Клубүүдийн ДАШТ хүрээгээ тэлж, 32 багтайгаар УБ цагаар бол өчигдөр нээлтээ хийсэн. Лионель Мессигээр ахлуулсан АНУ-ын “Интер Майами” энэ тэмцээнд тусгай урилгаар оролцож, Африкийн Аваргуудын лигийн аварга “Аль Ахли”-тай гоолгүй тэнцлээ. Египетийн баг пенальти цохих эрх авсан ч хаалгач Устари хааснаар энэхүү тоглолтын Шилдгээр нэрлэгдсэн юм.
Дараа нь Германы аварга “Байерн Мюнхен” Шинэ Зеландын “Окланд Сити”-г 10-ээр хожлоо. Хагас сонирхогчдын буюу ажлынхаа хажуугаар хөлбөмбөгөө тоглодог Шинэ Зеландынхан хаалга оноод нэг удаа цохижээ. Харин хариуд нь 10 гоол авсан юм. Мюнхений клуб яагаад илт дутуу өрсөлдөгчөө 10 гоолоор нүдэв? гэвэл энэ хэсэгт Аргентины “Бока Хуниорс” бас Португалын “Бэнфика” байгаа. Хэсгээс эхний хоёр баг гарна. Хэрвээ энэ хоёртойгоо тэнцчихвэл бөмбөгийн зөрүү тоолно. Тиймээс гоолын тоо ахиу байх шаардлагатай. Одоо “Бока”, “Бэнфика” хоёр ч гэсэн “Окланд”-д 10-аас олон гоол оруулахаар улангасан дайрах биз ээ.
“Хүн бүрийн хувьд сайхан л тоглолт боллоо гэж бодож байна. Бид довтолгоондоо эрчтэй байлаа” гэж Германы багийн ахлах дасгалжуулагч Венсан Компани өгүүлсэн байна. Тоглолтын эхний гоолыг Кингсли Коман хийсэн бол шөрмөсний гэмтлийн улмаас 4 дүгээр сарын 4-нөөс хойш тоглоогүй байсан Жамал Мусиала сэлгээгээр гараад 67, 73, 84 дэх минутад гоол оруулж, хет-трик хийлээ.
Мюнхений клубын шинэ тоглогч Жонатан Та гараанд гарлаа. Энэ тэмцээнийг дуусгаад “Байерн”-аас явах Томас Мюллер дубль хийлээ.
Ажилчдын баг гэх нэрийг хэвлэлээс хүртээд буй “Окланд Сити” клубын ахлах дасгалжуулагч Иван Вицелич “Сонирхогчдын баг ийм түвшинд тоглоно гэдэг мөрөөдөл биелсэн явдал.
Талбай дээр нэгэнтээ гарсан бол ямар нуугдалтай биш дээ. Манай багийн залуус их хүч гаргаж, хичээж тоглолоо” хэмээн өгүүлжээ.
"Окланд Сити"-ийн хаалгач Конор Трэйси ажлаасаа цалингүй чөлөө аваад иржээ. "Байерн”, “Бока”, “Бэнфика”-тай тоглохын тулд цалингүй ч гэсэн чөлөө аваад ирэлгүй л яахав" хэмээн тэрбээр ярьсан байна.
Зарим хөлбөмбөгчийг ажил нь явуулахгүй гэсэн тул тэмцээнд ирж чадаагүй гэнэ.
Тоглолтыг стадионд 21 152 хүн очиж үзжээ. Тэдэн дунд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоог шүүмжилж, удирдлагыг нь солихыг шаардсан баннер барьсан хэсэг бүлэг хүмүүс ч байв. “10 жил өнгөрлөө! Дэлхийн хөлбөмбөгийг улам муу удирдах боллоо. ОУХХ-ны удирдлагыг татан буулга” гэж баннерт бичжээ. 10 жил гэхийн учир нь 2015 онд ОУХХ-ны удирдлагын хэд хэдэн ажилтныг авлига, хээл хахуулийн хэргээр дайчлан баривчилсан юм.
Сэтгэгдэл ( 0 )