Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын 2027 оны хавраас 16 хүртэлх насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно гэсэн мэдэгдэл нь зүгээр нэг улс төрийн популизм биш.
Хүн төрөлхтөн, дэлхийн шинэ эрх зүйн номлол бүрэлдэж буйг харж байна. Дижитал либерализм болон IТ корпорацуудын өөрийгөө зохицуулдаг байсан эрин үе бүр мөсөн төгсөж байна гэж шинжээчид онцолжээ.
Их Британийн хуулийн хязгаарлалт нь Instagram, Facebook, TikTok, X, YouTube зэрэг user-to-user платформыг онилно. Харин хувийн харилцааны мессенжер болон тусгай үйлчилгээнүүд хоригоос гадна үлдэж байна.
Төр нийгмийн сүлжээг, насны хатуу хязгаарлалт шаардсан согтууруулах ундаа эсвэл тамхи зэрэг бүтээгдэхүүнтэй ижилтгэн авч үзэж буйг шинжээчид онцлон тэмдэглэж байна.
Дэлхий дахины туршлага
Энэхүү трендийн үндэс суурийг Австрали тавьсан. Тус улс мөн 16 хүртэлх насны хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль гаргасан билээ.
Австралийн ч тэр, Их Британийн ч тэр хуулийн онцлог нь хариуцлагыг өөр субъектэд шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл, олон сая ам.долларын торгуулийг эцэг эх бус харин хүүхдүүдийг платформд орох боломжийг бүрдүүлсэн технологийн корпорацууд төлөх юм.
АНУ-д нөхцөл байдал илүү хатуу болсон. Сүүлийн хоёр жилд Флорида, Техас, Юта зэрэг мужууд өөрийн гэсэн хязгаарлалтуудыг тавьж эхэлсэн. 2025 оны дунд үед IT корпорацууд шүүх дээр хөнгөхөн хариуцлагаас мултарч байсан бол 2026 оны зун гэхэд давж заалдах шатны шүүхүүд мужуудын талд шийдвэр гаргах болжээ. Жишээ нь Флорида мужид хатуу хууль хэрэглэхийг зөвшөөрч, орон нутгийн прокурор Snapchat компанитай ширүүн шүүхдэлцэж байна. АНУ-ын Дээд шүүх Миссисипи мужийн ижил төстэй хуулийн хэрэглээг зөвшөөрөөд байна.

АНЭУ-ын эрх баригчид насны хязгаарлалтыг бууруулж, 15 хүртэлх насны хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ хэрэглэхийг хориглов. 15-16 насны өсвөр настнуудад олон нитийн сүлжээг үлдээсэн ч “уяаг нь богиносгожээ”. Платформууд тухайн контентын насны хязгаарыг тогтоож, танихгүй хүнтэй харилцах боломжийг хааж, дэлгэцийн ард өнгөрүүлэх хугацааг хянах, эцэг, эхийн хяналтын функц нэмэх үүрэг хүлээх болжээ. Гэхдээ хориглолт нь бус харин энэхүү хуулийн хэрэглээ нь сонирхол татна. Бүх платформ насыг шалгах функцийг нэвтрүүлэх үүрэгтэй. Ингэхдээ төрсөн огноо хангалтгүй. Цахим үнэмлэхээс гадна хиймэл оюун ухаан дээр суурилсан насыг шалгах системийг нэвтрүүлжээ. Энэ утгаараа, дэлхий дахинд онолын түвшинд маргаж байгаа асуудлыг АНЭУ хуульдаа тусгаад байна.
Техникийн занга
Үүнтэй холбогдуулан энэ төрлийн хууль тогтоомж хэрхэн үйлчлэх вэ гэсэн асуулт урган гарч ирж байна.

Бусад бүх хэрэглэгчийн насыг шалгалгүйгээр 15 настай өсвөр настны нийгмийн сүлжээний оролтыг хаах боломжгүй. Тиймээс платформууд бүх хэрэглэгчийг таних системийг нэвтрүүлэх шаардлагатай нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл баримт бичгийг шалгах эсвэл төрийн мэдээллийн сантай холбогдох шаардлага гарна. Харин энэ нь мэдээлэл алдагдах асар том эрсдэл юм.
Ямартаа ч “интернэт дэх хүүхдийн“ эрин үе бидний нүдэн дээр төгсөж байна. Цаг нь иржээ.

Сэтгэгдэл ( 0 )