Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааг дэмжинэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, явган алхах, саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын хамт ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн 74 төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн иргэдийн бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд эрүүл ахуйн шаардлага хангасан, хууль дүрэм зөрчөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрч, дэмжин ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, үйлчилгээний стандарт, нормыг шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Нэг талаас та бүхэн хөдөлмөр эрхэлж, худалдаа, үйлчилгээний бизнес хийн орлого олж байна. Нөгөө талаас стандарт, дүрэм, журмыг баримтлан, автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг буулгах ёстой гэсэн хүсэлт, шаардлага иргэдээс олон ирдэг. Иймд асуудлыг олон талаас харж, харилцан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй тулд та бүгдийн оролцоо чухал. Хамгийн гол нь энэ асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд ярилцаж, шийдэх ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоно гэж байхгүй хэмээлээ.

ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл:

-Хувийн эрх ашиг бус, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх нь зүйтэй. Иймд автобусны буудал дээр 10, 20 гаруй ТҮЦ байлгах бус, автобусны карт цэнэглэх хоёр цэгийг үлдээе гэсэн санал гаргасан. Гэвч дүүргүүдийн зүгээс нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу нэг ч ТҮЦ үлдээлгүй ачиж, нүүлгэнэ гэдэг.

-Олон тооны ТҮЦ эзэмшдэг, тэднийгээ сүлжээ болгон ажиллуулж байгаа хүмүүсийн улмаас бусад нь хохирч болохгүй.

-ТҮЦ-ийг орчны бохирдол үүсгэж, хотын үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ч  эргэн тойрон дахь бохирдлыг ТҮЦ эрхлэгчид үүсгэдэггүй. Соёлгүй, ухамсаргүй иргэд ТҮЦ-ийн орчимд бие засаж, хог хаяж орчныг бохирдуулсныг бид цэвэрлэдэг зэрэг санал илэрхийлж байв.

Иргэдийн хүсэлт, саналыг сонссоны үндсэн дээр Хотын дарга дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албаныхантай хамтран шийдэлд хүрч, хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хуулийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ гэдгээ онцлов.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top