Өнөөдөр "ДОМОГ" амилна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

Энэ зуны хүлээлт эвдсэн, жуулчдын анхаарлыг ихэд татахуйц монголын соёл урлагийг брэнд болгох зорилготой, цоо шинэ, өвөрмөц арга хэмжээ болох "LEGEND" энтертаймент шоу, тоглолт өнөөдөр /2019.07.07/ "Корпорэйт Конвэйшн"-д нээлтээ хийнэ. 

"LEGEND" энтертаймент шоу нь нүүдэлчдийн язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт уусган шингээж театр, хөгжим, дуу, шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохирсон цогц хэлбэрийн тоглолт юм. Тоглолтын хөгжмийн продюсерээр хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар нар ажиллаж байна.

Тус тоглолтоор ариун сэтгэл, хагацашгүй хайрын бэлэгдэл "Бэр цэцэг"-ийн домгийг үзэх боломжтой. Самуун дайнд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар "Бэр цэцэг" ургасан эртний домогтой ажээ. Тиймээс амраг сэтгэлтэн хагацан салахдаа бэр цэцэг бэлэглэдэг эртний заншил буй. Энэ нь “хол газар одсон сэтгэлт хүнээ иртэл нь хүлээнэ” гэсэн андгаар, залуу амрагууд хагацалын зовлон амсахгүй байхын бэлгэдэл билээ.

Тоглолтод гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, уртын дуучин Ж.Эрдэнэцэцэг, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, О.Анхчимэг, Б.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр, Номадик балет продакшн, ХЦДБЭЧ, Enkheeboys циркийн хамтлаг оролцон, тоглох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top