмсөгөө зангидалгүй зүгээр л инээгээд ажлаа хий гэж зөвлөе дөө.

0  |  1
ЗОЧИН (202.21.107.90) 2024 оны 02 сарын 08

ЭЦЭГ НЬ НАСААРАА БОЯ-Д СУУСАН, ОЛОН ЗАСГИЙГ ГАЗРЫН ҮЕД АЖИЛЛАЖ ОВОО ЮМ ЦОХИСОН БАЙХ ДАА ХӨӨРХИЙ.... ОДОО ОХИНОО УЛС ТӨРЧ БОЛГООД ТЭТГЭВЭРТЭЭ СУУЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА ЗАЙЛУУЛ.... АНУ-Д СУРСАН БОЛГОН МУНДАГ БИШ ШДЭЭ

0  |  0
зочин (136.226.237.12) 2024 оны 02 сарын 08

улайхгүй худлаа хэлээд сурчихсан гар даа

0  |  0
Зочин(136.226.237.12) 2024 оны 02 сарын 08

Ховдыг самарч байгаа хүн дээ

0  |  0
batbold(136.226.237.12) 2024 оны 02 сарын 08

Худ хүүхэн

0  |  0
Иргэн(202.9.40.236) 2024 оны 02 сарын 08

Шударгын туйл сэтгүүлч Баасанжавын отгон хүрч очоод л чиний наад эрдэнэбүрэнгийн станц чинь будаа болнодоо

1  |  1
Zochi(66.181.187.44) 2024 оны 02 сарын 08

Chaavaas tuuchee gexeer bish l baina doo. Chaavaas, gadaadaas yu surdag baina aa

2  |  0
Уншигч(103.57.94.192) 2024 оны 02 сарын 14

Элдэв муу юм сонсогдохгүй харин ч сайн ажиллаж байгаа юм биш үү, шинэ залуу хүн гэхэд дажгүй ээ, амжилт.

5  |  2
Зүз(117.111.21.242) 2024 оны 02 сарын 08

Энэ с сэгсгэр авгай аав нь миний монголын шонхор шувууг арабруу зараад аймаар баяжсан луйвачин шүү

4  |  0
E(202.9.40.168) 2024 оны 02 сарын 06

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Зоригт (66.181.189.158) 2024 оны 02 сарын 08

Хоосон Данхын тавиур

5  |  1
Зочин(202.179.26.114) 2024 оны 02 сарын 08

2029 оноос ашиглалтад орох төлөвтэй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг одоо хөгжлийн түүчээ гэж нэрлэх нь хөгжлийн төлөө мэдлэг муугийн үлгэр биш үү. Даан ч харамсмаар улс төрчийн үнэн төрх байна

5  |  0
Зочин(139.5.218.21) 2024 оны 02 сарын 13

Энэ гэж бас нэг хиймэл, хуурамч амьтан байна. Хагархай данх шигээ...

6  |  1
Зочин (139.5.217.227) 2024 оны 02 сарын 06

Ууршилт ихтэй нууруудаа ширгээгээд Арал тэнгис шиг бологчихвоо

0  |  0
Top