Эрдэнэтэд тохиосон ОЛОН ТЭГШ ОЙ

2023 оны 12 сарын 16

Эрдэнэтийн овоо ордыг нээсний 60 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 50 жил, анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ойг эрдэнэтчүүд /2023.12.14/ ёслон тэмдэглэлээ. ХХ зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын Баатар ”Эрдэнэт” үйлдвэрийн түүхэнд тохиосон уг онцлох үйл явдлын ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга, “ЭрдэнэсМонгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн,  “ЭрдэнэсМонгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын зэрэг албаны хүмүүс хүрэлцэн очжээ.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эх үүсвэр болсон Эрдэнэтийн овооны ордыг хайж олсон, цаашдаа энэ том үйлдвэр болох эхийг тавьсан түүх өнөөгийн бидний төсөөлдгөөс өөр ажээ. 2016 он хүртэл Монгол-ОХУ-ын хамтарсан үйлдвэр байсан Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн эхлэлийн түүх Чехословак улс, тус улсын хайгуулчидтай, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын чармайлттай нягт холбоотой юм.

МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1962 онд “Геологийн тусламж үзүүлэх тухай” хүсэлтийг Чехословак улсын Ерөнхийлөгч А.Новотныйд тавьсны дагуу 1963 онд БНМАУ, БНСЧСУ-ын Засгийн газар хооронд “Геологийн зураглал, эрэл хайгуулын иж бүрэн ажлыг явуулахад зээллэг олгох тухай” хэлэлцээрийг байгуулжээ.

Хэлэлцээрийн дагуу Чехословакийн геологич Моёмир Краутераар ахлуулсан Чехословак-Монголын экспедицийг 1963 оны тавдугаар сарын 1-ний өдөр байгуулж, Монголд дөрвөн жилийн турш ажиллахдаа Эрдэнэтийн овоо ордыг нээж, урьдчилсан хайгуул хийсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.Ёндон ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Урьдчилсан хайгуулын дүнгээр зэсийн өндөр агуулгатай хүдэр байгаа нь тогтоогдсон тул үргэлжлүүлээд Зөвлөлт-Монголын геологчид хайгуул хийсэн бөгөөд энэхүү нарийвчилсан хайгуулын дүнд үндэслэн боловсруулсан Эрдэнэтийн Зэс-молибдены орд газрыг эзэмших тухай Техник-эдийн засгийн үндэслэлийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 305 дугаар тогтоолоор баталсан.

1972 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Ю.Цэдэнбал даргаас ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгинд бичсэн захидалд “Энэхүү орд газрыг түшиглэн нүсэр том уул уурхайн баяжуулах комбинат /ГОК/ барьж ашиглах нь тогтвортой, өндөр үр ашигтай болох нь Техник-эдийн засгийн үндэслэлээр батлагдлаа” гээд Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн үйлдвэр барьж, ашиглах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, цогцолбор обьектүүдийг барихад зориулж зээл олгох зэрэг хэд хэдэн асуудлаар санал тавьсан байна.

Ийнхүү 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд түүхэн хоёр хэлэлцээр байгуулагдсаны эхнийх нь Эрдэнэтийн овоо ордыг ашиглах тухай байсан бол удаах хэлэлцээрээр нь Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, дүрмийг нь баталсан юм” хэмээн тэмдэглэж байлаа.

Эрдэнэтэд 1974-1978 онд их бүтээн байгуулалт өрнөж, нэн түрүүнд шаардлагатай үндсэн үйл ажиллагааны болон дэд бүтцийн 35 барилга байгууламж, обьектыг барьсны дотор Баяжуулах үйлдвэрийн жилдээ дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулсан юм.1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баяжуулах үйлдвэр анхны баяжмалаа үйлдвэрлэн, экспортод ачуулснаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлж байжээ.

Энэ өдрөөс Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч, хөдөлгөгч хүч нь болж нийгэм, эдийн засгийн амьдралын тэтгэгч нь байсаар ирсэн билээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Уул уурхайн инженер, академич  Пунсалмаагийн Очирбат Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийг байгуулсан талаар “Намайг 1972 онд ТЭХҮГ яамны орлогч сайдаар томилогдоход М.Пэлжээ сайдын надад өгсөн үүрэг бол “Чиний хариуцах үндсэн ажил бол Эрдэнэтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил” гэдэг даалгавар өгсөн. Би сайдын өгсөн үүргийн дагуу ажилласан. Эрдэнэтийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн үндэслэл боловсруулах, төслийн даалгаврыг батлуулж Зөвлөлтийн зураг төслийн байгууллагад өгөх, бэлэн болсон төсөлд шүүлт хийх ажлыг зохион байгуулах, хэлэлцүүлж батлуулах, техникийн зураг төсөл боловсруулах даалгаврыг холбогдох байгууллагаар батлуулах, үйлдвэрийн зураг төсөлд шүүлт хийж хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байв. Эрдэнэтийн үйлдвэрийн зураг төсөлд шүүлт хийж уулын үйлдвэрийн ашиглалтын систем, уулын ажлын горимыг өөрчлөх тооцоо хийж зөвшөөрүүлснээр тухайн үеийн ханшаар гурван сая төгрөг хэмнэж, тэр сэдвээрээ Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж байлаа. Чехословак улс өөрөө Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцохоос татгалзаж, тусдаа “Монголчехметалл” хамтын үйлдвэр байгуулсан. Болгар улс манайтай хамтран “Монголболгарметалл” хамтарсан үйлдвэр байгуулан ажиллуулж байлаа” хэмээн дурсан ярьсан байдаг.

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллуулах томоохон бүтээн байгуулалт болох Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажил ид өрнөж, амжилттай хэрэгжиж байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг байгуулах ажлыг эхний ээлжинд хийж буй. Тухайлбал, асфальт бетон хучилттай 12.6 км авто зам барих ажил 35 хувь, 4.4 км төмөр зам барих ажил 68 хувийн гүйцэтгэлтэй, хэвийн явж буйг ёслолын үед дурдав. Ус хангамж, ариутгах татуургын системийг барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дуусч, гэрээ байгуулсан бөгөөд 2024 онд энэ ажил дуусах ажээ. Цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулаад нарийвчилсан ажлын зураг төслийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байна.

Паркийн бүрэлдэхүүнд барих Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-үүдийг батлуулжээ. Өдгөө тэдгээрийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, техник технологийн түвшний үнэлгээг хийж байна.

Эрдэнэтийн уурхайчдын мөрөөдөл байсан Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах нь өнөөдөр биеллээ олж эхэлжээ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах технологио сонгосон, үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулах шийдвэр гарсан, мөн зэсийн баяжмалыг хайлуулах, боловсруулах явцад гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт” эерэг үр дүнтэйгээр амжилттай дуусаж байгаа ажээ.

Эдгээр ололт амжилтаар эрдэнэтчүүд, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн хамт олон, анхны илгээлтийн эзэд олон тэгш ойгоо угтлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top