Ч.Ундрахбаяр: Хөгжлийн бэрхшээлийг хүн хоорондын ялгаатай байдал гэж үзэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

“Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяртай ярилцлаа.

- Танай төрийн бус байгууллага хэзээ байгуулагдсан бэ?

- Манай төв албан ёсоор 2010 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Нийт 14 хүн ажилладаг. Үүний ес нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байгаа. Албан ёсны бүртгэлтэй 140 гаруй хүн бий.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бусад төвүүдээс танай төв ямар талаараа ялгарах вэ?

- Сүүлийн арваад жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажиллаж, эрх ашгийг хамгаалдаг олон байгууллага бий болсон. Ямар хөгжлийн бэрхшээлтэйгээс хамаараад өөр өөр зорилго  чиглэлийн байгууллагууд байгаа. Тухайлбал, хараагүй, сонсголгүй, тулгуур эрхтний бэрхшээлтэй зэрэг олон янз бий. Манай төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах, нийгэмд оролцох үүрэг хариуцлагатайгаар, шийдвэр гарган амьдрах эрхийг нь дэмжин ажилладаг.  Цаашид мэргэжлийн байгууллага болох зорилготой. Энэ талаараа ялгарах байх.

- Та томоохон төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Хийж гүйцэтгэх ажил их үү?

- Байгууллага болгонд ерөнхий, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл гэх мэт албан тушаалууд байдаг. Монгол Улсад байгаа ихэнх байгууллагууд удирдлагын босоо тогтолцоотой байна. Харин манай байгууллагын тогтолцоо энэхүү тогтолцоотой нийцдэггүй. Хэдий тэргүүн ч гэсэн миний дарга байх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь бид нэг зорилгын дор нэгдэж чадсан залуус. Хэн нь ч өөрийгөө дарга гэлгүй нэг үйл ажиллагаанд оролцож байгаа багийн гишүүн гэсэн үүднээс ханддаг. Харин дарга нь байгууллагаа төлөөлөх, аливаа нэг байгууллагатай гэрээ хийх, гарын үсэг зурахад л хэрэг болно. Энэ талаараа ажлынхаа үүргээ тус туст нь хуваарилдаг боловч багийн хүчээр ажилладаг болохоор тийм ч их ачаалалтай байдаггүй.

- Таны хийж буй ажил нийгэмд нэлээдгүй эерэг үр дагаврыг авчирна байх?.

- Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар хэлж ирэхгүй гайгаар хөгжлийн бэрхшээлтэй болдог. Хүн хүсээд хөгжлийн бэрхшээлтэй болохгүй нь ойлгомжтой. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүн хамгийн хэцүү байдалд байдаг. Хүн байх үнэ цэнэ нь алдагдаж эхэлдэг. Гадаа гаръя гарч чадахгүй. Муурын нүд гаргах гэж ярьдаг шиг хэн надад яаж тусалж өгөх бол, нийгмийн амьдралд яаж оролцуулж өгөх бол гэж хүлээдэг.  Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөөрхийлөлтэй байдалд ордог гэхэд болно. Та нар ч харж байгаа байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хотын гудмаар хэр олон явж, сургуульд сурч, нийгмийн амьдралд оролцож байгааг. Автобусаар бид үнэгүй зорчих эрхтэй боловч өнөөдөр хэр олон хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр зорчиж байна. Кино театрууд өнөөдөр залуусыг кино үзээрэй гэж уриалдаг. Гэвч кино театраар үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харсан уу. Ер нь ховор байдаг. Энэ бүхэн нь нийгмийн хүртээмжгүй байдал, буруу ойлголт, төрийн оновчгүй тогтолцооноос болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд улам илүү хаагдмал байдалд орж байна. Хүн болж төрчхөөд хүний амьдралд байдаг жам ёсны зүйлийг амсаж, чадалгүй тааз ширтээд өнгөрвөл дэндүү харамсалтай. Тэгэхээр бидний зорьж буй бие даан амьдрах эрх гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар ч байж болно. Гэвч үүрэг хариуцлагаа мэдрэн, хүний ёсоор амьдрах хэрэгтэй. Үүнд төр чухал үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гэр бүлд нь даатгах биш, төрөөс цагийн ажлаар хангаж, бие даан амьдрахад нь туслах хэрэгтэй. Бидний ажил олон хүнд итгэл найдвар өгөөсэй гэж хүсч байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг ямар түвшинд байна вэ. Хангалттай байж чадаж байна уу?

- Чадахгүй. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өвчтэй, халамж хүртэгч гэсэн байр суурьнаас хандаж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролддог. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрөөс зөвхөн санхүүгийн туслалцааг үзүүлдэг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд туслахгүй. Бэлэн зүйлээр аргацааж байгаа нэгэн хэлбэр юм. Үүнийг олон улсын хэллэгээр эмнэлгийн загвар гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн. Нийгмийн нэг хэсэг, иргэн, баялаг бүтээгч биш гэсэн үг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн иргэн байгаасай гэж хүсч байна. Мэдээж төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй гэхдээ өөр хэлбэрийн дэмжлэгийг хүсч байна. Ажиллах орчин, сурах нөхцөлөөр хангагдаж нийгмийн бусад үйл ажиллагаанд оролцоход биднийг дэмжээсэй. Энэ талаасаа хүн гэдэг утгаараа үнэлэгдэх юм. Түүнээс биш эмзэг бүлгийн, хөөрхийлөлтэй хүмүүсийн байр суурьнаас нийгмийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Энэ тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй.

- Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоо үүнд чухал нөлөөтэй байх?

- Дэлхий нийтэд сүүлийн  20 жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрчлөлтийг хийхэд нөлөөлсөн нэгэн уриа үг байдаг. Тэр нь “Бидний оролцоогүйгээр бидний асуудлыг шийдэхгүй” гэдэг үг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрт тулгарч байгаа бэрхшээлээ нийгэм, төрд хэлж байж түүнийгээ шийдүүлэх арга хэмжээг авна. Тиймээс бид өөрсдөө төрийн шийдвэрт хяналт тавьж, оролцох хэрэгтэй. Идэвхтэй амьдралын утга учир нь энэ юм.


Зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод шаналж, гэрээсээ ч гарахгүй байх тохиолдол бий. Тэдэнд хандаж та юу гэж хэлэх вэ?

-  Хүн бүхэнд тулгарч байгаа асуудал нь өөр өөр. Олон Улсын жишгээс харахад ч төр нь хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэж өгдөггүй. Гагцхүү бид өөрсдөө оролцож байж шийднэ. Бурхан нэг өдөр бүхнийг сайхан болгохгүй нь ойлгомжтой. Тиймээс бид өөрсдийгөө нийгэмд зөвөөр ойлгуулж, харуусаж гуниад суулгүй өөрсдийн төлөө тэмцэх хэрэгтэй. Одоогоос 10-аад жилийн өмнөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн сэтгэлзүй өнөөдрийнхөөс өөр байсан. Өмнө нь хөөрхий өрөвдмөөр хүмүүс гэж харж байсан бол одоо хүн гэдэг талаас нь харж байгаа байх. Гэхдээ мэдээж 100 хувь биш.

- Та Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн  "Хандлагыг өөрчилье Хамтдаа хөгжье" LEAD Talks төсөлд оролцон илтгэл тавина гэсэн. Ямар сэдвээр илтгэл тавих гэж байна?

-  Өөрийн хийж буй үйл ажиллагаатайгаа холбож илтгэлээ тавих байх. Монголын нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүн бие дааж амьдарна гэдэг шинэ нөхцөл байдал. Энэ нь томоохон массыг хамарсан зөв тогтолцоо. Өнөөдөр төрийн шийдвэрлэж чадаагүй асуудлыг шийдэхэд бидний оролцоо чухал. Хүн хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар бэрхшээл гэдэг зүйлийг мэдэрдэг. Хөл, гараа гэмтээх, нас дээр гарч харааны бэрхшээлтэй болох үе бий. Тэр цагт хүртээмжтэй нийгэм гэдэг хүн болгонд хамааралтай болно. Манай байгууллага зөвхөн тулгуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх гээд байгаа юм биш. Нийгэмд буй бүхий л хүмүүст хүртээмжтэй нийгмийг бий болгох юм. Надад зориулаад лифттэй автобус явуул гэж байгаа юм биш. Харин хүн болгон сууж болох ямар автобус байна, түүнийг эрэлхийлэх. Боловсролын салбарт л гэхэд хөгжлийн бэрхшээлийн хүүхдийн тусгай сургууль гэж байлгаж байхаар анхнаас нь тэднийг эрүүл хүүхдүүдтэй яагаад хамт сургаж болохгүй гэж. Үүнийг  түгээмэл загвар гэдэг. Энэ сэдвийн хүрээнд л илтгэлээ тавина байх.

Таны хувьд эмзэглэж явдаг зүйл гэвэл?

-  Нийгмийн хандлага юм уу даа. Саяхан Хятадад болсон нэг хэргийн тухай фэйсбүүкээр шуугисан. Нэгэн ээж өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ алахаас өөр аргагүй байсан гэсэн мэдээг уншсан. Ээж нь хэлэхдээ “Миний хүүхэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Би өөрөө өвчтэй удахгүй үхнэ. Намайг өнгөрснөөс хойш хүүхдийг минь асрах хүнгүй байхгүй. Тиймээс хүүхэд минь маш хэцүү нөхцөлд амьдарна. Би амьд байгаа дээрээ хүүгээ үгүй хийе гэж бодсон” гэж байгаа юм. Шүүх хурлаас ээжийн аргагүй байдал гэж үзэн цагаатгасан. Тэр бол Хятад Улсын дотоод шийдвэр байх. Гэтэл тэр мэдээний доорх Монгол хүмүүсийн коммэнт надад айдас төрүүлсэн. Ихэнх нь “Ээж нь  арга байх учраас ийм зүйл хийж. Зөв зүйл хийж” эсвэл “Хөгжлийн бэрхшээлтэй байснаас үхэн нь дээр” гэсэн коммэнтууд бичигдсэн байсан. Манай орны иргэд, Хятадын төр ч тэр ээж шиг бодож, ээжийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамгийн өрөвдөлтэй хүмүүс гэж нийгэм харсаар байна. Ээж нь л үхвэл тэр хүүхэд амьдарч чадахгүй гэж байгаа юм. Үнэндээ тийм биш. Шүүх яагаад ээжийн зөв гэж байгаа юм. Эцсийн эцэст ээжийн зөв, буруу биш. Төрийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Тэр хүүхдийг эрүүл аюулгүй амьдрах боломжийг төр нь яагаад хангахгүй байна. Үүнээс болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ямар ч чадваргүй хүмүүс гэж нийгэм хүлээж авч байна. Хэрэв нийгмийн сэтгэлзүй ийм байсаар байвал мянган сайн хууль батлаад ямар ч нэмэргүй. Надад нийгмийн амьдралд оролцоход хамгийн гол бэрхшээл болж буй зүйл шат юм. Хөгжлийн бэрхшээлийг хүн хоорондын ялгаатай байдал гэж хүлээн авах хэрэгтэй. Яг л хүмүүс өндөр, нам, туранхай, бүдүүн, дуулдаг, дуулдаагүйтэй  адил. Би зүгээр л тэргэнцэртэйгээ нийгмийн амьдралд оролцдог төдий. Тэргэнцэр өнхөрч явдаг. Бидэнд саад болж байгаа зүйл бол шат. Хэрэв бидний асуудлыг шийдээд өгвөл бид бусдын л адил нийгмийн амьдралд идэвхтэй оролцох бүрэн боломжтой. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top