Өнөөдөр 2020.12.19. Энэ оны 354 дэх өдөр. Он дуусахад 12 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Украинд Өмгөөллийн өдөр бол ОХУ-д Холбооны аюулгүй байдлын албаны цэргийн тагнуулын эсрэг байлдааны ангиудын өдөр аж.
Энэ өдөр Америкийн сагсан бөмбөгч Кевин Макхейл, Германы жүжигчин, найруулагч, продюсер Тил Швайгер, Зөвлөлтийн болон Литвийн сагсан бөмбөгч Арвидас Сабонис, Америкийн жүжигчин Кристи Суонсон, Алисса Милано, Жейк Жилленхол, Финландын хөнгөн атлетикч Теро Питкамяки, Чилийн хөл бөмбөгч Алексис Санчес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1944 оны энэ өдөр Бастонийн төлөөх тулалдаан эхэлжээ.
1965 оны энэ өдөр Шарль де Голль Францын Ерөнхийлөгчөөр сонгогдов.
1972 оны энэ өдөр “Аполлон-17” эх дэлхийдээ эргэн иржээ.
1997 оны энэ өдөр “Титаник” киноны нээлт болов.
2007 оны энэ өдөр идэвхтнүүд Бүгд найрамдах Лакота улсыг зарлажээ.
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )