БНСУ | Хоолны дуршлаа бууруулахын тулд сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Өмнөд Солонгост хар тамхины хэрэглээ аюултай төвшинд хүрчээ. KBS телевизээр цацагддаг "Straightforward Current Affairs" нэвтрүүлгээр энэхүү асуудлын талаар хөндсөн бөгөөд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ аюултай төвшинд хүрч байгааг онцолсон байна. 

Тус улсын охид, залуусын дунд зугаацахаас илүүтэй биеийн жингээ хасахын тулд энэ төрлийн эм, бэлдмэлийг хэрэглэх тохиолдол эрс нэмэгджээ. Саяхан Сөүл хотын оршин суугч 20 гаруй насны эмэгтэй хий юм харсны улмаас зургаан машин мөргөсөн осол гаргажээ. Тэрээр хоолны дуршлаа дарахын тулд сүүлийн нэг жилийн турш сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрчээ. Энэхүү хэрэг гарсны дараа далд байсан хар тамхины хэрэглээ залуусын дунд газар авч, гаж нөлөөнөөс үүдсэн харамсалтай явдлууд ихсэж буй нь олны анхаарлыг татах болсон байна. 

 

 

Сөүл хотын ихэнх эмнэлгүүдэд хоолны дуршил бууруулдаг эм худалдаалдаг. Энэ төрлийн сурталчилгаа ч мөн хязгаарлалтгүй цацагддаг байна. Тус улсын Эмийн аюулгүй байдал, менежментийн хүрээлэнгээс 2022 оны долоодугаар сард гаргасан судалгаагаар хоолны дуршил бууруулах эмийн жор сүүлийн гурван жилийн дотор 200 сая удаа бичигдсэн хэмээн мэдээлжээ. 

Эдгээр эмийн тархалттай тэмцэхийн тулд биеийн жингийн индекс нь 30 ба түүнээс дээш хүмүүс 4 долоо хоногийн хүртэл хугацаагаар хэрэглэх, өсвөр насныхан хэрэглэхийг хориглох тусгай стандарт гаргасан. Гэсэн ч эдгээр стандартыг дагаж мөрдөөгүй эмч нарт бичгээр сануулга өгдөг нь эмийн тархалтыг зогсоож чадахгүй байна гэх шүүмжлэл дагуулж эхэлсэн байна. 

 

 

Энэ сарын 7-ний өдөр цацагдсан "Straightforward Current Affairs" нэвтрүүлгийн үеэр сэтгэцэд нөлөөлөх бодис орсон эдгээр эмийн хэрэглээ улс орон даяар хэрхэн тархсныг илчилжээ. Нэвтрүүлгийн багийнхан Сөүл дэх эмнэлгүүдээр судалгаа хийж байх явцад “Holy Land of Diet" хэмээн нэрлэгддэг нэгэн эмнэлэгийн гадна 70 орчим хүн хоолны дуршил бууруулах эм авахын тулд шөнө оочерлож, газар хэвтсэн байхтай таарчээ. 

Тус газар оочерлож байсан нэгэн "Энэ эмийг хэрэглээд 12 кг турсан. Одоо жингээ барихаар хичээж байгаа учраас эмээ үргэлжлүүлэн ууж байгаа" хэмээн ярьжээ. 

Нэвтрүүлгийн хамт олон цааш явсаар дахин нэг эмнэлгийн гадна ирэхэд тэднийг өмнөхтэй ижил дүр зураг угтав. Тус газар байсан нэг хэрэглэгч "Би ямар ч дасгал хөдөлгөөн хийгээгүй, мөн хооллох зуршлөө өөрчлөхгүйгээр 10 кг жин хассан" хэмээн ярьжээ. Тус газар мөн 5-18 кг хүртэлх жин хассан хүмүүс оочерлож байжээ. 

 

 

Хүмүүс уг эмийг хэрхэн авдаг болохыг мэдэхийн тулд нэвтрүүлгийн багийнхан өөрсдийн биеэр жор бичүүлэхээр болжээ. Тэд эмчээс эм ууж байх үед илэрч болзошгүй гаж нөлөөний тухай асуухад нойргүйдэл, зүрх дэлсэх, дотор муухайрах, гар мэдээ алдах, орон зайн баримжаа алдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй гэжээ. 

Багийнхан энэ мэтээр 5 өөр эмнэлгээс жор бичүүлэн авчээ. Бичүүлсэн эмийн найрлага хоорондоо ижил төстэй байсныг тэд онцолж байлаа. Эмийн гаж нөлөөг намдаахын тулд мөн тайвшруулах эм нэмж бичдэг тухай нэгэн эм зүйч ярьжээ. Жингээ хасахын тулд эдгээр сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хэрэглэх явдал улам бүр нэмэгдсээр байгаа нь нийгэмд аюул учруулж буйг мөн онцолжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu