Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болно.
Одоогоор Монголын баг тамирчдаас Кадербекийн Ёолк хүрэл медаль хүртээд байна. Тэгвэл өнөөдөр Дэлхийн хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн, мөн туршлагатай бөх Болдын Ганхайч, анхны ДАШТ-дээ ирсэн Оюунчимэгийн Шинэбаяр нар барилдана.
81 кг-ын жинд давхарлалгүй ганц О.Шинэбаярыг явуулсан. Одоо 25 настай. Түрүүн өгүүлсэнчлэн анхны ДАШТ нь.
Эхний өрсөлдөгч нь Австрийн 21 настай Бернди Фэшинг, АНЭУ-ын легионер гүрж гаралтай Нугзар Таталашвили хоёрын нэг байх болно. Фэшинг 21 настай. Том амжилтгүй, залуу бөх. Харин Нугзар Таталашвили 35 настай, өнгөрсөн жил Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Нэг бол залуу, үгүй бол ахмад бөхтэй учраа тааран барилдахаар байна.
Хэрвээ эхний өрсөлдөгчөө ялбал Унгарын буюу эзэн орны бөх, хашир туршлагатай Аттила Унгвари юмуу эсвэл Парисын олимпын хүрэл медальт Сомон Махмадбековтой барилдана.
Эмэгтэйчүүдийн 63 кг жинд туршлага, хүч нь жигдэрсэн хоёр жүдоч Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар давхарлаж очлоо.
Дэлхийн аваргын хошой хүрэл Л.Энхрийлэн жин өгсөж Азийн АШТ-д ороод мөнгөн медаль хүртсэн. ДАШТ-д шинэ жиндээ өрсөлдөхөр очлоо. Түүний өрсөлдөгч нь Кубын Деле Торо Карвахаль юмуу Хорватын Катарина Кристо хоёрын хэн ялсан нь байх болно. Хэрвээ эхний өрсөлдөгчөө ялбал дараа нь Францын 20 настай Мелкиа Ошекорнтой барилдах магадлал өндөртэй.
Ошекорн бол анхны ДАШТ-дээ оролцож буй залуу бөх. Гэхдээ энэ жил гурван “Их дуулга”-аас дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Эхлээд Парисын “Их дуулга”-д хүрэл, дараа нь Душанбэгийн “Их дуулга”-аас мөнгө, тэгээд Барысийн “Их дуулга”-д түрүүлээд ирж байгаа юм. Гэхдээ Ошекорн эхлээд Венесуэлийн 31 настай, хоёр ч олимпын татамид гарсан Барриос Анеикелисийг ялж байж Л.Энхрийлэн дээр очих юм.
30 настай Болдын Ганхайч найм дахь ДАШТ-дээ оролцох гэж байна. Энэ жил Душанбэгийн “Их дуулга”-д түрүүлсэн. Түрүүлэхдээ түрүүн дурдсан Францын Мелкиа Ошекорныг ялсан юм.
Б.Ганхайчийн эхний өрсөлдөгч нь Чехийн 25 настай Рената Зачова юмуу Өмнөдийн Солонгосын Син Чэвон хоёрын хэн ялсан нь байх болно. Зачова Европын хошой аварга тамирчин. Хэрвээ манай тамирчин эхний өрсөлдөгчөө ялчихвал дараа нь Хятадын Тайванийн Юань Пэй, гүрж гаралтай ОХУ-ын Дали Лулуашвили, Австрийн Лубанья Пиовесана нарын нэгтэй нь барилдахаар сугалаа харагдана.
Пиовесана ноднин Баку, Душанбэ-гийн “Их дуулга”-д түрүүлсэн. Дали Лулуашвили “Их дуулга”-ын хоёр мөнгөтэй, Юань Пэй энэ жилийн Азийн аваргын хүрэл медаль хүртсэн юм.
Гурав бөхдөө амжилт ерөөе!
Сэтгэгдэл ( 2 )
8 удаа ДАШТ-д үзсэн хүн уг нь туршлага гэж аймаар, баргийн юмыг аргалчихаар л болсон байх учиртай, харж л байя даа
8 udaa oroltsson ch geh shig manaihan hasrahgui uidahgui yvuulhiimaa