Стандарт, хэмжил зүйн газар /СХЗГ/, түүний удирдлагатай холбоотой нийтлэл бичсэний улмаас гүтгэсэн гэх зүйл ангиар буруутгагдаж, шүүхэд хэрэг нь шилжсэн тухай Доргио.мн сайтын сэтгүүлч А.Баярмаа, өмгөөлөгч М.Шаравнямбуу нар хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр сэтгүүлч А.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тус зарим ажилтан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээний тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн талаар танай сайт хөндөж бичсэн юм байна. Та энэ талаар тодруулна уу?
-Стандарт, хэмжил зүйн газраас халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Гэтэл энэ гэрчилгээ болон түүн дээр дардаг тамга, тэмдгийг албан хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2015 оны тушаалаар баталгаажсан. СХЗГ-ын дарга гэмт хэрэг нуун дарагдуулсан тухай бичсэн миний мэдээллийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Худал биш” гэж үзсэн юм. 2015 онд хуурамч гэрчилгээг илрүүлсэн Ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар дүгнэлт гаргаж, СХЗГ-ын удирдлагад өгсөн ч нуун дарагдуулсан.
-Үнэгүй хэвлэж тараах номыг бусдад худалдсан байж болзошгүй тухай яригдсан. Хэдэн ширхэг ном хэвлэж, ямар үнээр борлуулсан байдаг вэ?
-СХЗГ нь 2016 оны сонгуулиас өмнө Стандарчилал, хэмжил зүйн газар нэртэй байж байгаал сонгуулийн дараа Стандарт, хэмжил зүйн газар болж нэрээ өөрчилсөн. 2017 онд худалдсан номон дээрээ байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамгаа дарсан нь хууль бус үйлдэл. “Менежментийн тогтолцоо-аудит явуулах зааварчилгаа”, “Чанар менежментийн тогтолцоо шаардлага” гэсэн хоёр номыг хосоор нь тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр үнэлсэн. Нийт 600 ширхэг хэвлэсэн гэдэг ч албан бус мэдээллээр хэд хэдэн удаа хэвлэгдсэн гэдэг.
-Номын орлогын мэдээлэл ил байдаг уу. Энэ тухайд таны олж мэдсэн ямар мэдээлэл байдаг вэ?
-Ном худалдаж олсон мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй. Санхүүгийн тайландаа ч тусгадаггүй. Мөнгө авсан баримт нь Монгол Улсад байхгүй байгууллагын тамгатай. Хэн ч харсан санаатай хийж буй хууль бус үйлдэл. Мөнгийг бэлнээр авахаас гадна хувь хүний дансанд хийсэн мэдээлэл ч бий. Цагдаагийн байгууллага шалгах ёстой.
-Албаны машиныг хувийн хэрэгцээндээ ашигласан тухай мэдээлэл гарч байсан?
-Стандарт, хэмжил зүйн газрын дарга нь албаны машин хөлөглөн баяр наадам үзэж, бүх нийтийн амралтын өдрүүдээр гэргийгээ дагуулж зугаалсан. Албаны машиныг хувийн зорилгоор унахаас гадна онхолдуулсан. Эвдэрсэн машиныг засварлахгүйгээр айлын хашаанд өвөлжүүлсэн. Осол гаргаж, ажлаас халагдсан жолооч нь сантехникч хийж байгаа. Энэ мэт хууль бус үйлдлүүдийн тухай цуврал найман нийтлэл бичсэн юм.
-Таныг цагдаагийн байгууллага шалгажээ. Хэрэг шүүхийн шатанд байгаа юм уу?
-Стандарт, хэмжил зүйн газраас долоон удаа өргөдөл, гомдол гаргаж, дөрвөн удаа цагдаа, хуулийн байгууллагад шалгагдсан. Гүтгэсэн гэх зүйл ангиар хэрэг шүүхийн шатанд маргаан үүссэн.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хандсан уу?
-Сэтгүүлчдийн эвлэлийнхээ удирдлагатай уулзсан. Учир байдлыг ярьж, тайлбарласан. Эвлэлээс өмгөөлөгч ажиллуулж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа.
-Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж бий. Тэнд танай редакцтай холбоотой гомдол төрийн байгууллагаас очсон байсан уу?
-Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл дээр гомдол хүрсэн. Тус зөвлөлөөс асуудлыг хэлэлцээд, миний бичсэн нийтлэлийг Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 5 )
сэтгүүлч нарыг хардахаа боль схзг ын даргын хууль зөрчсөн асуудлыг ил болгож гэр айл өрх,албан байгууллагын тоолуурын заалтын талаар үнэн зөвийг хэлсний төлөө буруудах ёстой гэж үү энэ байгууллагын дарга нь сандал ширээнээсээ м.энхболд шиг зууралдаад суух ёстой юм уу хэний хүн бэ гэдэг нь анхаарал татаж бна шүү хэзээ нэгэн цагт хэргээ хүлээх болноо стхг аас болж иргэд байгууллага хохирох ёсгүй
Хөөрхийдөө энэ Баярмаа гэх сэтгүүлч баахан мөнгө аваад үндэслэлгүй юмаар хөөцөлдөөд эцэст нь хэцүү байдалд орж байх шиг байна даа. Одоо сэтгүүлчдийн холбоонд хандаад яах ч юм билээ эрх биш тэр байгууллага нь ёс зүй шудрага ёсоо мэддэг биз. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Иймэрхүү сэтгүүлч нэртэй мөнгөтэй хүмүүсийн захиалгаар бусдыг гүтэгдэг хөгийн амьтдаас салах хэрэгтэй булхай нь илэрхээрээ сэтгүүлчийн эрхэнд хандлаа гэж солиорно
Iim zuil bux agentlagt baigaa. Yam zagsiin gazar ni medeed yax ch ugui. Uuniig duruuluud xarin said nar agentlagiin dargaasaa xaxuuli nexdeg gesen shuu. Tgd tag chig bolno do.