Арман Дүплантис амласан даруйдаа дээд амжилтаа эвдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 16

 

Шведийн Стогкольмд болж буй хөнгөн атлетикийн Бриллиант лигт Арман Дүплантис өнгөрсөн хоёрдугаар сард тогтоосон Дэлхийн дээд амжилтаа 1 сантиметрээр ахиулж, элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэлээ.

Энэ бол Дэлхийн дээд амжилтыг 12 дахиа тогтоож буй нь. АНУ-д төрсөн ч Шведээр овоглодог 25 настай Арман Дүплантисийг цугласан олон халуун дулаанаар угтаж авахад Дэлхийн дээд амжилтыг заавал эвдэнэ гэж ам гарсан юм.

Амласнаасаа хойш удсан ч үгүй Дэлхийн дээд амжилтын 6.28 метрийг захиалаад, эхний оролдлогоороо шидэт харайлтаа гүйцэтгэлээ.

“Энд Дэлхийн дээд амжилт тогтоох нь миний нэг том мөрөөдөл, зорилго байсан юм. Эх орондоо амжилт гаргах нь Олимпын наадамтай эн зэрэгцэхүйц санагдаж байна. Гэр бүлийнхэн маань бүгдээрээ ирсэн. Стадионы уур амьсгал ч сайхан. Энэ бүх шид надад их хүч өглөө.

Би өмнө дээд амжилт тогтоохынхоо өмнө нь мэдэрдэг, итгэдэг байсан. Харин энэ удаад нэг их базаахгүй байсан болохоор эргэлзэж л байлаа. Гэвч эхний оролдлогоороо бүтээчихлээ. Үүндээ эхэндээ итгээгүй. Анх удаа дээд амжилт тогтоож байгаа юм шиг л сэтгэл хөдөллөө. Чадахгүй гэсэн зүйл дээгүүрээ давж гарсандаа одоо ч итгэж ядан, тархи манантсан мэт байна. Олимпод түрүүлсэн шиг л байлаа” гэж Дүплантис өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu