Гурван улсын үлгэр | 81 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  81 ДҮГЭЭР БҮЛЭГ

АХЫН ӨШӨӨГ АВСУГАЙ ХЭМЭЭН ЯАРААД ЖАНФЭЙ ХОРЛОГДСОН ДҮҮГИЙН ХОРСЛЫГ ЦАГААТГАСУГАЙ ХЭМЭЭН СЯНЬЖУ ЭЗЭН ЦЭРЭГ ҮҮСГЭСЭН

Өгүүлэх нь: Сяньжу эзэн цэрэг үүсгэн “Зүүнш дайлахаар одсугай!” хэмээхэд Жао Юнь хориглож өгүүлрүүн: “Улсын хулгай болбоос Цаоцао болой, Cүньцуань бус бөлгөө. Эдүгээ Цаопэй Хань хааны суурийг булаасанд хүн сахиулсан цөм занаж байх тул хаан урьд Гуаньжунгийн газрыг хичээгээд цэргийг Вэйхө голын эхэнд буудаллуулж сөргүү догшныг байлдахаар одвоос Гуаньжунгийн газрын журамт ард эрхгүй хуурай идшийг баглаж вангийн цэргийг угтах болой. Хэрэв Вэй улсыг тэвчээд Ү улсыг дайлахаар одсонд хоёр улсын цэрэг нэгэнтээ байлдаан үүсгэвээс гэнэт зогсоохуйяа бэрх болмуй? Хаан эзэн хянан үзэхийг хүсмүү!” Сяньжу эзэн өгүүлрүүн: “Cүньцуань миний дүүг хөнөөсний дээр Фу Ширэнь, Мифан, Паньжан, Мажун цөм шүд зуух өшөө буй. Тэдний махыг идэн, угсаа төрлийг хүйс тэмтэрсэн хойно сая миний санаа амармуй. Чи юунд зогсоомуй?”. Жао Юнь өгүүлрүүн: “Хань улсын хулгай хэмээгч албаны үйл бөгөөд ах дүүгийн өшөө хэмээгч гуяч хэрэг болой. Дэлхий дахины хэргийг хүнд болгохыг хүсмүй!”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би дүүгийн төлөө хариу авч өгөхгүй болохул хэдий түмэн газрын уул гол авч ямар эрхэм дээд болой?” хэмээгээд даруй Жао Юньгийн хориглохыг авсангүй. Зарлиг буулгаж цэрэг байгуулан “Ү улсыг байлдахаар очмуй!” хэмээжээ. Нэгэнтээгүүр элч зарж Үсид илгээн “Таван түмэн цэрэг зээлэн өгч тусалтугай!” хэмээгээд бас Ланжунд элч зарж Жанфэйг тэрэг хөлөглөгч жанжин болгон Сыли Сяовэй түшмэл бөгөөд Сисян Хоу өргөмжилж Ланжунгийн эзэн болгох зарлиг бичиг илгээв.

Тэндээс Жанфэй Ланжуныг сахиж бүхийд “Гуань гүн Зүүн Ү улсад хөнөөгдөв” хэмээн сонсоод өдөр шөнөгүй уйлсаар энгэрийг цөм цусаар дэвтээжээ. Олон жанжин нар архи уулгаж уйтгарыг тайтгаруулбаас ууж согтсон хойно нэгэнтээ хилэн төрөгдөөд цацрын дээр доорх хүмүүс буруу хийвээс ямагт ташуурдан олонтоо үхүүлсэн нь буй. Өдөр бүр өмнөш хандаж нүдийг дүгрэглэн шүд зууж занаад гашуудан уйлж зогсохгүй. Гэнэт “Элч ирэв!” хэмээн мэдүүлсэнд яаран угтаж оруулан зарлиг бичгийг нээж уншаад Жанфэй хэргэмийг хүлээж умар зүг хандаж мөргөсөн хойно архи бэлтгэж элчийг хүндлээд Жанфэй асууруун: “Миний ахын хорлогдсон өшөө далай мэт гүн атал төрийн түшмэд юунд айлтгаж цэрэглэхгүй буй?” Элч өчрүүн: “Олон нь урьд Вэй улсыг сөнөөгөөд хойно Ү улсыг дайл хэмээн хориглогсод буй”. Жанфэй уурлан өгүүлрүүн: “Энэ ямар үг болой? Эрт өдөр бид гурвуул тоорын хүрээлэнд журмаар ханилахад “Үхвээс амьдарваас хамтаар” хэмээн амалдсан бөлгөө. Эдүгээ хишиггүй нь хоёрдугаар ах зуурмаг өнгөрсөнд би хэрхэн ганцаар баян эрхмийг эдлэх аж? Би хаанд золгохоор одож гавшгай болон бэлэвсрэлийн хувцас өмсөөд, Ү улсыг дайлж сөргүү хулгайг амьдаар барьж, хоёрдугаар ахад өчин тахиж урьдын тангарагласанд хүрүүлэхийг хүсмүй” хэмээгээд элчийн хамт Чөндүгийн зүг ирэв.

Тэндээс Сяньжу эзэн өдөр бүр өөрөө талбарт гараад цэрэг морийг шалгаж өдөр хугацан “Биеэр дайлахаар очмуй” хэмээх тул олон түшмэд цөм Чансангийн ордноо ирж Кунминд золгож өгүүлрүүн: “Эдүгээ хаан сая их сууринд суугаад даруй биеэр цэрэг авч дайлахаар очих нь улс төрийг хүндэтгэх нь бус болой. Чансан их эрхийг барьсан сайд атал юунд ёсчлон хориглохгүй буй?”. Кунмин өгүүлрүүн: “Би хэд хэдэн зэрэг хоригловч дагахгүйг хэрхсүү! Энэ өдөр та нар над лугаа талбарт очиж хориглон үзсүгэй” хэмээгээд Кунмин олон түшмэдийг аван талбарт ирж Сяньжу эзнийг хориглож хэлрүүн:

“Хаан тугтам70 их сууринд суугаад хэрвээ умард Хань улсын хулгайг арилгаж дэлхий дахинд их журмыг тархаасугай хэмээвээс биеэр цэрэг дагуулан очиж болмуй. Хэрвээ гагц нэгэн Ү улсыг байлдахаар одсугай хэмээвээс нэгэн дээд жанжингаар цэрэг дайчлуулан дайлахаар илгээвээс барав. Юун хэмээн хаан өөрийн биеэ алжаамуй?” хэмээсэнд Сяньжу эзэн Кунмингийн гашуунаар хориглохыг бодож сэтгэл баахан эгэв. Гэнэт хүн ирж “Жанфэй хүрч ирэв” хэмээсэнд Сяньжу эзэн яаран дуудаж оруулав. Жанфэй цэрэг боловсруулах танхимд ирээд газар хэвтэж Сяньжу эзний хөлийг тэврэн уйлахад Сяньжу эзэн бас уйлав. Жанфэй өгүүлрүүн: “Хаан эдүгээ тэнгэрийн хөвгүүн болсон тул хэдийн тоорын хүрээлэнд ам алдсаныг умартсан буй за! Хоёрдугаар ахын өшөөг юунд хариу авахгүй аж?”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Олон түшмэд хориглон зогсооход хөнгөлөн хөдөлсөнгүй” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Бус хүмүүн хэрхэн эрт өдрийн тангаргийг мэдэх буй? Хэрвээ хаан одохгүй болбоос сайд би энэ биеийг гээж хоёрдугаар ахын өшөөг авахаар очмуй! Хэрвээ чадахгүй цагт сайд би үхэвч гэмээн хаанд золгохоор ирэхгүй” Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би чам лугаа хамт одсугай! Чи харьяат цэргээ авч Ланжунгаас гарагтун! Би шилдэг цэргийг дагуулан Зянжоугийн газар хуралдаад цугаар Зүүн Ү улсыг байлдаж энэ хорслыг арилгасугай!” хэмээгээд Жанфэйгийн явах үес Сяньжу дуртган өгүүлрүүн: “Би ер чиний согтсон хойно уур догшин болоод идэр цэргийг ташуурдаад дахин бас жигүүрт байлгахыг мэдмүй. Энэ нь зовлонг эрэх зам болой. Үүнээс хойш уучлан багтаах хэрэгтэй! Урьдын адил болбоос болохгүй!” хэмээсэнд Жанфэй мөргөөд салж одов.

70 Шинэ, тулгар

Жич өдөр Сяньжу эзэн цэрэг тэгшлэн “Мордсугай!” гэхэд Сюэшы түшмэл Циньми гарч айлтган өгүүлрүүн: “Хаан түмэн тэрэгтийн биеийг гээж бага журмыг гүйцэтгэхийг эртний хүмүүн явахгүй болой. Хааны санахыг хүсмүү!”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Юньчан бид хоёул нэгэн бие адил, их журам буй тул хэрхэн умартаж болмуй?” Циньми газарт мэхийн босохгүй хэлрүүн: “Хаан миний үгийг авахгүй болбоос эрхгүй ихэд алдагдал гарах буй за!”. Сяньжу эзэн ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Би цэрэг гарсугай хэмээн атал чи юунд ашиггүй үгийг гаргамуй?” хэмээгээд ардыг зандран: “Түлхэн гаргаж ал!” хэмээхэд Циньми царай хувилахгүй хойш хандаж Сяньжу эзнийг үзэж инээн өгүүлрүүн: “Сайд би үхэхэд гомдохгүй! Хайрхан нь шинэ байгуулсан төр дахин урвалхийлэхэд хүрмүй” хэмээсэнд олон түшмэд цөм Циньмиг аварсугай хэмээн айлтган гуйсанд “Түр гянданд хоригтун! Өшөөг аваад эгж ирсэн хойно сая алсугай!” хэмээв. Кунмин сонсоод даруй Циньмиг хэлтрүүлэх Бяо71 бичиг айлтгав. Тэр бичгийн үг нь: “Сайд Жугө Лян нар айлтгах нь: Ү улсын хулгай зальхайдаа эрдэж хуйхар аргыг хэрэглээд Зинжоуг мөхөх зовлонд хүрүүлэв. Жанжны од Доуню газарт унаад, огторгуйн багана Чугийн оронд хугарав. Үүний учирт ихэд халширмуй. Гагц хянахуйяа Хань улсын хүлсийг шилжүүлсэн ял нь цөм Цаоцао хулгай үүсгэснээс бус Лю овгийн үндсийг тасалсан нь Cүньцуаньгийн эндүүрэл бус болой. Байцааваас Вэй улсын хулгайг арилгасанд Ү улс өөрөө дагамуй! Хүсэх нь хаан Циньмигийн алт хас мэт үгийг аваад цэргийн хүчийг тэжээж өөр сайн аргыг хичээвээс улс төрд ихэд завшаан, дэлхий дахинд ихэд хишиг болой” хэмээжээ. Сяньжу эзэн үзэж дуусаад бичгийг газарт хаяж өгүүлрүүн:

“Миний санаа нэгэнт тогтов. Жич битгий хориглогтун!” хэмээн цаазлаад даруй Жугө Лянг “Хунтайзыг хамгаалан тусалж улсыг сахь! Бяоци жанжин Мачаог түүний дүү Мадайгийн хамт Жэньбэй жанжин Вэй Яньг тусалж Ханьжунг сахиад Вэй улсын цэргийг халхал!” хэмээв. Хүвэй жанжин Жао Юньг хайгуул болгож амуу цалинг захируулав. Хуанцуань, Чөнжиг зөвлөгч түшмэл, Малян, Чөньжэнийг данс бичгийг захирах түшмэл, Хуанжунг гавшгай, Фөнси, Жаннаньг дэд жанжин, Футүн, Жан Иг дунд цэргийн Ху Ю түшмэл, Жао Рун, Ляочүнийг хойно нийлүүлэгч болгоод, Сичуаньгийн жанжин хэдэн зуун нэр жич Үсигийн жанжин цэрэгтэй бүгд далан таван түмэн цэрэг авч “Жан үгийн тэргүүн оны намрын тэргүүн сарын улаан барс өдөр цэрэг мордмуй” хэмээн тогтов.

71 Айлтгал бичиг

Тэндээс Жанфэй Ланжунд эгээд цааз зарлан гурван өдрийн дотор цагаан хуяг цагаан туг бэлтгэж, цэргийн хүн бүхэнд бэлэвсрэлийн хувцас өмсгөөд “Зүүн Ү улсыг байлдахаар одмуй” хэмээв. Жич өдөр цацрын доорх жанжин Фаньзян, Жанда хоёр цацарт ороод өгүүлрүүн: “Цагаан туг цагаан хуягийг нэгэн цагийн зуурт бэлтгэж завдахгүй тул баахан чөлөө тавьж өгвөөс сая болмуй” хэмээсэнд Жанфэй ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Би хариу авахад яаран чадваас маргааш өдөр сөргүү хулгайн хязгаарт хүрсүгэй хэмээн санах тул та юун аймшиггүй миний цаазыг зөрчмүй?” хэмээгээд цэргийн хүнийг зандран модонд уяж тус бүр тавиад ташуур занчаад зууж өгүүлрүүн: “Маргааш цөмөөр бэлтгэн дуусах хэрэгтэй. Миний цаазыг зөрчсөнд та хоёулыг алаад олонд үзүүлмүй” хэмээжээ. Хоёул занчигдаад амнаас цөм цус гарсанд, хүрээндээ одоод зөвлөхөд Фаньзян өгүүлрүүн: “Энэ өдөр ийм эрүү хорыг амсаад маргааш яахин бэлтгэж чадмуй? Тэр хүний зан ноцох гал мэт тул хэрэв маргааш бүтээхгүй болбоос чи бид хоёул цөм алагдмуй” Жанда өгүүлрүүн: “Тэр биднийг алахаас урьд бид

Түүнийг алахад хүрэхгүй”. Фаньзян өгүүлрүүн: “Хэрхэн олж түүний ойр хүрмүй?”. Жанда өгүүлрүүн: “Бид хоёул үхэх зүйгүй болбоос тэр энэ өдөр согтмуй. Үхэх зүй болбоос энэ өдөр согтохгүй” хэмээн зөвлөж тогтов.

Тэндээс Жанфэй цацар дотор аж элдэвчлэн бодоод нэг ч амаргүй тул өөрийн доорх жанжин нараас асууруун: “Энэ өдөр миний зүрх цацран мах татвалзаж сууваас хэвтвээс амаргүй. Энэ ямар учир болой?” доорх түшмэд өчрүүн: “Энэ нь Зюньхоу та Гуань гүнийг санах тул энэ мэт болсон болой” Жанфэй хүнээр архи авчруулан доорх түшмэдийн хамт уусаар ихэд согтоод цацар дотор хэвтэв. Фаньзян, Жанда хоёр хулгай согтсон чимээг олж сонсоод нэг жингийн цагт тус бүр биед охор илд нууж цацарт ороод хуурмагаар: “Нарийн нягт хэрэг мэдүүлмүй” хэмээн шууд хэвтэх тавцанд хүрч ирэв. Үзвээс Жанфэй унтах бүр нүд анихгүй ажгуу. Тэр шөнө цацарт ороход хоёр хулгай түүний сахал зогсон нүд нээж байхыг үзээд цөм айж гар хөдлөхгүй бөлгөө. Түүний хамрын дуу аянга мэт хуржигнахыг сонсоод сая ойр хүрч охор илдийг гэдсэнд хатгаж оруулсанд Жанфэй нэгэнтээ бархираад үхэв. Тэр үес тавин таван настай асан бөлгөө. Хожмын хүмүүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Аньси газар Дү Юг занчив хэмээн сонссон бөлгөө

Ахсын хамт шар алчууртныг дарж Янлюг тэтгэжээ

Ху Лаогуань боомт дээр нэр урьд мандаад

Чан баньцяо гүүрний хажууд усыг гэдрэг урсгав

Эрдмээр Янь Янийг тавьж Шугийн газрыг амаржуулаад

Мэргэнээр Жанхөг хуурч Жунжоуг тогтоожээ

Ү улсыг дайлж дийлээгүйгээр бие урьд үхсэнд

Өнө үүрд Лан газар намрын өвс гунимуй”

Тэндээс хоёр хулгай тэр шөнө Жанфэйгийн тэргүүнийг огтолж аваад хэдэн арван хүнийг авч шөнө дөлөөр Зүүн Ү улсыг дагахаар очив. Дэд өдөр хүрээний цэргүүд мэдээд нэхэвч завдсангүй. Тэр цагт Жанфэйгийн доорх жанжин Ү Бань урьдаар Зинжоугаас Сяньжу эзэнд золгохоор ирсэн тул Сяньжу эзэн бага жанжин болгоод Ланжунд Жанфэйд туслуулахаар илгээсэн бөлгөө. Тийнхүү Ү Бань урьдаар илтгэл бичиг хийж хаанд айлтгахаар явуулсан хойно Жанфэйгийн ахмад хөвгүүн Жанбаогаар авслуулж, хоёрдугаар хөвгүүн Жаншаогаар Ланжунг сахиулан Жанбаог Сяньжу эзэнд золгуулахаар илгээв. Тэр үес Сяньжу эзэн өдөр сонгож цэрэг гарсанд их бага түшмэд цөм Кунмин лугаа арван газар гартал үдэж эгэв. Кунмин Чэндөд эгээд дотор ихэд амаргүй тул олны зүг өгүүлрүүн: “Фа Сяожи хэрвээ байсан болохул эрхгүй эзний зүүнш явахыг зогсоож чадмуй” хэмээжээ.

Тэндээс Сяньжу эзэн тэр шөнө дотор шижигнэн мах татвалзаж сууваас хэвтвээс амаргүй тул цацрын гадна гараад тэнгэрийг харж бүхийд гэнэт баруун хойд зовхисоос Доугийн чинээ нэгэн их од гэнэт газарт унав. Сяньжу эзэн сэжиглэж мөн шөнөдөө хүн зарж Кунмингаас асуулгаваас Кунмин хойш айлтган өгүүлрүүн: “Нэгэн дээд жанжин хохирмуй.

Гурван өдрийн дотор цочуулан мэдээ сонсох буй за” хэмээжээ. Үүнд Сяньжу эзэн цэрэг буудаллан хөдлөхгүй бүхийд гэнэт гучигаа72 түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Ланжунгийн Жан Чөци73 жанжны доорх жанжин Ү Бань хүн зарж илтгэл бичиг хүргэхээр ирэв” хэмээсэнд Сяньжу эзэн хөлөө дэвхцэж өгүүлрүүн: “Аяа гуравдугаар дүү барагдав” хэмээгээд бичгийг үзвээс үнэхээр Жанфэйгийн муу мэдээ бөлгөө. Сяньжу эзэн дуу тавин уйлж газарт харангадаж унасныг олон түшмэд тэтгэн сэргээв.

72 Ойр шадар үйлчилдэг гэсэн утга

73 Жанфэйгийн хэргэм зэрэг

Жич өдөр хүн ирж мэдүүлрүүн: “Нэгэн баг цэрэг салхи мэт түргэн ирлээ” гэхэд Сяньжу эзэн хүрээнээс гарч үзвээс удсангүй нэг бага жанжин цагаан хувцас мөнгөн хуяг өмсөж мориноос өнхрөн буугаад газарт сөгдөж уйлмуй. Үзвээс Жанбао ажгуу. Жанбао өгүүлрүүн: “Фаньзян, Жанда хоёр сайд миний эцгийг алаад тэргүүнийг аван Ү улсад одов”. Сяньжу эзэн тэсдэшгүй уйлаад огт будаа идэхгүй тул олон түшмэд гашуудан хориглож өгүүлрүүн: “Хаан хоёр дүүдээ хариу авч өгсүгэй хэмээнэм бөгөөд юунд луугийн биеийг энэ мэт эвдлэх аж?” Тэр үгэнд Сяньжу эзэн сая будааг идээд Жанбаогийн зүг өгүүлрүүн: “Чи Ү Баньгийн хамт харьяат цэргээ дагуулан гавшгай болж өөрийн эцэгтээ өс авч өгмүй үү?” Жанбао өгүүлрүүн: “Улсын төлөө, эцгийн тул түмэн зэрэг үхэвч маргахгүй!”. Сяньжу эзэн төв хэмээн Жанбаог илгээж “Цэрэг хөдөлгөсүгэй!” гэтэл бас мэдүүлрүүн: “Нэгэн бүлэг цэрэг зөгий мэт сүрэглэн айсуй” хэмээмүй. Сяньжу эзэн ойрхи түшмэлийг зарж үзүүлэхээр илгээвээс удсангүй тэр түшмэл нэгэн цагаан морь мөнгөн хуягт бага жанжинг авч ирэв. Тэр бага жанжин хүрээнд ороод газарт сөгдөж ихэд уйлмуй. Сяньжу эзэн үзвээс Гуаньсин болой, Сяньжу эзэн Гуаньсинийг үзээд гэнэт Гуань гүнг санагалзан олоод ихэд уйлахад олон түшмэд гашуудан хоригломуй. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Мөхөс би бөс дээлийн цагт Гуань, Жангийн хамт журмаар ханилаад үхвээс амьдарваас хамтаар хэмээн амалдсан бөлгөө. Би эдүгээ тэнгэрийн хөвгүүн болоод чухам хоёр дүү лүгээ хамт баян эрхмийг эдэлсүгэй хэмээж атал хишиггүй цөмөөр үгүй болов. Энэ хоёр үеэл хөвгүүнийг үзээд яахан гашуудахгүй болж чадмуй?” хэмээв.

Түүнээс уйлахад олон түшмэд өгүүлрүүн: “Хоёр бага жанжин түр эгэгтүн! Хааны биеийг баахан амуултугай!” хэмээн эгүүлээд ойрхи түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Хаан жаран нас илүү болсон тул хаан ч уярч эс болмуй” Сяньжу эзэн өгүүлрүүн: “Хоёр дүү цөм үгүй болсонд би яахан ганцаар амьдарч төвдмүй” хэмээн өгүүлээд тэргүүнийг газарт мөргөлхийлж уйлав. Олон түшмэд зөвлөж өгүүлрүүн: “Эдүгээ тэнгэрийн хөвгүүн энэ мэт гашуудахыг юугаар тайлбаас болмуй?”. Малян өгүүлрүүн: “Эзэн биеэр их цэрэг авч Ү улсыг дайлахаар одоход өдөр бүр ийнхүү уйлбаас цэрэгт ашиг тусгүй болой”. Чэньжэнь өгүүлрүүн: “Би сонсвоос Чөндүгийн Цинчөн шань уулын баруунд нэгэн нуусан сайд буй. Овог Ли, нэр И. Эдүгээ үеийн хүн уламжлан хэлэлцэх нь “Энэ хөгшин нэгэнтээ гурван зуу илүү наслаад хүний амьдрах үхэх болон буян зовлонг мэдмүй. Үнэхээр энэ ертөнцийн хувилгаан хэмээмүй”. Юунд тэнгэрийн хөвгүүнд айлтгаж тэр хөгшинг урьж ирээд, сайн мууг асуухгүй буй? Бидний хориглох үгээс дээр биш үү” хэмээгээд даруй Сяньжу эзэнд айлтгасанд Сяньжу эзэн үг дагав. Тийнхүү Чэньжэньд зарлиг бичиг бариулж Цинчөн шань уулнаа урихаар илгээв. Чэньжэнь шөнө дөл Цинчөн шань ууланд хүрээд газрын хүнийг гуйж зам заалган уулын завд ороод гацааг үзвээс ариун үүл бүрхэж гайхамшигт уур ер бус. Гэнэт нэгэн бага хөвгүүн угтан ирж асууруун: “Ирэх нь Чэнь Сяоци бус уу?”. Чэньжэнь ихэд гайхаж асууруун: “Хувилгаан хүүхэд чи хэрхэн миний нэр овгийг мэдэв?”. Бага хүүхэд өгүүлрүүн: “Өчигдөр шөнө миний багш хэлрүүн “Энэ өдөр лав хааны бичиг хүрч ирмүй, элч нь эрхгүй Чэнь Сяоци!” хэмээсэн бөлгөө”. Чэнь Жэнь өгүүлрүүн: Үнэхээр хувилгаан болой. Хүний өгүүлсэн нь ташаагүйг мэдэж болмуй” хэмээгээд бага хүүхэд лүгээ гацаанд орж Ли Ид золгоод тэнгэрийн хөвгүүний зарлигийг ухуулбаас Ли И “Хөгшрөв” хэмээн шалтаглаж одохгүй. Чэньжэнь өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн даруй өвгөн хувилгаан лугаа нэгэнтээ уулзсугай хэмээн санах тул увдист биеийн алжаахыг үл бодмуй!” хэмээн дахин давтан залсанд Ли И сая хөдлөн гарав. Хааны цэргийн хүрээнд хүрээд Сяньжу эзэнд орж золгосон хойно Сяньжу эзэн Ли Иг үзвээс үс тогоруу мэт цагаан, царайн өнгө бага хүүхэд адил, нүд харавтар бөгөөд гэрэл цацармуй. Биеийн байдал майлс адил тул даруй увдист хүнийг мэдээд онцгой хүндлэв. Ли И өгүүлрүүн: “Би уул хөдөөгийн хөгшин эр бөгөөд сургаал эрдэм огт үгүй тул хааны дуудсаныг ихэд гутаав. Ямар зөвдөх хэрэг байхыг мэдэхгүй”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би Гуань, Жан лугаа үхэвч амьдравч хамтаар хэмээн амалдаж нөхөрлөөд гучаад илүү он болов. Эдүгээ миний хоёр дүү хөнөөгдсөн тул би биеэр цэрэг авч хариу авахаар очмуй. Сайн муу ямрыг мэдэхгүй тул хэдийн хувилгаан өвгөнийг гүн нарийн учрыг нэвтрэв хэмээн сонссон тул сургаал хайрлахыг хүсмүү!”. Ли И өгүүлрүүн: “Энэ тэнгэрийн тоо болой. Хөгшин хүмүүний мэдэх нь бус” гэхэд Сяньжу эзэн ямагт гуйх тулд Ли И бийр цаас авчруулж дөч илүү хуудас цэрэг морь зэвсэг зураад нэг нэгээр эвдлэн урж цохив.

Бас нэгэн их хүнийг газарт гэдрэгээ хэвтүүлж хажууд нэгэн хүн шороо өрж тэр хүнийг булж байхаар зураад дээр нэгэн ихээр “Бай”74 хэмээх үсэг бичиж дууссаны хойно даруй тэргүүнийг дарж ёслон одов. Сяньжу эзэн ихэд баяргүй болж олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Энэ балмад өвгөн болой, итгэж болохгүй!” хэмээгээд түүний зурсан цаасыг цөм галд түлээд даруй цэрэг морийг хөөж мордсугай!” хэмээв. Тэндээс Жанбао айлтган өгүүлрүүн: “Ү Баньгийн цэрэг хүрч ирсэн тул бага сайд би гавшгай болохыг гуймуй”. Сяньжу эзэн түүний сэтгэлийг идэршүүлэн даруй гавшгайн тамгыг авч Жанбаод өгөв. Жанбао сая тамгыг авч зүүсүгэй хэмээтэл нэгэн бага жанжин шаламгайлан гарч өгүүлрүүн: “Тамгыг надад үлдээж өг!” хэмээмүй. Үзвээс Гуаньсин ажгуу. Жанбао өгүүлрүүн: “Би нэгэнтээ зарлигийг хүлээсэн бөлгөө”. Гуаньсин өгүүлрүүн: “Чамд ямар эрдэм буй хэмээн аймшиггүй энэ тушаалыг хүлээмүй?” Жанбао өгүүлрүүн: “Би бяцханаас цэргийн эрдмийг боловсрон сурч харвасан зэвд хоосонгүй”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би хараахан мэргэн үеэл хөвгүүн нарын эрдмийг тэнсэж үзээд дээр доорыг тогтоосугай хэмээж асан бөлгөө” хэмээсэнд Жанбао цэргийн хүнээр зуун алхмын эцэст далбаа хатгуулж дээр нэгэн улаан нар зураад Жанбао нум сум авч гурвантаа харвасанд цөм зурсан улаан нарыг оносонд олон цөм сайн хэмээн магтав. Гуаньсин гартаа нум барьж өгүүлрүүн: “Улаан тэмдэг оносныг юун гайхамшигтай хэмээмүй?” хэмээн хэлэлцэхийн зуур нэгэн сүрэг хээрийн галуу тэргүүн дээгүүр өнгөрөн

Гармуй. Гуаньсин зааж өгүүлрүүн: “Би нисэх галууны гуравдугаарыг нь харвамуй” хэмээгээд нумын хөвч дуугартал тэр галуу зэвийг дагаж газарт унаж ирэв. Үүнийг бичиг цэргийн түшмэд хамтаар сайшаасанд Жанбао ихэд хилэгнэж эцгийн барьсан Жан Ба Мао Жад75-ыг барьж моринд алавхийн мордоод өндөр дуугаар дуудаж өгүүлрүүн: “Чи аймшиггүй над лугаа цэргийн эрдмийг адилтгаж үзмүй үү?” Гуаньсин бас гэрээс уламжилсан дам илдийг барьж морь унаад гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Чи жад хэрэглэн чадваас би дам илдийг хэрэглэж чадахгүй үү?” хэмээв.

74 Цагаан хэмээх үсэг

75 Найман алдын могойт жад

Түүнээс хоёр жанжин зууралдан байлдсугай хэмээтэл Сяньжу эзэн зандаж өгүүлрүүн: “Хоёр хөвгүүн битгий ёс бусчил!” хэмээжээ. Хоёул яаран мориноос бууж зэвсгийг орхиод газарт сөгдөв. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би Жуозюньгээс танай эцэг нарын хамт хэдий өөр овог боловч нөхөрлөсөн нь төрсөн ах дүү мэт явсан бөлгөө. Эдүгээ та хоёул бас ч ах дүүгийн хувьтай болой. Чухамхүү сэтгэл нэгдэж хүч нийлээд, хамт эцгийн өшөөг авбаас зохих атал юу хэмээн харилцан тэмцэлдэж их журмыг алдмуй. Таны эцэг өнгөрөөд бас ч өдөр удаагүйд даруй ийм болбоос нэндээ хожмын өдрийг юун өгүүлэх аж?” хэмээсэнд хоёул дахин дахин мөргөж ял хүлээв. Сяньжу эзэн асууруун: “Та хоёулын хэн нь ах буй?” Жанбао өгүүлрүүн: “Би Гуаньсингаас нэг нас ах” хэмээсэнд Сяньжу эзэн даруй Гуаньсинг Жанбаод мөргүүлж ах болгосны хойно хоёулыг цацрын өмнө зэв хугалан “Өнө удтал харилцан тусалмуй” хэмээн тангараглуулав. Сяньжу эзэн зарлиг буулган Ү Банийг гавшгай болгож Жанбао, Гуаньсинг хааны хамгаалагч болгоод усан, хуурайн цэргийг хамт дэвшүүлэн онгоц морийг хослон явуулж их сүр хүчээр Ү улсыг алахаар ирэв.

Тэндээс Фаньзян, Жанда Жанфэйгийн тэргүүнийг авч Ү улсад өргөөд алсан учрыг хэлсний хойно Cүньцуань сонсож тэр хоёулыг агуулаад олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Лю Сюаньдө хаан сууринд суугаад өөрийн бие дал илүү түмэн цэрэг авч ирэх хүч нь маш их одоо хэрхвээс сайн?” хэмээсэнд олон түшмэд цөм царай хувилан харилцан харалцаж дуу гарахгүй тул Жугө Зинь гарч өгүүлрүүн: “Би эзний пүнлүүг идэж удсан бөгөөд огт хариулсан газаргүй. Эдүгээ амийг цөлж Шу улсын эзэнд золгохоор одоод ашиг зовлонг хэлэлцэн хоёр улсыг найралдуулаад хамт Цаопэйг байлдаж сөргүүлсэн ялыг асуусугай!” хэмээхэд Cүньцуань ихэд баярлан даруй Жугө Зиньгийг элч болгон Сяньжу эзэнг хэлэлцэж цэрэг зогсоохоор илгээв. Энэ чухамхүү:

“Хоёр улс харилцан тэмцэлдэхэд элч нэвтрүүлээд

Нэгэн үгээр зовлонг тайлах нь явсан хүнд эрдмүй”

Эгнэгт Жугө Зиньгийн очсон нь ямар болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top