Гурван улсын үлгэр | 90 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  90 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ИХ ГӨРӨӨСИЙГ ДОВТОЛГОН МАНЬ АЙМГИЙН ЦЭРГИЙГ ЗУРГААНТАА ЭВДСЭН

ОРООНГО ХУЯГТ ЦЭРГИЙГ ШАТААЖ МӨНХУОГ ДОЛООНТОО БАРЬСАН

 

Өгүүлэх нь: Кунмин, Мөнхуо нарын хүнийг тавин илгээсэн хойно Янфөн эцэг хөвгүүнийг цөм түшмэл өргөмжилж цэргийн хүнийг шагнасан хойно Янфөн нар хишигт мөргөж одов. Мөнхуо нар шөнө дөлөөр Инь Кундун агуйдаа эгжээ. Тэр агуйн гадна гурван мөрөн буй. Лүншүй, Гань Наньшүй, Си Чөньшүй. Энэ гурван замын ус нийлсэн тул гурван мөрөн хэмээжээ. Тэр агуйн умардад тэгш тал хоёр зуу илүү газар буй. Түмэн зүйлийн юм ургамуй. Агуйгаас баруунш хоёр зуун газрын үзүүрт давсан худаг буй. Баруун өмнө хоёр зуун газар шууд Лү, Гань хоёр голд хүрэх ажээ. Чиг өмнө гурван зуун газрын үзүүрт Лян Дүдун агуй буй, агуйд уул аж, агуйг гархилан тэвэрчээ. Ууланд мөнгөний уурхай буй тул Инькун шань хэмээн нэрлэжээ. Уулын дотор орд харш, асар тагт аж Мань вангийн үүр суурь болой. Түүний дунд нэгэн өвгөсийнсүм байгуулаад түүнийг “Гэрийн чөтгөр” хэмээн нэрлэмүй. Дөрвөн цагт морь үхэр алж тахимуй. Тэр ёслолыг “Чөтгөрийг тахих” хэмээн нэрийдэж жил бүр Шу улсын хүн жич харь улсын хүнээр тахимуй. Хэрвээ хүн өвчин хүрвээс эм уухгүй гагц бөө буулгаж даатгамуй. Үүнийг “Эмийн чөтгөр” хэмээмүй. Тэр газар эрүү цааз гэж үгүй. Ял халдагсдыг даруй алмуй. Охид насанд хүрвээс мөн нууранд умбаж эр эм харилцан хутгалцаад дураар холбомуй. Эцэг эх цаазлахгүй. Үүнийг “Чадал сурахуй” хэмээн нэрийддэг. Жилийн бороо дээш болохул тутарга хоног таримуй. Хэрвээ тариа төрөхгүй болбоос могойг алж шөл болгон зааныг чанаж будаа болгомуй. Нэгэн дөрвөлжийн доторх дээд өрхийг “агуйн эзэн” хэмээн цолдмуй. Дэдийг “Олны дарга” хэмээмүй. Сар бүрийн шинийн нэгэн арван тавны хоёр өдөр цөм гурван мөрний хот дотор хурж худалдаа наймаа хийж сольж арилжмуй, түүний зан ааль нь энэ мэт бөлгөө.

Тэндээс Мөнхуо агуйд байж олон ураг удмын мянга илүү хүмүүсийг хуруулж өгүүлрүүн: “Би удаа дараа Шу улсын цэрэгт гутаагдсан тул эрхгүй ам алдаж “Хариу авсугай!” хэмээмүй. Танд ямар сайн арга буй” хэмээн хэлж дуусахын урьд нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Би нэгэн хүнийг өргөсөнд эрхгүй Жугө Ляныг эвдэж чадмуй”. Олон үзвээс Мөнхуогийн эмийн дүү болой. Эдүгээ найман аймгийн дарга болж баймуй. Нэрийг Дайлай Дунжү102 хэмээмүй. Мөнхуо ихэд баярлаж яаран асууруун: “Ямар хүн буй” хэмээвээс дайлай агуйн эзэн өгүүлрүүн: “Эндээс баруун өмнө зовхист Ба Надүн агуй буй. Түүний эзэн Мүлү Дайван нь арга увдист гүн нэвтэрсэн бөгөөд гарваас заан унамуй. Салхийг урьж бороог дуудаж чадах хийгээд барс ирвэс, шарнууд чоно, хорт могой, хилэнцэт хорхойг дагамуй. Гар доор нэнд гурван түмэн хувилгаан цэрэг буй бөгөөд маш баатар, их ван нэгэн бичиг бичиж ёсны бэлгийн эд бэлтгэ! Би биеэр очиж гуйсугай! Хэрвээ тэр хүмүүн хүлээн авбаас хэрхэн Шу улсын цэргээс эмээмүй?. Мөнхуо баярлан даруй улсын нагацад бичиг бариулан залахаар илгээгээд Дуосы Дайвангаар Саньзян мөрний хотыг сахиулж халхавч болгов.

102 Агуйн эзэн

Тэндээс Кунмин цэрэг авч шууд Саньзян хотод хүрч холоос хотыг анхаарваас гурван этгээдэд ус тойрч гагц нэгэн этгээд хуурайд нэвтэрмүй. Даруй Жао Юнь, Вэй Яньд нэгэн салааны цэрэг өгч “Хуурай замаар хотыг байлд!” хэмээн илгээв. Цэрэг хотын доор хүрвээс хэрмийн дээрээс холховч нумаар дэмий л харвамуй. Угаас агуйн хүн холховч нуманд сайн боловсорсон тул нэгэн нуманд арван зэв онилоод цугаар харвах бөгөөд зэвийн үзүүрт цөм хорт эм буй. Үүнд оногдсон хүн арьс мах ялзран таван цул үзэгдэж үхмүй. Тиймийн тул Жао Юнь, Вэй Янь ялгуухгүй. Эгж Кунминд эмт зэвийн учрыг хэлсэн хойно Кунмин бага тэргэнд сууж цэргийн өмнө ирэн үнэн ташааг үзээд хүрээнд эгж цэргийг хэдэн газар хойш эгүүлэв. Мань улсын цэрэг Шу улсын цэргийг хол эгснийг үзээд цөм их л инээлцэн баярлаж гагц “Шу улсын цэрэг айгаад эгэв” хэмээн бодож шөнө сэтгэл амар унтжээ. Харуулын хүн гарахгүй болжээ.

Тэндээс Кунмин цэргийг эгүүлснээс хүрээний хаалгыг хааж нэгэн дараагаар таван өдөр болтол огт цааз зарласангүй. Нэгэн өдөр гэгээ тасрах үес гэнэт бага салхи сэрчигнэн үүссэн хойно Кунмин цааз зарлаж өгүүлрүүн: “Цэргийн хүн бүр нэжгээд хормой бэлтгэж нэгдүгээр жингийн үед байцаахыг хүлээн үгүйг нь алмуй!” хэмээв. Олон жанжин цөм түүний санааг мэдэхгүй. Олон цэрэг захианы ёсоор бэлтгэсэнд Кунмин анх жингийн үест зарлаж өгүүлрүүн: “Цэрэг бүрийн хормойд нэжгээд баглаа шороо хормойлогтун. Үгүйг нь алмуй!” хэмээсэнд олон бас ч санааг мэдэхгүй аргагүй захиаг дагаж бэлтгэв. Кунмин бас зарлаж хэлрүүн: “Олон цэрэг багласан шороог цөм Саньзян мөрний хотын доор тушаагтун! Урьд хүрсэн хүнд шагнамуй” хэмээсэнд олон цэрэг захиаг сонсоод цөм шороо баглаж нисэх мэт хотын доор ирэв. Кунмин даруй шороог овоолон гишгэсээр зам болгоод “Хамгийн түрүүнд хэрмийн дээр гарсан нь “Тэргүүн гавьяатан” хэмээв. Түүнээс Шу улсын цэрэг арав илүү түм бөгөөд жич дагасан цэрэг түм илүүгийн эл багласан шороог нэгэн зэрэг хотын доор цутгасанд агшин зуур уул болж хотын дээрэ залгалдав. Нэгэн нууц тэмдэг дуугарсанд Шу улсын цэрэг цөм хотын дээр гарав. Мань цэрэг яаран “Холховч нум харвасугай!” гэтэл их хагасыг барьжээ. Өөр үлдсэн нь хотыг гээж одов. Дуосы дайван самуун цэргийн дотор үхжээ. Шу улсын жанжин цэргийг захиран зам хувааж хядан алав. Кунмин Саньзян хотыг авч олсон сувд эрдэнэ, эд таваарыг бүрнээ цэргийн хүнд шагнав. Дарагдсан Мань улсын цэрэг эгж Мөнхуод уулзан өгүүлрүүн: “Дуосы дайван үхээд Саньзян хот эвдэв” хэмээв.

Түүнээс Мөнхуо ихэд цочиж хараахан зовж ахуйд бас хүн хэлрүүн: “Шу улсын цэрэг нэгэнтээ мөрнийг гэтлээд өнөө агуйн өмнө ирж буудаллажээ” хэмээсэнд Мөнхуо ихэд цухалдан бүхийд гэнэт ташаалавчийн хойдоос нэгэн хүн ихэд инээсээр гарч өгүүлрүүн: “Чи эр хүн бөгөөд юунд ийм ухаангүй буй? Би хэдий нэгэн эхнэр боловч чам лугаа хамт гарч байлдахыг хүсмү!”. Мөнхуо үзвээс харин түүний эм Жу Рун овогт103 болой. Хатан үе улиран НаньМаньд суусан Жу Рун овогтын үр бөлгөө. Илд нисгэж чадах бөгөөд зуун удаа харваваас зуунтаа ономуй. Мөнхуо босоод талархан хэлсэнд хатан даруй морь унаж угсааны баатар жанжин зуу илүү хүнийг дагуулан Ень Кундунгаас гаран Шу улсын цэрэг лүгээ байлдахаар ирэв. Сая агуйн амыг өнгөрөн гартал нэгэн салааны цэрэг замыг тосжээ. Тэр Шу улсын жанжин Жан И байлаа. Мань цэрэг тэднийг үзвээс даруй хоёр тийш жагссан хойно Жу Рун хатан ардаа таван нисэх илд үүрэн, гартаа урт хануур жад бариад бужгар үстэй улаан морь унаж гарав. Жан И үзээд сэмээр сонирхож хоёул байлдаад хэдэн удаа болсонгүй хатан морь буцаан буруулав. Жан И нэхэж ирэх үед хий агаараас нэгэн нисэх илд бууж ирэв. Жан И яаран гараар зайлуулахад чив гэтэл зүүн мөр оногдон мориноос унав. Мань улсын цэрэг хамтаар ирээд Жан Иг барьж аваачив. Мажун, Жан Иг баригдав хэмээн сонсоод яаран тусалхаар ирвээс хэдийн Мань цэрэгт хаагдаад үзвээс Жу Рун хатан хануур жад барин морь татаж зогсож буй. Мажун хилэгнэж урагш байлдахаар ороход морь бүдэрч унасан тул бас баригдаад цөмийг агуйд хүлж аваачин Мөнхуод уулзсаны хойно Мөнхуо хурим бэлтгэж баярлахад Жу Рун хатан илд сүх барьсан хүнийг дуудаж Жан И, Мажунг гаргаж алсугай хэмээсэнд Мөнхуо зогсоож өгүүлрүүн: “Жугө Лян намайг таван удаа тавьсан тул эдүгээ түүний жанжинг албаас журамгүй болмуй. Түр агуйд хорьж тавиад Жугө Ляныг барьсан хойно хамт албаас удахгүй болой” хэмээсэнд хатан үгийг дагаж хөгжим үүсгээд инээлдэн уулцав.

103 Жу Рун ши бол Жуань Сюй ши-ийн хөвгүүн бөгөөд галын сахиус гэж домог ярианд байдаг.

Тэндээс буруулсан цэрэг эгж Кунминд тэр учрыг хэлсний хойно Кунмин Мадай, Жао Юнь, Вэй Янийг дуудаж арга сургасанд тус бүр цэрэг авч одов. Жич өдөр Мань улсын цэрэг агуйд ирж хэлрүүн: “Жао Юнь байлдахаар иржээ” хэмээв. Жу Рун хатан даруй угтан гарч байлдаад хоёр удаа болсонгүй Жао Юнь морь буцааж буруулав. Жу Рун хатан цэрэг бүгсэн болов уу хэмээн эмээж нэхсэнгүй эгсэнд Вэй Янь бас цэрэг авч байлдахаар иржээ. Жу Рун морио давхин угтан байлдаад халмагших хооронд Вэй Янь хууран дарагдаж буруулав. Жу Рун хатан бас эмээж нэхсэнгүй. Жич өдөр Жао Юнь бас цэрэг авч ирсэн хойно хатан цэрэг авч гараад хоёул байлдан хэдэн удаа болсонгүй. Жао Юнь буруулсанд хатан нэхэхгүй цэрэг хурааж агуйдаа эгсүгэй хэмээтэл Вэй Янь нэгэн анги цэрэг авч ирээд ичээн хараахад хатан жад өргөж Вэй Яньгийн зүг байлдахаар оров. Вэй Янь морь буцаан явхуйяа хатан ихэд хилэгнэн нэхэж ирэхэд Вэй Янь морь довтолгон уулын дотор орж бага замаар дутаан явж байтал гэнэт арын хойно буун дуу нэгэнтээ гарчээ. Вэй Янь хойш хандаж үзвэл хатан мориноос тонгорцоглон унав. Үзвээс, Мадай энд ирж бүгээд морийг чөдрөөр чөдөрлөн унагасан ажгуу. Даруй дээсээр хүлээд их хүрээнд авч ирэв. Мань цэрэг яаран тэнхрүүлэхээр ирснийг Жао Юнь нэгэн зэрэг алж сарниулжээ. Кунмин цацарт суусанд Мадай, Жу Рун хатныг авч ирэв. Кунмин яаран цэргийн хүнээр дээсийг тайлуулан өөр гэрт суулгаж тохруулан архи уулган элч зараад Мөнхуод хэлүүлсэн нь “Жу Рун хатангаар Жан И, Мажун хоёр жанжинг сольсугай!” хэмээв. Мөнхуо үгийг дагаж даруй Жан И, Мажунийг тавьж илгээсний хойно Кунмин хатныг агуйд хүргүүлэв. Мөнхуо угтаж оруулаад баярланам бөгөөд хорсмуй. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Ба Надунгийн эзэн хүрч ирэв” хэмээжээ. Мөнхуо угтан гарч үзвээс тэр хүн цагаан заан унаад биедээ алт танын чимэгт хувцсыг өмсжээ. Сүүжиндээ хоёр их илд зүүж нэгэн сүрэг барс чоно мэт хүмүүсийг дагуулжээ. Мөнхуо угтаж оруулаад урьдын үйлийг дуусган хэлсэнд Мүлү Дайван өгүүлрүүн: “Хариу авч өгсүгэй!” хэмээсэнд Мөнхуо ихэд баярлаж хурим бэлтгэж хүндлэв. Жич өдөр Мүлү Дайван харьяат цэрэг зэрлэг араатныг авч гарав. Жао Юнь, Вэй Янь нар Мань улсын цэрэг гарсныг сонсоод даруй цэрэг морийг жагсааж хоёр жанжин дөрөө нийлүүлэн жагсаалын өмнө зогсож үзвээс Мань цэргийн туг хиур зэвсэг цөм өөр бөгөөд хүн олонх нь хувцас өмссөнгүй. Цөм нүцгэн, нүүр сүрхий, биед дөрвөн үзүүрт хутга зүүж, цэрэгт хэнгэрэг дэлдэхгүй гагц харанга цохиж тэмдэг болгомуй. Мүлү Дайван сүүжинд хоёр эрдэнийн илд зүүгээд гартаа хонх барьж цагаан заан унаад их тугийн доороос гарав. Жао Юнь үзээд Вэй Яньгийн зүг өгүүлрүүн: “Бид нэгэн насандаа цэрэгт явсан боловч энэ мэт аймшигтай хүнийг үзсэнгүй” хэмээгээд хоёул сэжиглэж байтал Мүлү Дайван амандаа тарни уншиж хонхыг сажилснаар гэнэт их салхи дэгдэж чулуу элс хийсээд догшин бороо орох мэт. Нэгэнтээ бүрээн дуу гартал барс, ирвэс, шарнууд, чоно, хорт могой, зэрлэг араатан цөм салхийг даган гарч ирээд амыг ангайж хумсаа сарвайлган дайран ирсэнд Шу улсын цэрэг яахан тулж чадах аж. Хойш буруулан явахуйяа Мань цэрэг хойноос нэхэж алсаар шууд Саньзян мөрний хязгаарт хүрээд сая хойш эгэв. Жао Юнь, Вэй Янь хоёр дарагдсан нэргийг хураан Кунмингийн дэргэд ирж ял хүлээн учрыг хэлэв. Кунмин инээд өгүүлрүүн: “Танай хоёулын ял бус би улалжийн гэрээс гарч ирэх цагт НаньМаньд барс ирвэсийг хөөж байлдах арга байхыг урьдаас мэдээд Шу улсад аху үес нэгэнтээ энэ жагсаалыг эвдлэх юмыг бэлтгэж тавьсан бөлгөө. Цэрэгт байх хорин тэргэнд битүүмжлэн амуй. Энэ өдөр нэгэн хагасыг хэрэглээд үлдсэн хагасыг хожмын өдөр хэрэглэхээр үлдээсүгэй!” хэмээн даруй жигүүрийн ардаар арван улаан авдартай тэргийг цацрын өмнө авч ирүүлээд хар авдартай тэргийг хойно тавиулав. Олон цөм ухааныг мэдэхгүй. Кунмин тэр авдрыг нээлгэсэнд цөм модыг сийлж зурсан их гөрөөс бөгөөд таван өнгийн утсаар үс хийж, төмрөөр араа хумс болгоод, нэгнийх нь дээр арван хүн сууж болмуй. Кунмин мянга илүү цэргийг шалган модон гөрөөс нэг зууг авч дотор нь дарь гал ноцоох юмыг нуугаад тэргэнд тээв. Жич өдөр Кунмин цэрэг авч ороод агуйн амсарт жагсаасан хойно Мань цэрэг туршиж олоод агуйд орж Маньванд мэдүүлсэнд Мүлү Дайван биед дайсангүй хэмээн санаж даруй Мөнхуо лугаа цэрэг авч гарав. Кунмин бумбын малгай, өдөн дэвүүр барьж тэргэнд суужээ. Мөнхуо зааж хэлрүүн: “Тэр тэргэнд суусан нь Куимин болой. Түүнийг барьсанд их үйл бүтмүй” хэмээсний хойно Мүлү Дайван амандаа тарни уншиж гартаа хонх хөдөлгөсөнд агшин зуур муу салхи дэгдэж зэрлэг араатан цулхийж гарч ирэв. Кунмин өдөн дэвүүрийг нэгэнтээ сэжилмэгц агшин зуур тэр салхи эгээд тэдгээрийн жагсаалын зүг салхилахуйяа Шу улсын жагсаалаас модон гөрөөс сүрэглэн гарч ирэв. Мань улсын үнэн араатан Шу улсын их гөрөөсний амнаас гал үлээж, хамраас хар утаа гарч, биед гуулин хонх дуугаран, шүд ярзайн, хумсыг дэлгэж ирэхэд Мань улсын олон муу гөрөөс айж урагшлахгүй. Цөм агуйн зүг буруулахад гэдрэг Мань улсын цэргийг дайран унгасан нь тооловч барахгүй. Кунмин цэрэг авч хэнгэрэг харангыг хамтаар цохин нэхэж алсанд Мулү Дайван самуун цэрэгт үхэв. Агуйн доторх Мөнхуогийн угсаа цөм орд харшийг гээж уул хадыг давж буруулсан тул Кунмингийн их цэрэг Инь Кундун агуйг олов. Жич өдөр Кунмин төвхийтэл Мөнхуог эрж барьсугай хэмээн бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Мөнхуогийн эмийн дүү Дай Лайдунгийн эзэн Мөнхуог дагуулсугай хэмээн сануулбаас Мөнхуо болохгүй тул эдүгээ Мөнхуо, эм Жу Рун хатан жич түүний угсааны хэдэн зуун хүнийг дуусган бариад өргөхөөр иржээ” хэмээн мэдүүлсэнд Кунмин сонсоод даруй Жан И, Мажунг дуудаж “Ийм! Тийм!” сургасанд хоёр жанжин аргыг хүлээн хоёр мянган цэргийг хоёр саравчинд бүгүүлсэн хойно Кунмин хаалга сахисан жанжинд хэлж Цөмийг оруултугай!” хэмээв. Дай Лайдунгийн эзэн илд сүх барьсан хүнийг авч Мөнхуогийн зэрэг хэдэн зуун хүнийг авчран харшийн доор сөгтгөсөнд Кунмин өндөр дуугаар зандарч өгүүлрүүн: “Надад цөмийг баримтлан өг!” хэмээтэл хоёр саравчны бүгсэн цэрэг цугаар гарч хоёр хүн нэжгээдийг барьж дуусган хүлэв. Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Та нар энэ бяцхан аргаар намайг хэрхэн хуурч чадмуй? Анх хоёр удаа цөм чиний уул агуйн хүн чамайг барьж дагахаар ирснийг би цөмийг алсангүй тул та нар намайг гүн итгэмүй хэмээн өнөө хууран дагаад намайг агуйн дотор алсугай хэмээгч бус уу?” хэмээгээд цэргийн ардыг зандарч биеийг нэгжүүлбээс үнэхээр тус бүр нэжгээд хурц илд амуй. Кунмин Мөнхуогоос асуун өгүүлрүүн: “Чи угтаа чиний гэрээс баривал “Сая үнэн сэтгэлээр дагамуй” хэмээсэн бөлгөө. Энэ өдөр ямар болой?”. Мөнхуо өгүүлрүүн: “Энэ нь бид өөрөө үхэхээр ирснээс чиний чадал бус тул би яахан дагамуй!”. Кунмин өгүүлрүүн: “Би чамайг зургаан удаа барьсан атал бас бишрэхгүй одоо ямар цагийг хүлээх аж”. Мөнхуо өгүүлрүүн: “Чи долоон удаа бариваас би сая сэтгэл цутган дагамуй. Ам алдаж одоо урвахгүй!” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Чиний үүрийг нэгэнтээ эвдсэн тул би юунд зовмуй?” хэмээн хэлээд цэргийн ардаар хүлсэн дээсийг тайлуулж зандран өгүүлрүүн: “Дахин барьж авсны хойно хэрхэн зайлуулан хэлэвч хэмээн хөнгөлөн хэлтрүүлэхгүй!” хэмээсэнд Мөнхуо нар толгойгоо тэвэрсээр хулгана мэт одов.

Тэндээс дарагдсан цэргийн их хагас цөм шарх олж оргон явж байтал Мөнхуод учрав. Мөнхуо тэр цэргийг хураан аваад сая дотроо амар болж даруй Дай Лайдунгийн эзний зүг өгүүлрүүн: “Бидний агуй нэгэнтээ Шу улсын цэрэгт эзлэгджээ. Одоо хаашаа очиж бие оршмуй” хэмээсэнд Дай Лайдунгийн эзэн өгүүлрүүн: “Гагц нэгэн улс буй. Шу улсын цэргийг эвдэлбээс болмуй”. Мөнхуо баярлаж өгүүлрүүн: “Ямар газар очиж болмуй?” хэмээсэнд Дай Лайдунгийн эзэн өгүүлрүүн: “Үүнээс зүүн өмнө долоон зуун газрын эцэст нэгэн улс буй. Нэрийг Үгө улс хэмээж, тэр улсын эзний нэрийг Ү Тугү хэмээмүй. Биеийн өндөр хоёр хос алд, хоёр тохой буй. Таван тариа үрийг идэхгүй амьд могой, муу араатнаар будаа болгомуй. Биед хайрст хуяг буй, илд жад даахгүй. Доорх цэрэг цөм ороонгоор хуяг хийж өмсжээ. Тэр ороонго уулын хавцал доторхи чулууг ороож ургамуй. Улсын хүн түүж аваад тосонд дэвтээж хагас жил болсон хойно гаргаж наранд ээдэг. Хатсан хойно дахин дэвтээж бараг арван хэдэн удаа болбоос сая авч хуяг хиймүй. Тэр хуягийг биедээ өмсвөөс мөрөнг гэтэлбээс живэхгүй, ус эс нэвтрэн, илд зэв орохгүй. Тийнхүү “Ороонго хуягт цэрэг” хэмээн нэрийдмүй. Эдүгээ дайван одож гуйгаад хэрвээ тэр тусалбаас Жугө Лянг эвдэх нь “Хурц илдээр хулс модыг цавчих мэт хялбар болой” хэмээжээ. Мөнхуо ихэд баярлан Үгө улсад очиж Ү Тугүд золгохоор ирэв. Түүний агуйд гэр бараагүй цөм шороон нүхэн дотор сууж буй. Мөнхуо агуйд орж давтан мөргөж урьдын үйлийг хэлж гуйсанд Ү Тугү өгүүлрүүн: “Би агуйн цэргийг авч чиний төлөө хариу авч өгсүгэй!” хэмээсэнд Мөнхуо талархан мөргөв. Түүнээс Ү Тугү цэрэг дагуулах хоёр их даргыг дуудав. Нэгний нэр Ту ань, нэгний нэр Сини. Тэдгээр гурван түмэн ороонго хуягт цэрэг авч Үгө улсаас зүүн хойд зүг явсаар нэгэн мөрөнд хүрэв. Нэрийг нь “Таохуа Шүй”104 хэмээмүй. Хоёр хөвөөнд тоорын мод ургажээ. Түүний навч жил бүр мөрний усанд зулгаран ормуй. Хэрвээ өөр улсын хүн ууваас үхмүй. Гагц Үгө улсын хүн ууваас нэнд хүч нэмэгдмүй. Ү Тугүгийн цэрэг “Тоорын цэцэгт гол”-ын оломд хүрч хүрээ буугаад Шу улсын цэргийг хүлээв.

104 Тоорын цэцэгт гол

Тэндээс Кунмин Мань улсын хүнээр харуул тавьж Мөнхуогийн мэдээг авахуулбаас хойш мэдүүлрүүн: “Мөнхуо Үгө улсын эзнийг залж гурван түмэн ороонго хуягт цэргийг авч ирээд “Тоорын цэцэгт гол”-ын аманд хүрээ буув. Мөнхуо бас газар газрын цэргийг хуруулан бүгд хүчээр байлдмуй” хэмээмүй. Кунмин сонсоод цэрэг авч ороод шууд “Тоорын цэцэгт гол”- ын оломд хүрч ирээд мөрнийг алслан Мань улсын байдлыг үзвээс хүний дүргүй, маш муухай, бас газрын хүний үгийг сонсвоос:

“Удалгүй тоорын навч голд унах тул усыг ууж болохгүй!” хэмээмүй. Кунмин таван газар эгж буудаллаад гагц Вэй Янийг үлдээж хүрээ сахиулав. Жич өдөр Үгө улсын эзэн нэгэн салааны цэрэг авч мөрнийг гэтэлж харанга хэнгэрэг цугаар дуугаргахад Вэй Янь угтан гарваас Мань цэрэг чийрс ороох мэт хүрч ирэв. Шу улсын цэрэг холховч нумаар харваваас зэв хуягт оноод нэвтрэхгүй цөм газарт унав. Илдээр цавчин жадаар хатгаваас бас даахгүй. Мань цэрэг цөм хурц илд, төмөр сүх хэрэглэх тул Шу улсын цэрэг яахан эсэргүүцэн чадмуй. Цөм буруулан явсанд Мань цэрэг нэхсэнгүй Вэй Янь дахин эгж “Тоорын цэцэгт гол”-д хүрч үзвээс Мань цэрэг цөм хуягтайгаар голыг гэтэлмүй. Зүдсэн нь хуягийг тайлж усан дээр тавиад дээр сууж гэтэлмүй. Вэй Янь даруй их хүрээнд эгээд Кунминд тэр учрыг нарийвчлан хэлсэнд Кунмин, Люйкай жич газрын хүнийг авчирч асуухад Люйкай өгүүлрүүн: “Би хэдийн сонсвоос Мань улсад нэгэн Үгө улс хэмээгч буй. Хүний зүйг мэдэхгүй ороонгоор хийсэн хуягаар биеийг халхалж шархдуулахад бэрх, бас тоорын навчит муу ус буй. Уул улсын хүн уусанд нэнд хүч нэмэгдэж бус улсын хүн уувал даруй үхмүй. Тийнхүү Мань аймгийг хэдий байлдан дийлэвч ямар тус буй? Эртхэн цэрэг эгэхэд хүрэхгүй” хэмээхэд Жугө Лян ихэд инээж өгүүлрүүн: “Миний энд хүрч ирсэн нь хялбар бус, юунд нүүр гээж эгмүй? Надад маргааш аяндаа Мань улсыг эвдлэх арга буй” хэмээгээд Жао Юньгаар Вэй Яньд туслуулан хүрээг сахиулж “Битгий хөнгөлж гарагтун!” хэмээв. Жич өдөр Кунмин өөрийн бие газрын хүнээр зам дагуулан нэгэн бага тэргэнд сууж “Тоорын цэцэгт гол”-ын оломд одоод хойд хөвөөний уулын доор тойрон, газрын байдлыг үзэхэд уул бэрх хад өндөр тул тэрэг явбаас болохгүй. Кунмин тэргийг гээж явгалан явсаар нэгэн ууланд хүрвээс нэгэн зав үзэгдмүй. Байдал урт могойн адил, тойрон цөм хийсэм хад, өвс мод ургасангүй, дундад нэгэн их зам буй. Кунмин газрын хүнээс асууруун: “Энэ завын нэр юу?” хэмээвээс газрын хүн өчрүүн: “Нэрийг Пань Шөгү зав хэмээмүй. Завыг гарваас Саньзян хотод одох их зам бөлгөө. Завыг бас Талан дянь хэмээмүй”. Кунмин ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ тэнгэр намайг энд гавьяа бүтүүлэх нь болой” хэмээгээд хуучин замаар эгж тэргэнд суугаад хойш хүрээнд ирсэн хойно Мадайг дуудаад сургаж өгүүлрүүн: “Чамд хар авдартай тэрэг арвыг өгсүгэй! Хулс мод нэг мянгыг бэлдээд авдран доторх юмыг ийм тийм болготугай! Харьяат цэргийг авч Пань Шөгү завын хоёр амыг сахиад аргын ёсоор яв! Чамд хагас сарын хугацаа өгсүгэй! Аливааг цөм бэлтгэн хугацаанд хүрвээс аргыг явуулах тул хэрвээ задруулбаас цэргийн цаазаар аваачмуй!” хэмээн сургаж илгээв. Бас Жао Юнийг дуудаад сургаж өгүүлрүүн: “Чи Пань Шөгүгийн хойд Саньзян мөрний их замын аманд одож энэ мэт сахигтун! Эл хэрэглэх эдийг болзооны өдөр бэлтгэж дуусга!” хэмээн сургаж илгээв. Бас Вэй Янийг дуудаж сурган өгүүлрүүн: “Чи харьяат цэргээ авч “Тоорын цэцэгт гол”-ын оломд очиж хүрээ байгуул! Хэрвээ Мань цэрэг байлдахаар ирсэнд даруй хүрээг гээгээд цагаан туг босгосон зүгт яв! Хагас сарын хугацаа дотор залгалдаагаар арван таван удаа буруулж долоон хүрээг гээгтүн, арван дөрвөн удаа алдавч надад битгий золгохоор ирэгтүн!” хэмээн сургасны хойно Вэй Янь захиаг хүлээн авч баяргүй одов. Кунмин бас Жан Иг дуудаж өөрийн нэгэн салааны цэрэг өгч заасан газарт долоон хүрээ байгуулахаар илгээв. Бас Жанг И, Мажунд уул агуйн шинэ дагасан нэг мянган цэргийг өгч ийм тийм яв хэмээн сургасанд тус бүр аргыг хүлээн одов.

Тэндээс Мөнхуо, Үгө улсын эзэнд өгүүлрүүн: “Жугө Лянд олон уран арга буй. Ямагт цэрэг бүгүүлмүй. Үүнээс хойш байлдахад олон цэрэгт өгүүлж уул завын дотор мод шугуйн ягч газар үзэгдвээс битгий хөнгөлөн орогтун!” хэмээсэнд Ү Тугү өгүүлрүүн: “Дай Вангийн хэлсэн нь маш зохистой. Би бас дундад улсын хүний хуйхар арга олныг мэдмүй. Үүнээс хойш энэ үгээр явсугай! Би өмнө зүг байлдваас чи хойд галд сурган хэлэгтүн!” хэмээн зөвдөлцөн тогтов. Гэнэт хүн хэлрүүн: “Шу улсын цэрэг “Тоорын цэцэгт голын” хойд хөвөөнд хүрээ байгуулжээ” хэмээсэнд Ү Тугү даруй цэргийн хоёр даргыг зарж цэргийг авч голыг гэтлэн Шу улсын цэрэг лүгээ байлдсанд хэдэн удаа байлдсангүй Вэй Янь даруй буруулав. Мань цэрэг бүгсэн цэрэг буй болов уу хэмээн болгоомжилж нэхсэнгүй эгэв. Жич өдөр Вэй Янь бас эгж хүрээ байгуулсан хойно Мань цэрэг мэдээд бас гол гэтэлж байлдахаар ирсэнд Вэй Янь угтан гарч хэдэн удаа байлдаад бас буруулав. Мань цэрэг арван газар илүү нэхээд үзвээс дөрвөн этгээдэд огт чимээгүй тул даруй Шу улсын хүрээнд буудаллав. Жич өдөр хоёр дарга Ү Тугүг хүрээндээ залж ирээд энэ учрыг хэлсэн хойно Ү Тугү даруй их цэрэг авч ороод Вэй Янийг нэгэн зэрэг нэхсэнд Шу улсын цэрэг хуяг дуулгыг гээж явав. Үзвээс өмнө цагаан туг харагдмуй. Вэй Янь даруй дарагдсан цэргийг авч яаран цагаан туг босгосон газарт очвоос нэгэн хүрээ буй тул мөн хүрээнд буув. Ү Тугү бас нэхэж ирсэнд Вэй Янь цэрэг авч хүрээг гээж явсан тул Мань цэрэг Шу улсын хүрээг олов. Жич өдөр бас урагш нэхсэнд Вэй Янь цэрэг эгүүлэн байлдаад гурван удаа болсонд бас дарагдаж гагц цагаан тугийн зүг явбаас бас нэгэн хүрээ буй, Вэй Янь даруй хүрээнд буув. Дэд өдөр Мань цэрэг бас хүрч ирсэнд Вэй Янь байлдасхийгээд дахин зугтсанд Мань цэрэг Шу улсын хүрээг эзлэв.

Түүнээс ийм ёсоор Вэй Янь байлдах зуур буруулсаар арван таван удаа буруулаад залгалдаагаар долоон хүрээг гээжээ. Мань цэрэг нэхэж ороход Ү Тугү өөрийн биеэр өмнө болж дайсныг эвдэж явмуй. Гагц замд мод шугуйн ягч газрыг үзвээс аймшиггүй дотор эс ормуй. Хүн зарж холоос анхааруулбаас үнэхээр модон сүүдэр дотор туг хиур далбалзах нь үзэгдэх тул Ү Тугү, Мөнхуод өгүүлрүүн: “Үнэхээр дайвангийн санаснаас гарсангүй” хэмээвээс Мөнхуо ихэд инээн өгүүлрүүн: “Жугө Лян энэ удаа надад аргаа мэдэгдсэн бөгөөд дайван залгалдаагаар арван таван зэрэг дийлээд долоон хүрээг олсонд Шу улсын цэрэг салхины аясыг даган буруулж Жугө Лян нэгэнтээ арга мохсон тул энэ тухайд давхин орвоос их үйл тогтох болой” хэмээсэнд Ү Тугү их л баярлаж даруй Шу улсын цэргийг сэтгэлд тавихгүй болжээ. Арван зургаадугаар өдөр хүрээд Вэй Янь буруулсан цэргийг авч ороонго хуягт цэрэг лүгээ байлдахад Ү Тугү заан унаад тэргүүнд нар сарны чонын үст малгай зүүж, биедээ алт сувдын чимэг өмсөөд хоёр шуунд хайрс үзэгдмүй.

Нүдэнд жирав жарав гэрэл цацруулж Вэй Янийг хуруугаар зааж хараахад Вэй Янь морь буцаан явав. Хойноос Мань цэрэг ихэд нэхэж ирэхэд Вэй Янь Пань Шөгү завыг мушгин цагаан тугийн зүг буруулав. Ү Тугү олон цэргийг дагуулан нэхэхээр ирээд үзвээс уулан дээр өвс мод үгүй тул бүгсэн цэрэг үгүй хэмээн санаж сэтгэл амар нэхсээр завын дотор орвоос хар авдартай арав илүү тэрэг замд буй. Мань улсын цэрэг хэлрүүн: “Энэ нь Шу улсын амуу зөөх зам дайвангийн цэрэг ирснийг үзээд амууг гээж буруулсан нь болой” хэмээсэнд Ү Тугү ихэд баярлаж цэргийг хөөж нэхээд сая завын амыг гарваас Шу улсын цэрэг үзэгдэхгүй, гагц чулуу мод өнхрөн бууж ирээд завын амыг таслав. Ү Тугү цэргээр зам нээлгэж яван атал гэнэт өмнө этгээдэд асан их бага тэргэнд цөм хуурай өвс түлээ тээгээд түүнээс цөм гал гарчээ. Ү Тугү яаран цэргийг эгүүлтэл хойд талаас цэргийн хашхирах дуу гарав. Хүн ирж хэлрүүн: “Завын амыг нэгэнтээ өвс түлээгээр тасалжээ. Үзвээс тэргэнд цөм дарь асан ажгуу. Нэгэн дараагаар цөм гал мандав” хэмээсэн хойно Ү Тугү өвс модгүйг үзээд дотроо цухалдсангүй. Зам эрж гарсугай хэмээтэл гэнэт хоёр этгээдийн уулан дээрээс гал орхисонд газар доор булсан бууны утас ноцоод төмөр буу дуугарахад зав дүүрэн гал үсрээд ороонго хуяганд хүрвээс даруй ноцоод Ү Тугү болон гурван түмэн ороонго хуягт цэрэг шатаагдаж харилцан тэврэлцсээр цөм Пань Шөгү завын дотор үхэв. Кунмин уулын дээр зогсож доош үзвээс Мань улсын цэрэг галд хуйхлагдаж гарыг атируулан хөлийг сунгаад их хагас цөм буунд оногдож тэргүүн хагаран бие хэмхэрч үхээд үнэрт хүн тэсэхгүй. Кунмин үзээд нулимс унагаан шүүрс алдаж өгүүлрүүн: “Би хэдий улс төрд гавьяатай боловч эрхгүй насан хутаг хохирмуй” хэмээсэнд жигүүрийн жанжин эс шүүрс алдсан нь үгүй бөлгөө.

Тэндээс Мөнхуо хүрээнд сууж Мань цэргийн мэдээг хүлээж байтал гэнэт нэг мянга илүү цэрэг ирээд хүрээний өмнө сөгдөж хэлрүүн: “Үгө улсын цэрэг Шу улсын цэрэг лүгээ байлдаад Жугө Ляныг Пань Шөгү зав дотор хаасан тул их ванг залахаар ирэв. Бид цөм Мань улсын хүн аргагүйдээ Шу улсыг дагасан бөлгөө. Эдүгээ их Вангийн Ирснийг мэдээд тусгайлан туслахаар ирэв” хэмээсэнд Мөнхуо ихэд баярлан даруй өөрийн угсааны хүнийг авч шөнө дөл Мань цэргээр зам дагуулж сая Пань Шөгү завын ойр хүрээд үзвээс галын гэрэл маш их бөгөөд муу үнэрийг үнэртэхүйеэ бэрх. Мөнхуо аргад унасныг мэдээд яаран цэрэг эгтэл зүүнээс Жан И, баруунаас Мажун хоёр замаар хавчин гарав. Мөнхуо тулан авч байлдсугай хэмээхэд нэгэнтээ хашхирах дуу гарахуйяа Мань цэргийн доторхи их хагас нь Шу улсын цэрэг болоод Мань вангийн угсаа жич цуглуулсан хүнийг цөм барив. Мөнхуо гагц мориор байлдаж хаасан газрыг сэтлэн гараад уулын замыг барьж буруулав. Уулын дотроос нэгэн салааны цэрэг нэгэн бага тэрэг түлхэж ирэв. Тэргэнд нэгэн хүн сууж буй бөгөөд бумбын малгай, өдөн дэвүүр барьж биедээ агуу ханцуйтай дээл өмсжээ. Үзвээс Кунмин болой. Кунмин зандаж өгүүлрүүн:

“Урвасан хулгай Мөнхуо энэ удаа одоо ямар буй?”. Мөнхуо яаран морь буцаатал хажуугаас нэгэн жанжин гарч замыг хориглов. Тэр Мадай ажгуу. Мөнхуо гар хөдлөн завдсангүй Мадайд амьдаар баригдав. Тэр цагт Ванпин, Жан И нар цэрэг авч Мөнхуогийн суусан хүрээнд одож Жу Рун хатан жич хөгшин залууг дуусган барьж авчирсан бөлгөө.

Тэндээс Кунмин хүрээндээ эгж цацарт суугаад олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Би эдүгээ энэ аргыг аргагүйдээ хэрэглээд ихэд эрдмийг хохируулав. Би санахад дайсны хүн намайг шугуй модны ягч газар цэрэг бүгүүлмүй хэмээн санажээ. Би хоосон туг хиур босгосон боловч үнэндээ цэрэг морь үгүй. Түүний сэтгэлийг сэжиглүүлсэн нь болой. Би Вэй Вэньчан105-ыг залгалдаагаар арван таван удаа буруулуулсан нь түүний сэтгэлийг хатуу болгосон бөлгөө. Би Пань Шөгү завыг үзвээс гагц нэгэн замын төдий бөгөөд хоёр этгээдэд цөм халтирхай чулуунаас огт модгүй, доор цөм хумхи шороо тул Мадайгаар хар авдартай тэргийг завын дотор жагсаажээ. Тэргэн дээрх авдранд цөм урьдаас бэлтгэсэн төмөр буу болой. Нэрийг нь газрын аянга хэмээнэм. Нэг авдар дотор есөн буу буй. Гучин алхам бүр нэгийг булж урт хулс модоор залган дарийн утсыг татжээ. Тийнхүү дуугармагц уул эвдэрч чулуу хагармуй. Бас Жао Зылунг илгээж өвсний тэрэг бэлтгүүлэн завын аманд тавиулж бас уулнаас өнхрүүлэх чулуу мод базаалгажээ. Бас Вэй Янийг илгээж Ү Тугү жич ороонго хуягт цэргийг хууран завд оруулаад Вэй Янийг тавин гаргаж замыг таслуулсан хойно гал тавиулав. Би сонсвоос усанд тустай бүхэн галд ашиггүй хэмээжээ. Ороонго хуягт цэрэг хэдий илд хутга орохгүй боловч тосонд дэвтээсэн тул гал хүрэлцмэгц эрхгүй ноцмуй. Мань цэрэг ийм тэрсүүд тул галаас өөр юугаар ялмуй? Гагц Үгө улсын үр үлдсэнгүй нь миний ял болой” хэмээсэнд олон цөм сөгдөж өгүүлрүүн: “Чансангийн бодлогыг чөтгөр хувилгаан ч мэдэхгүй болой” хэмээжээ. Кунмин “Мөнхуог оруул!” хэмээсний хойно Мөнхуо орж ирээд цацар доор сөгдсөнд Кунмин “Хүлээс дээсийг тайлаад өөр цацарт архи уулгаж тохууруул!” хэмээн илгээгээд Кунмин архи, идшийг захирах хүнийг дуудаж тавцангийн өмнө суулган “Ийм! Тийм!” хэмээн сургаж зарав. Тэндээс Мөнхуо, Жу Рун хатан, мөн Ю, Дай Лайдунгийн эзэн, жич түүний угсааны хүнийг өөр цацарт архи уулган бүхийд гэнэт нэгэн хүн ирээд Мөнхуогийн зүг өгүүлрүүн: “Чансан ичингүйрч танд уулзах дургүй болсон тул тухайлан намайг зарж таныг тавьж илгээгээд дахин цэрэг морийг тэгшлэн ирж дийлэх дийлэгдэхийг тасалтугай хэмээн илгээв. Та хурдан одвоос зохимуй” гэхэд Мөнхуо нүднээс нулимс унагаж хэлрүүн: “Долоон зэрэг баригдаад долоонтоо тавьсан нь эртнээс нааш байсан нь үгүй бөлгөө. Би хэдий зах хязгаарын гаднах хүн боловч ёс журмыг баахан төсөөлмүй. Хэрхэн ийм ичгүүргүй ёс буй” хэмээгээд даруй ах дүү, эм хөвгүүн жич угсаа төрлийн хүнийг авч цөм мөлхсөөр цацар доор ирж ял хүлээн өгүүлрүүн: “Чансангийн тэнгэрийн сүрэнд өмнө газрын хүн хэрхэвч дахин урвахгүй болой” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Гүн эдүгээ биширсэн үү?”. Мөнхуо уйлан талархаж өгүүлрүүн: “Миний хөвгүүн ач нар хүртэл цөм дахин амьдруулсан хишигт хүртсэн тул юунд дагахгүй буй?” хэмээсэнд Кунмин даруй Мөнхуог цацрын доор суулгаж хурим бэлтгэн хуримлаад үе улиран агуйн эзэн болгоод эл авсан газрыг цөм эгүүлэн өгсөн тул Мөнхуо хийгээд утсаа төрөл, аймгийн хүмүүс цөм талархан мөргөж баярласаар үсэрхийлэн эгэв.

105 Вэй Яньгийн өргөсөн нэр

Хожмын хүн Кунминийг магтсан шүлгийн үг:

“Туушин малгай өдөн дэвүүр, хөх унжлага өргөж,

Долоонтоо барих уран аргаар Маньванг дарангуйлав

Өнөө болтол горхи агуйд сүр эрдмийг уламжлаад

Өндөр дэнжийг сонгож сүм байгуулж тахисан ажгуу”

Үүнд Чанши түшмэл Фэй И орж хориглон өгүүлрүүн: “Чансангийн бие цэрэг авч өвс мод ургахгүй газарт орж Мань улсыг төвшитгөхөөр ирээд эдүгээ Маньван нэгэнтээ дагасан тул юунд түшмэл тавьж Мөнхуогийн хамт сахиулахгүй буй?”. Кунмин өгүүлрүүн: “Ийм болбоос гурван зүйлийн бэрх хэрэг буй. Гаднах хүнийг тавибаас цэрэг үлдээх хэрэгтэй. Цэрэгт идүүлэх юмгүй тул энэ нь нэг дэх бэрх явдал болой. Мань улсын хүн шархдаад эцэг, ах, дүүс үхэж мөхжээ. Гаднах хүнийг тавиад цэрэг үлдээхгүй болбоос удаандаа эрхгүй зовлон болмуй. Энэ хоёр бэрх явдал. Мань улсын хүн язгуураас харилцан алалдах сэжиглэл буй, гаднах хүнийг тавьсанд хэрхэвч итгэхгүй. Энэ нь гуравдахь бэрх явдал болой. Эдүгээ түшмэл тавихгүй бөгөөд амуу зөөхгүй болбоос харилцан амар бөгөөд хэрэггүй мэт болой” хэмээсэнд олон түшмэд цөм бишрэв. Түүнээс өмнө этгээдийн хүн Кунмингийн хишиг эрдмийг санаж Кунминд амьдаар тахих сүм байгуулан өгч дөрвөн цагт тахиад цөмөөр “Энэрэлт эцэг” хэмээн дуудав. Бас алт, сувд эрдэнэ, шир хийгээд эмийн зүйлийн бэлэг сэлт хүргэж бас тарих үхэр, байлдааны морь өгч цэргийн тусалбар, “Амалдаж дахин урвахгүй!” хэмээжээ. Үүнээс Мань аймаг тогтов.

Тэндээс Кунмин олон цэргийг лүгээ хуримлаад цэргийг авч Шу улсдаа эгэхэд Вэй Янийг харьяат цэргийг дагуулан гавшгай болгов. Вэй Янь цэрэг авч Лүшүй усанд хүрсэн хойно гэнэт тэнгэр үүлтэж дөрвөн этгээдээс бүрхээд усан дээгүүр их салхи үүсэж хумхи нисэж чулуу өнхрөн цэрэг явж болохгүй болсон тул Вэй Янь цэргийг эгүүлэн Кунминд мэдүүлбээс Кунмин даруй Мөнхуог дуудаж асуув. Энэ чухамхүү:

“Хязгаарын гаднах Мань аймаг сая бишрэн дагасанд

Усны дээгүүрх чөтгөр шимнус бас өрнөн самуурав”

Эгнэгт Мөнхуо юу хэмээн өгүүлэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top