“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэл хотын ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд жил бүрийн 5, 10 дугаар сард "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж байна.
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай намрын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өнөөдөр /2018.10.13/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцлоо.
Намрын мод тарилтын хүрээнд чацаргана, улиас, голт бор, шар хуайс, гүйлс, монос, нарс, гацуур гэсэн 8 төрлийн 500 орчим мод шинээр тарив. Мод тарих арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол банк, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд оролцож нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.
Намрын мод тарилтыг зохион байгуулахдаа шинээр олон мод суулгахаас гадна өмнө нь тарьсан модоо арчлахыг уриалсан. Энэхүү уриалгыг дэмжиж 20 гаруй иргэн, байгууллага тарьсан модондоо цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэх, хөрс сийрүүлэх, ойр орчмын шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах ажилд оролцлоо.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 85 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн. 2018 онд хавар, намрын мод тарилтын хүрээнд нийтдээ 9500 орчим мод сөөг тарьж суулгасан байна. 2018 оны 9-р сард талбайд таригдсан мод сөөгний тоог гаргаж, ургалтын байдлыг тодорхойлох ажлыг зохион байгуулсан. Тооллогоор 130 гаруй мянган мод бут, сөөг 94 хувьтай ургаж байгаа гэсэн үзүүлэлттэй байна.











Сэтгэгдэл ( 2 )
тарьж ургуулааад байгаа моднууд нь яааг хаана байна
бурхаан жил болгон л тарих юм үнэхээр тариад ургуулдаг бол мод тарих зайгүй болоод бөөн цэвэр агаар биш үү хахахаха