Д.Баасандамба: БНСУ-ын Засгийн газартай батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр: 

Тэгш ой 2026 онд тохиож байгаа учраас “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулах шийдвэр гарлаа.

Монгол цэргийн баатарлаг тэмцэл түүхийг хүүхэд залууст ойлгуулах, гадны жуулчдад цэргийн салбарын үүх түүхийг сурталчлах, дэлхийн олон улс оронд Монгол Улсын зэвсэг, техникийг танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой жагсаалд 93 нэгж цэргийн техник, сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, автомашин, 8,500 гаруй алба хаагч оролцоно.

Жагсаалын үеэр дотоодод үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудаа танилцуулна.

Мөн 2024 онд батлагдсан "Цэргийн дүрэмт хувцасны төрөл загварыг шинэчлэн тогтоох" Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигын дагуу 3-5 төрөлтэй байсан цэргийн албан хаагчийн дүрэмт хувцсыг 3-4 төрлөөр нэмэгдүүлсэн.

Салбар, салбарын алба хаагчид маань өөр, өөрийн онцлогт нийцсэн дүрэмт болон ёслолын хувцас, тусгай ажиллагааны хувцас хэрэглэлээ шинэ нормын дагуу хүлээн авсан учраас энэ удаагийн парадад өмсөж оролцон, олон нийтэд танилцуулна.

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд батлан хамгаалах салбарын хэлэлцээр байгуулах шийдвэр гарч, эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад өглөө.

БНСУ-ын Батлан хамгаалах салбартай 1999 оноос хойш хамтран ажиллаж, хүний нөөцийг бэлтгэх, хээрийн сургууль хөгжүүлэх, аюулгүй байдлын судалгаа хийх зэргээр хамтарч байсан ч шат ахиулж, хоёр улсын Засгийн газрын түвшний хэлэлцээр болгох шийдвэр ийнхүү албажлаа.

Энэхүү хэлэлцээр нь,

  • Цэрэг, техникийн солилцоо
  • Цэргийн салбарт боловсон хүчин бэлтгэх
  • Цэргийн анагаах ухааныг хөгжүүлэхэд томхон дэвшил авчрах юм гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top