Монгол, Туркийн ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн наймдугаар зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Анкара хотноо зохион байгуулав.

Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, туркийн талаас Ази, Номхон Далайн орнуудын газрын захирал Коркут Гүнген нар тэргүүлэн оролцов.

Уулзалтаар талууд Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа харилцан ашигтай бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Дэлхийн адууны өдөр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлж, туркийн талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтаар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top