Дорноговь аймгийн Айраг сумын нутагт жоншны олборлолт явуулдаг аж ахуйн нэгж цөөнгүй. Тус сумын Нарт багийн нутагт байрладаг Цагаан дэлийн агуй ашигт малтмал олборлосны улмаас эрсдэлт байдалд оржээ. Энэ талаар Нарт багийн малчин Б.Амгаланбаяр“Манайх Цагаан дэлийн агуйн өвөр бэлд 1.4 км орчим зайтай газарт нутагладаг. Тус агуйн ойр орчинд 10 гаруй уурхай жонш олборлодог. Зарим компани нь гүний тэсэлгээг өдөр, шөнөгүй хийдэг. Гүний тэсэлгээ учраас агуйн гүнд хэрхэн нөлөөлж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэсэлгээнээс үүдэж агуйд нуралт их үүссэн. Дорноговь аймгийн байгалийн есөн гайхамшгийн хоёр нь Айраг суманд байдаг. Нэг нь Монголын хамгийн урт агуйгаар бүртгэгдсэн Цагаан дэлийн агуй. Одоо агуй уруу ороход нуралт үүсэх эрсдэлтэй. ” гэсэн юм. Цагаан дэлийн агуй нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд оршино. 1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш ихээр байсныг олж үзээд Шинжлэх ухааны академид захиа бичиж судлан үзэхийг хүсчбайжээ. Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт хайлуур жонш авч ашиглаж байсан 150 гаруй урт, 16,5м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан байрлалтай ажээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 1 )
энэ агуйг хамгаалалтанд авмаар юм бна шүү