“Маамуу” йогуртын үйлдвэрлэсэн хугацааг худлаа бичжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Иргэн Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орших хүнсний дэлгүүрээс өчигдөр /2018.10.24/ “Маамуу” йогурт худалдаж авчээ. Улмаар үйлдвэрлэсэн хугацааг нь шалгатал 2018.10.29 гэж хаяган дээрээ бичсэн байжээ. Өөрөөр хэлбэл, худалдаанд гарах өдрөөсөө тав хоногийн дараа үйлдвэрлэгдсэн, “ирээдүй”-гээс ирсэн йогурт болж таарч байна.

“Маамуу” йогуртыг манай улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компани үйлдвэрлэдэг. Тус компани өөрийн вэб сайтдаа “Монгол орны хөрсөнд ургасан байгалийн аньс чацарганатай “Маамуу”-г эрүүл монгол хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан гаргалаа. А, С, В1, В2 аминдэм кали, кальци,магни, төмөр, иод зэргийг агуулсан нь биеийн эсэргүүцлийг дэмжих онцгой нөлөөтэй. Худалдаанд гарснаас хойш бяцхан хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүний нэг болсон билээ” хэмээн сурталчилжээ. 

"Ирээдүйгээс ирсэн" бүтээгдэхүүнийх нь талаар дээрх компанид хэлж мэдээлэхээр 76113030 дугаарт удаа дараа залгасан боловч “Завгүй” гэсэн дохио өгөв.

Тиймээс МХЕГ-ын 70128012 дугаарт холбогдож мэдээлэл өгөхөд, “Манай байгууллагад хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүний гомдол ирэх нь түгээмэл. Харин хугацааг урьдчилж бичсэн бүтээгдэхүүний гомдол бараг ирдэггүй. Журмаараа та бичгээр гомдол гаргасны дараа тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компанид шалгалт хийх ёстой. Тэгэхээр “Маамуу” йогуртыг үйлдэрлэсэн компанийн харьяалагддаг дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн шалгалтыг хийж, бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авна” гэсэн тайлбар өгсөн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(64.119.26.202) 2025 оны 03 сарын 13

Busad company-ii iim buteegdehuunuud ch zunduu bdag. Yaana da

1  |  0
Аудит(202.21.114.242) 2025 оны 03 сарын 13

Юугаа солиороод бгаан бэ? Шууд очоод шалгадаг хяналтын хүнтэй болгоочээ МХГ-ынхаан

1  |  0
Top