АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээхийг зөвшилцөхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.02.19) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй  эхэлж, нийт дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.

АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын одоогоор 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийднэ гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top