Гурван улсын үлгэр | 79 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 79 ДҮГЭЭР БҮЛЭГ

АХ НЬ ДҮҮГЭЭ ЦУХАЛДУУЛЖ, ЦАОЖИ ШҮЛЭГ УНШСАН ҮЕЛ ХӨВГҮҮН НЬ АВГАА ШАВАРТУУЛЖ ЛЮФЭН ЯЛД УНАСАН

Өгүүлэх нь: Цаопэй, Цаожаныг цэрэг авч ирэв хэмээн сонсоод гэлмэж, олон түшмэдээс хэрхвэл зохихыг асуувал нэгэн хүн гэхэлзэн гарч ирээд “Би очиж мохоон хэлээд дагуулсугай!” хэмээжээ. Олон цөм тэр хүнийг үзвээс харин Зянь И Дайфу түшмэл Зякүй болой. Цаопэй ихэд баярлан даруй Зякүйг очигтун хэмээсэнд тэр вээр тушаалыг хүлээн аваад Цаожаныг угтан золговоос Цаожан асууруун: “Урьд вангийн тамга, цомцог хаана буй?”. Зякүй царайг төв болгож өгүүлрүүн: “Гэрт ахмад хөвгүүн аж, улсад залгамжлах хунтайз буй тул урьд вангийн тамга цомцог нь авгай таны асууж зохих нь бус болой” хэмээсэнд Цаожан огт өчих үгүй болоод Зякүй лүгээ хотод орж ордны хаалганд хүрсэн хойно Зякүй асууруун: “Авгайн энэ ирсэн нь бэлэвсрэлд золгохоор ирэв үү? Вангийн суурийг тэмцсүгэй хэмээн ирсэн үү?”. Цаожан өгүүлрүүн: “Би бэлэвсрэлд золгохоор ирэв! Өөр санаагүй” гэжээ. Зякүй өгүүлрүүн: “Нэгэнтээ өөр санаагүй болбоос юунд цэргийг хот дотор дагуулан орж ирсэн аж?” хэмээсэнд тэр үгэнд Цаожан зүүн баруун этгээдийн жанжныг зандран эгүүлээд, гагц биеэр дотор орж, Цаопэй лүгээ ёслон золгосон хойно, ах дүү хоёул харилцан тэврэлцэж уйлалдав. Цаожан харъяат цэргээ цөм Цаопэйд тушаан өгсөнд Цаопэй, Цаожаныг “Яньлиндаа эгж сахигтун!” хэмээсэнд Цаожан салж одов.

Түүнээс Цаопэй сэтгэл амар Вэйвангийн суурийг эзэлжээ. Амгалан байгуулагчийн хорин тавдугаар оныг халж “Амгалан үргэлжлүүлэгчийн тэргүүн он” хэмээгээд Зясюйг Тай Вэй түшмэл, Хуасинийг сянгуо, Ваньланыг Юйши Дайфу түшмэл өргөмжлөн, өөр их бага түшмэдийг цөм шагнаж дэвшүүлсэн хойно, Цаоцаог Ү Ван хэмээн нэхэн өргөмжилж, Езюньгийн Гаолин нэрт газарт оршуулаад Юйзиньгээр онгоны хэргийг захируулсанд Юйзинь захиаг хүлээн тэнд хүрвээс онгон гэрийн цагаан туурганд Гуань гүнгийн долоон хүрээний цэргийг усанд живүүлж Юйзинийг баримтласан хэргийг зуржээ. Гуань гүн төв тэгш дээр сууж, Пандө хилэгнэж мохохгүй, гагц Юйзинь газарт сөгдөөд амь аврахыг гуйж байх дүрсийг гаргав. Үзвээс Цаопэй, Юйзинийг цэрэг дарагдаж баригдсан атал, үхэж чин зоригийг гүйцэтгэхгүй, дайсанд дагасан хүн нь маш доорд хэмээн урьдаас хүнээр туурганд зуруулж тусгайлан түүнийг хүрсэн хойно үзүүлэн ичээсэн ажгуу. Тэр тухай Юйзинь энэ зургийг үзээд ичингүйрэх бөгөөд цухалдан зовсоор өвчин олж удсангүй үхэв. Хожмын хүний гунихарсан шүлгийн үг:

“Гучин жил хуучин нөхөрлөлийг баримталж байсан боловч

Гутарч үхэхдээ Цаоцаод шударга байсангүй

Хүнийг танихдаа сэтгэлээс нь таньсангүй тул

Барсыг зурахдаа яснаас нь эхлэн зурах хэрэгтэй”

Хуасинь өгүүлрүүн: “Яньлин Хоу нэгэнтээ цэрэг морийг тушаагаад уул улсдаа одов. Линьжы Хоу Цаожи, Сяохуай Хоу Цаосюн хоёул суусаар үзэж бэлэвсрэлд ирэхгүй тул ял асуухаар одвоос зохимуй!”. Цаопэй тэр үгийг дагаж хоёр хүнийг хуваан зарж хоёр тийш ял асуухаар илгээв. Гэнэт нэгэн өдөр Сяохуай Хоугийн тэнд очсон элч ирж хэлрүүн: “Сяохуай Хоу Цаосюн ялаас айж боомилон үхэв” хэмээсэнд Цаопэй хүндэд оршуулаад Сяохуай ван хэмээн нэхэж өргөмжлөв. Бас нэгэн өдөр өнгөрөөд Линьжы Хоугийн тэнд очсон элч ирж хэлрүүн: “Линьжы Хоу нь Дин И, Дин Йгийн ах дүү хоёулын хамт архи ууж халмагшаад оморхоглон ёс бусчилмуй. Зарлигийн элч хүрсэн атал Линьзы Хоу лахайн сууж хөдлөхгүй. Дин И хараан өгүүлрүүн: “Эрт өдөр урьд Ван чухам миний эзэнд угсаа залгамжлуулмуй хэмээсэнд байсныг бялдууч түшмэл хориглон зогсоов. Өдгөө Ван өөд болоод өдөр удаагүй атал даруй яс, махнаас нь ял асуухын юун болой?” хэмээмүй. Түүний дүү нь бас өгүүлрүүн: “Миний эзний ертөнцөд хосгүй цэцэн гэгээнээр болбоос их суурийг залгамжилбаас зохих бөгөөтөл өдгөө харин Вангийн суурийг олсонгүй. Танай тэндэхийн тэргүүлсэн түшмэл хэрхин энэ мэт эрдэмтнийг танихгүй аж” хэмээсэнд Линьжы Хоу улам нэмүүлсэж цэргийн ардаар намайг занчиж гаргав хэмээв. Цаопэй энэ тухай сонсоод ихэд хилэгнэж Сюйчуд гурван мянган шилсэн цэрэг өгөөд “Гал мэт түргэн Линьжыд одож Цаожи нарын нэгэн аймаг хүнийг баримтлан ирэгтүн!” хэмээв. Сюйчу цэрэг авч Линьжы Чин хотод хүрвээс хаалга сахьсан жанжин хориглосонд Сюйчу цавчиж алаад хотын доор ороход хүн цөм хурц сүрнээс эмээн зогсоосонгүй. Шууд яаманд орж үзвээс Цаожи, Дин И, Дин Й нар цөм согтоод унтаж байжээ. Сюйчу цөмийг нь хүлээд тэргэнд тээж доорхи их бага түшмэдийг дуусган барьж Езюньд хүрч ирээд Цаопэйд мэдүүлбээс урьд Дин И, Дин Й нарыг цөм алуулав. Дин Игийн өргөсөн нэр Жэнли, Дин Йгийн өргөсөн нэр Зинли бөгөөд Пэйзюнь газрын хүмүүс болой. Тэр цагийн утгач бөлгөө. Алагдах үест хүн олонтоо хорсов. Цаопэйгийн эх Бянь овогт хатан Цаосюнгийн боомилон үхсэнийг олж сонсоод дотроо маш харуусаж бүхийд гэнэт бас Цаожи баригдаад түүний хоршоо Дин И нарыг алагдав хэмээн сонсож ихэд цочоод санд мэнд харшид гарч Цаопэйд учирсугай хэмээн дуудуулсанд Цаопэй эхийн харшид гарч ирснийг үзээд яаран мөргөж ёслон золговоос Бянь овогт хатан уйлж өгүүлрүүн: “Чиний дүү Цаожи угаас архинд дуртай тул согтсон хойноо дэмий хэлмүй! Лав өвчүүн доторх эрдэм чадалдаа эрэмшээд тийнхүү дураар аашилмуй. Чи нэгэн хэвлийгээс төрснийг санаж амийг өршөөх болбоос би есөн булгийн дор хүрэвч нүд амар аних болой”. Цаопэй өгүүлрүүн: “Хөвгүүн би бас ч түүний эрдмийг ихэд хайрлах тул юунд аймшиггүй түүнийг хорлох билээ? Өнөө гагц түүний омгийг бууруулсугай хэмээсэн нь болой. Эх битгий зовогтун!” хэмээв. Бянь овогт хатан нулимсыг арчсаар дотогш оров. Цаопэй жигүүрийн харшид ороод Цаожиг дуудан золгосугай хэмээхүл Хуасинь өгүүлрүүн: “Сая Тайхоу Зызянийг62 битгий алагтун хэмээн Ванг хориглосон буюу?”. Цаопэй өгүүлрүүн: “Эхийн захиасыг зөрчиж болмуй уу?”. Хуасинь өгүүлрүүн: “Хүмүүс цөм Зызянийг амнаас гарсан бүхэн нь аялгуут шүлгээс өөрцгүй хэмээцгээдэг. Сайд миний хувьд түүнд итгэдэггүй билээ. Ван түүнийг дуудан авчраад эрдмийг нь тэнсэж үзэгтүн! Хэрвээ тэнцэхгүй болбоос даруй алсугай. Тэнцвээс хэргэм бууруулаад дэлхий дахины бичгийн ардын амыг тагласугай!” хэмээсэнд Цаопэй үгийг дагав. Удалгүй Цаожи орж ирээд айж эмээн газарт сөгдөж ял хүлээсэнд Цаопэй өгүүлрүүн: “Би чам лугаа сэтгэлгээ хэдий ах дүү боловч журам нь эзэн сайд хэмээгдмүй? Чи ямар аймшиггүй эрдэмдээ эрэмшиж ёс бусчилмуй. Урьд эцэг амьд сэрүүн бүхий цагт чи үргэлж утга уянгаар бусдад сайшаагдах бөлгөө. Би эрхгүй бусдаар төлөөлөн бичүүлсэн болов уу хэмээн сэжиглэмүй. Өдгөө чи долоон алхмын дотор нэгэн шүлэг уншсугай! Үнэхээр чадах аваас үхэх ялыг хэлтрүүлье! Хэрвээ чадахгүй болбоос давхар ялаар шийтгэж, хэрхивч өршөөхгүй!”. Цаожи өгүүлрүүн: “Сэдэв гарган өгөхийг хүсмүй!”. Тэр цагт харшийн туурганд бэхийн будгаар зурсан нэгэн ороодос зураг өлгөсөн байв. Түүнд зурсан нь хоёр үхэр хэрмийн дор мөргөлдөөд нэг нь худагт унаж үхжээ. Цаопэй зургийг зааж өгүүлрүүн: “Даруй энэ зургаар сэдэв болгосугай! Шүлэг дотор хоёр үхэр хэрмийн дор мөргөлдөөд нэг нь худагт унаж үхсэн гэсэн үсгийг оруулж болохгүй хэмээсэнд Цаожи долоон алхмын эцэст шүлэг бүтээж уншруун:

“Хоёр мах нэгэн замаар яваад тэргүүнд муруй яс ургажээ.

Хөдөөгүүр уулын дор уулзаад гэнэтхэн босож харилцан тулалцав.

Хоёр дайсан цөм хатуугаас айхгүй, нэгэн мах шороон уурхайд хэвтэв.

Хүч хүрэхгүй болсон учир бус, уур нь бас ч дуусаагүй бөлгөө”

Цаопэй жич олон түшмэл цөм хиртхийв. Цаопэй бас өгүүлрүүн: “Энэ долоон алхмын хооронд уянга бүтэхийг би мөнхүү удаан хэмээн санамуй. Чи нэгэн дуу гарахын төдийд даруй нэг шүлэг уншиж чадмуй уу?”. Цаожи өгүүлрүүн: “Даруй сэдвийг захитугай!” гэв. Цаопэй өгүүлрүүн: “Би чам лугаа ах дүү болой. Даруй үүгээр сэдэв болгосугай! Гэхдээ бас ах дүү хэмээх үсгийг оруулж болохгүй хэмээхэд Цаожи өчүүхэн ч бодохгүй ам нээмэгц өгүүлрүүн:

“Буурцгийг буурцгийн ишээр чанахуйяа

Буурцаг тогооны дотор уйлмуй.

Угтаа нэгэн үндэснээс ургасан билээ

Усанд буцалгахдаа юунд ингэтэл яаралтай аж”

Цаопэй сонсоод ихэд нулимс асгаруулахад эх Бянь овогт хатан хойд харшаас гарч ирээд: “ах нь дүүгээ хэрхин энэ мэт цухалдуулмуй” хэмээсэнд Цаопэй санд мэнд суудлаас зайлж өгүүлрүүн: “Улсын цаазыг гээж үл болмуй” хэмээгээд даруй Цаожигийн хэргэм цолыг бууруулж аньсян Хоу болгосон хойно Цаожи салах ёсоор мөргөөд морь унаж одов.

62 Цаожигийн өргөсөн нэр юм

Түүнээс Цаопэй сууринд сууснаас цааз хуулийг цөм шинэ халаад сүрээр Сяньди хааныг шахамдуулах нь түүний эцгээс нэн хэтэрчээ. Хэдийн харуулын хүн Чөндүд энэ тухай мэдүүлсэнд Ханьжун Ван ихэд цочиж олон түшмэдийг цуглуулан зөвдөж өгүүлрүүн: “Цаоцао үхээд Цаопэй Ван залгамжилснаас Сяньди хааныг сүрдүүлэн айлгах нь Цаоцаогаас нэн гүн болсны дээр зүүн Ү улсын Сүньцуань гар уулзуулан сайд хэмээгдсэн тул би урьдаар Ү улсыг дайлж Юньчангийн өсийг авсан хойно жич дотор газрыг байлдаж самуун хулгайг арилгасугай хэмээмүй” хэмээн үг дуусахын урьд Ляохуа сөгдөж уйлан өгүүлрүүн: “Гуань гүн эцэг хөвгүүнийг хорлосон нь үнэндээ Люфэн, Мөндагийн ял болой. Урьдаар энэ хоёр хулгайг алахыг хүсмүй!” гэхэд Сюаньдө даруй хүн зарж баримтласугай хэмээтэл Кунмин түүнийг хориглож: “Түргэн түүхий хөдөлж болохгүй! Алгуурхнаар хичээвээс зохино. Түргэдвээс хувьсгал үүсэх болой. Энэ хоёр хүнийг дэвшүүлэн хошуу захирагч болгоод салгасан хойно сая бариваас зохимуй” хэмээв. Сюаньдө үгийг даган элч зарж Люфэнийг дэвшүүлэн Мяньжуг сахиулахаар илгээв. Угтаа Пөн Ян, Мөнда лугаа зузаан ханилжээ. Тэр үйлийг сонсоод яаран гэртээ эгж нэгэн бичиг бичээд итгэлтэй хүнээр Мөнда руу довтолгон хэлүүлэхээр илгээв. Тэр хүн дөнгөж өмнөд хаалгыг өнгөртөл Мачаогийн цагдах цэрэг барьж аваад Мачаод аваачиж өгсөнд тэр хэргийг шүүж мэдээд даруй Пөн

Янтай уулзахаар ирсэнд Пөн Ян угтаж оруулаад архи уулгаж хүндлэв. Архи хэдэн зэрэг болсон хойно Мачао үгээр тэнсэж өгүүлрүүн: “Эрт өдөр Ханьжун Ван гүнг маш зузаан хүндлэдэг байснаа өдгөө яагаад тааруухан хандах болов?” гэхэд Пөн Ян согтсон тул босож хараан өгүүлрүүн: “Хөгшин эр царай буруулсан тул би эрхгүй хариугаа авмуй” гэхэд Мачао ч түүний сэтгэлийг түншиж: “Би ч мөн хорслыг агуулж удав!”. Пөн Ян ихэд баярлаж өгүүлрүүн: “Гүн харъяат цэргээ дагуулан Мөнда лугаа нийлээд гадаадыг байлд! Би Сычуаньгийн цэргийг авч дотуураар угтваас их үйл бүтэх болой!” хэмээсэнд “Ноёнтны үг маш зүйтэй. Маргааш дахин алгуураар зөвлөсүгэй!” хэмээгээд Пөн Янгаас салж ирээд элч хүнийг бичигтэй авч Ханьжун Ванд золгоод тэр үйлийг нарийвчлан хэлсэнд Сюаньдө ихэд тачаадан даруй “Пөн Яныг барьж гянданд хориод эрүү тулган учрыг асуусугай!” хэмээв. Пөн Ян гяндангийн дотор гэмшивч нэгэнт хожимджээ. Сюаньдө Кунмингаас өгүүлрүүн: “Пөн Ян урвах санаатай тул яаваас зохимуй?” хэмээтэл Кунмин өгүүлрүүн: “Тэр айдангуу хүн боловч удаан үлдээвээс эрхгүй гамшиг үүдмүй” хэмээсэнд Сюаньдө Пөн Янийг гяндан дотор үхтүгэй хэмээнд хив хүртээв. Пөн Ян үхсэн хойно бус хүн Мөндад энэ тухай дуулгасанд Мөнда хөлбөрөн амаргүй байх үед гэнэтхэн элч хүрч ирээд Люфэнд “Мяньжуг сахихаар оч!” хэмээжээ. Мөнда яаран Шан Юн, Фанлингийн Дү Юй түшмэл Шэньдань, Шэнь И ах дүү хоёрыг залж ирээд зөвлөж өгүүлрүүн: “Би Фа Сяожи лугаа цөм Ханьжун Ванд гавьяатай хүмүүс бөгөөтөл өдгөө Сяожи нэгэнтээ үхжээ. Ханьжун Ван миний урьдын гавьяаг умартаад хөнөөсүгэй хэмээмүй. Хэрхвээс сайн?”. Шэньдань өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй, Ханьжун Ван гүнг хөнөөж чадахгүй болгосугай!”. Мөнда ихэд баярлаж аргыг асууваас Шэньдань өгүүлрүүн: “Бид ах дүү хоёул Вэй улсад дагасугай хэмээн санасаар удав. Гүн өдгөө нэгэн илтгэл бичиг хийж айлтгаад, Ханьжун Вангаас салж Вэйван Цаопэйд дагахаар одвол Цаопэй эрхгүй хүндээр хэрэглэмүй. Бид хоёул бас хойноос дагахаар одсу!”. Мөнда гэнэт ухаж даруй нэгэн илтгэл бичиг бичээд ирсэн элчид өгч тэр үдэш тавин морьтонг аваад Вэй улсад дагахаар одов. Элч илтгэлийг авч Чөндүд эгээд Ханьжун Ванд бичгийг өргөж Мөндагийн Вэй улсад одсон үйлийг хэлсэн хойно Сюаньдө ихэд хилэгнэж бичгийг нээж үзвээс бичгийн үг нь: “Мөнда би харшийн дор мэхийн айлтгах нь: Эзнийг Зянь Ень, Люй Вангийн хөрөнгийг байгуулж Хуань гүн, Вэнь гүнгийн гавьяаг гүйцмүй хэмээн их үйлийг үүдэн бүтээхэд Ү, Чугийн газарт суусан эрдэм чадалтан салхийг дагаж, дагахаар ирсэн бөлгөө. Сайд би хэрэглэгдсэнээс нааш алдсан газар уул мэт овоорсныг сайд би харин ч мэдэх бөгөөтөл эзнийг юунд өгүүлмүй. Өдгөө вангийн төрд эрэмгий баатар сайд загасны хайрс адил цугларчээ. Сайд миний дотоодод болбоос туслан тэтгэх эрдэмгүй, гадаадад болбоос жанжин болох бодлогогүй бөгөөд гавьяатан сайдын зэрэгт зэрэгцэхдээ үнэхээр ичингүйрмүй. Би сонсвоос Фаньли63 тухайг мэдээд Үху нуурт одож Зюфань64 ялыг хүлээж мөргөөд, голд зайлжээ. Тэр цаг тухайг үзэж биеийн төлөө зарлиг гуйхыг юун хэмээвээс ирэх очиход ариун тодорхойг ялгасугай хэмээгч болой. Нэнд сайд би хөдөөх бүдүүлэг нэгэн бөгөөд их гавьяагүй тул энэ тухайг юунд эрмэлзмүй. Урьд сайдыг санах бүр эртнээс бодож, ичгүүрийг хол болгосугай хэмээмүй. Эрт өдөр Шэньшэн туйлын ачлалтай атал эцэг эхдээ сэжиглэгдэв. Зысюй65 маш шударга бөгөөтөл хаанд алагджээ. Мөнтянь66 цагаан хэрмийг бадруулсан бөгөөд эрүүдэгдэж Юэ, И, Ци улсыг эвдлээд харин ховч сайдын хорыг амсав. Сайд би тэдгээр бичгийг унших бүр гомдож сэтгэл эс энэрэх нь үгүй тул биеэр тэр хэргийг үйлдвээс нэн илүү уярах буй за! Урьд Зинжоу дарагдсанд их сайдууд чин зоригийг алдаад зуугаас нэг нь үлдэж хоцорсонгүй. Гагц сайд би тушаалыг хүлээж Фанлин, Шан Юнгийн газарт суугаад хойно гуйж гадаадад тавиулав. Мэхийн гуйх нь Ван гэгээндээ айлдаж мэдээд сайдын сэтгэлийг өршөөж, миний явдлыг хөөрхийлөх ажаам уу! Сайд би үнэхээр өчүүхэн хүн тул эх адгийг гүйцэтгэн чадаагүйг мэдэж байх бөгөөд нэгэнт үйлдсэнийг аймшиггүй ялгүй хэмээж болмуй уу? Сайд би сонсоход нөхөр тасрахад муу дуу үгүй, салж одоход гаслах үг үгүй хэмээжээ. Эрдэмтэн сайдын сургаалыг авч Вангийн хичээн зүтгэхийг хүсмүй. Сайд би ихэд айн эмээж айлтган өргүүлэв!” хэмээжээ. Сюаньдө үзэж дуусаад ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Бэртэгчин эр надаас урваад ямар аймшиггүй утга үгсээр намайг тойгломуй”. хэмээгээд даруй цэрэг үүсгэж “Барихаар одсугай!” хэмээхэд Кунмин өгүүлрүүн: “мөн тухайд Люфэнийг цэрэг ор хэмээн зараад хоёр барсыг харилцан байлдуулсугай! Люфэн гавьяа оловч, буруулавч эрхгүй Чөндүд ирмүй. Тэр үест арилгаваас хоёр хортон цугаар тасармуй”. Сюаньдө үгийг дагаж даруй элч зарж Мяньжуд илгээгээд Люфэнд зарлигийг ухуулсанд Люфэн захиаг хүлээн цэрэг авч Мөндаг баримтлахаар одов.

63 Чүньцюгийн үеийн Чу улсын хүн болой. Юэ улсын ван Гоу Зяньд тусалж ү улсыг сөнөөсөн их жанжин. Гоу Зяньтай жаргалыг хамтатгаж болохгүй гэж тэр бодоод тушаалаас бууж, нэр овгоо өөрчилж, дэлхийг тойрчээ.

64 Чүньцюгийн үеийн Зинь улсын үеийн Дайфу түшмэл. Зинь Вэнь гүнг дагаж, гадаадад арван хэдэн жил тэнэн тойрсоор, сүүлд нь улсдаа харьсны хойно тэр, Зинь Вэнь гүнг гавьяа зүтгэлийг умартаж, гагц түүний алдаа дутагдлыг тэмдэглэнэ гэж бодоод салж оджээ.

65 Чүньцюгийн үеийн Чу улсын хүн. Овог ү, нэр Юэнь. ү ван Фу Чад тусалж Юэй улсыг эвдэлсэн. Хожим нь ховлогдож биеэ хорложээ.

66 Чинь улсын их жанжин. Цэрэг дайчилж, тэр үеийн умард этгээдийн харь үндэстнийг дарангуйлсан гавьяатай байжээ. сүүлд нь Жао Гаод гүтгэгдсэн биеэ хорложээ.

Тэндээс Цаопэй бичиг цэргийн түшмэдийг цуглуулж хэрэг зөвдөж бүхийд жигүүрийн түшмэд орж хэлрүүн “Шу улсын Мөнда дагахаар ирэв” гэхэд Цаопэй оруулаад асуун өгүүлрүүн: “Чиний энэ ирсэн нь хуурмагаар дагахаар ирэв үү?”. Мөнда өгүүлрүүн: “Сайд би Гуань гүнгийн цухалдсан тухайд тусалсангүй тул Ханьжун Ван намайг алмуй хэмээсэнд ялаас айж дагахаар ирэв. Өөр санаагүй!” хэмээсэнд Цаопэй бас итгэхгүй бүхийд хүн ирж хэлрүүн “Люфэн таван түмэн цэрэг авч Сян Яныг байлдахаар ирээд Мөнда лугаа байлдсугай хэмээмүй” гэжээ. Цаопэй, Мөндагийн зүг өгүүлрүүн: “Чи дагахаар ирсэн нь үнэн болбоос Сян Янд одож Люфэнгийн тэргүүнийг авч ирвээс би сая итгэмүй” гэхэд Мөнда өгүүлрүүн: “Сайд би ашиг хорыг гаргаж хэлээд цэрэг хөдөлгөхгүйгээр Люфэнийг бас дагуулан ирсүгэй!” гэв. Цаопэй ихэд баярлан даруй Мөндаг Саньци Чанши сүрийг байгуулагч жанжин Пинянгийн Тинхоу бөгөөд Синьчэн хотын тайшоу түшмэл нэмж өгөөд “Сян Ян, Фаньчэн хотуудыг сахихаар оч!” хэмээн илгээв. Үзвээс Сяхоу Шан, Сюйхуан хоёр Шан Янд сууж төвхийтэл Шан Юнгийн олон хошууг авсугай хэмээн агсан ажгуу. Мөнда, Сян Янд хүрээд хоёр жанжинд ёслон золгосон хойно Люфэнгийн хотоос тавин газрын эцэст хүрээ буусныг туршиж мэдээд нэгэн бичиг хийж хүнээр Шу улсын хүрээнд Люфэнийг элсэн дагуулахаар илгээв. Люфэн бичгийг үзээд ихэд уурсаж өгүүлрүүн: “Энэ хулгай миний авга, үеэл хөвгүүний журмыг алдагдуулсан бүхийд одоо бас эцэг хөвгүүний хоорондыг завсардуулаад, намайг шударга бус ачлалгүй хүн болгосугай хэмээх болой” хэмээгээд бичгийг ураад ирсэн хүнийг алав. Жич өдөр цэрэг авч байлдахаар ирэв. Мөнда, Люфэнгийн бичгийг ураад зарсан хүнийг алсан тухай сонссон тул ихэд тачаадан бас ч цэрэг дагуулан угтан байлдахаар гарч хоёр этгээд эсэргүүлэн жагссан хойно Люфэн тугийн дор зогсож илдээр зааж хараан өгүүлрүүн: “Улсаас урвасан хулгай ямар аймшиггүй самуун үг гаргамуй”. Мөнда өгүүлрүүн: “Чиний үхэх цаг нэгэнтээ тулчихаад хутга хүзүүнд чинь хүрсэн атал бас л эргүүж сэргэдэхгүй юу?” хэмээсэнд Люфэн ихэд хилэгнэж морио давхиулан илд даллан шууд Мөндаг байлдахаар ороод гурван удаа болсонгүй Мөнда дарагдаж буруулав. Люфэн дийлсэн хүчиндээ нэхсээр хорь илүү газар өнгөрөхүйеэ гэнэт хашхирах дуу үүсмэгц бүгсэн цэрэг цөм гарч ирэв. Зүүн этгээдээс Сяхоу Шан, баруун этгээдээс Сюйхуан байлдахаар ирсэнд Мөнда бас бие эргэн байлдаж гурван этгээдээс хавчин цохисонд Люфэн ихэд дарагдаж шөнө дөлөөр Шан Юнгийн зүг буруулан очиход хойноос Вэй улсын цэрэг нэхэн иржээ. Люфэн хотын дор хүрээд хаалгыг нээгтүн хэмээн дуудваас хэрмийн дээрээс сацлан харваж Шэньдань асар дээр зогсоод их дуугаар хэлрүүн “Би Нэгэнтээ Вэй улсад дагав” хэмээмүй. Люфэн ихэд тачаадаж “Хотыг байлдсугай!” хэмээвээс хойноос нэхэх цэрэг хүрч ирсэн тул Люфэн тогтож чадахгүй болоод аргагүй Фанлингийн зүг буруулан эгээд үзвээс хэрмийн дээр бас цөм Вэй улсын туг хиур хатгажээ. Шэнь И асар дээр зогсож, тугийг нэгэнтээ далласанд хотын хойдоос нэгэн анги цэрэг гарав. Тугийн дээр “Баруун этгээдийн жанжин Сюйхуан” хэмээн бичжээ. Люфэн тулалдах тэнхээгүй болоод яаран Сычуаньгийн зүг буруулав. Сюйхуан дийлсэн хүчиндээ хөөж алсанд Люфэнгийн цэрэг гагц зуу шахам үлдэв. Чөндүд хүрээд Ханьжун Ванд уулзан сөгдөөд урьдын үйлийг нэгд нэггүй уйлан айлтгасанд Сюаньдө ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Ичгүүрт хөвгүүн ямар нүүрээр дахин бас надад золгохоор ирсэн буй”. Люфэн өчрүүн: “Авгын зовлонг хөвгүүн туслахаар үл одох нь бус! Мөндагийн хориглож зогсоосон учир болой”. Сюаньдө хилэгнэж өгүүлрүүн: “Чи хүний идшийг идэж, хүний хувцсыг өмссөнөөс шороо модны хүн бус болой? Юунд ховч хулгайн хориглох үгийг авсан аж!” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг дуудаж түлхэн гаргаад алуулав. Ханьжун Ван, Люфэнийг алсан хойно Мөндагийн Люфэнийг урвуулахаар илгээсэнд Люфэн бичгийг ураад элчийг алсан тухай сонсоод дотроо маш гэмшив. Бас Гуань гүнийг санасаар өвчин олсон тул цэргийг хөдөлгөсөнгүй бөлгөө.

Тэндээс Вэйван Цаопэй вангийн сууринд сууснаас бичиг цэргийн түшмэдийг цөмөөр шагнаж дэвшүүлээд даруй гучин түмэн цэрэг аван Пэйгуогийн Цяосяньгийн газрыг байцаах бөгөөд урьд өвгөдийн хүүрт цаас гээхээр одоход гацааны хөгшид тоос дэгдүүлэн замыг бүрхэн угтахаар ирээд архи өргөж Хань улсын Гаозу хааны Пэй Шанд эгэх хэргийг дуурайв. Гэнэт хүн ирж хэлрүүн “Их жанжин Сяхоу дүньгийн өвчин хүнд болов” хэмээсэнд Цаопэй даруй Езюньд буцаж очтол Сяхоу Дүнь хэдийнэ үгүй болжээ. Цаопэй бэлэвсрэлийн хувцас өмсөөд хүндээр оршуулав. Тэр жилийн найман сард хүн ирж мэдүүлрүүн: “Ши Исянь суманд гарьд ирэн бүжиглэж, Линьзы Чэн хотод билигт гөрөөс илрээд, шар луу Езюнь газарт үзэгдэв” хэмээжээ. Түүнээс Жунлан жанжин Лифу, Тайшичэн түшмэл Сюйжи нар зөвлөж өгүүлрүүн: “Өдгөө зүйл зүйлийн сайн бэлгэс илрэх нь Хань улсын төрийг залгаваас зохих ёр болой. Даруй суурийг залгамжлан авах ёслолыг бэлтгээд Хань улсын хаанаар дэлхий дахиныг Вэйванд юүлэн өгүүлсүгэй!” хэмээгээд Хуасинь, Ванлан, Синьпи, Зясюй, Лю И, Лю Е, Чэньцюн, Хуан Кай нарын зэрэг бичиг цэргийн түшмэд дөч илүү хүн шууд дотоод харшид орж ирээд Сяньди хаанд “Суурийг Вэйван Цаопэйд юүлэн өгнө үү!” хэмээн айлтгав. Энэ чухамхүү:

“Вэй улсын төр өдгөө сая бүтмэгц

Хань улсын мөрөн уул гэнэт шилжив”

Эгнэгт Сяньди хаан хэрхин өчихийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top