Хялбар аргаар сонирхолтой аялах газрууд

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 29

Та энэ зун аялахаар төлөвлөж байна уу. Тухтай, сонирхолтой аялж, хамгийн гол нь олон гайхалтай газраар явж, тэгэхдээ мөнгөө хэмнэн аялж чадах маршрутуудаас хүргэж байна.

“Skyscanner”-ын гаргасан судалгаагаар, аялахад хамгийн хямд төсөр бөгөөд сонирхолтой хотууд нь ихэвчлэн Европт байгаа юм. Эдгээр “хямд” хотуудын хамгийн үнэтэй нь л Туркийн Истанбул. Харин хамгийн боломжийн нь Чехийн Рига. Харин хоёулаа, гэр бүлээрээ аялах бол Будапешт, Лиссабон юмуу Прагаг сонгоорой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

  

Лиссабон

Харин та аяллын төлөвлөгөөгөө сайтар гаргаж, байрлах газар, нислэгийн тийзээ эрт захиалахгүй бол зуны улиралд ямар байдгийг мэдэх биз ээ. Мөн эдийн засгийн хувьд хэрхэн хэмнэлттэй аялах вэ. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс зөвлөхдөө, аяллын компаниудад аль болох хандахгүй бай гэжээ. Интернэт гэх их мэдэгч байхад та өөрөө хайгаад, яг одоо үнэ ханш ямар байгааг мэдэж, аяллын компаниудын санал болгож байгаагаас хямд үнээр ая тухтай зочид буудлууд олж чадна. Ингэснээр та зарлагаа хоёр дахин бага байлгах ч боломж бий. Тэр ч бүү хэл хоноглох газартаа мөнгө төлөхгүйгээр аялах боломж байдаг аж. Европын олон хотод нутгийн оршин суугчид нь гэртээ зочид хүлээн авч, олон орны хүмүүст ёс заншлаа танилцуулж, адал явдлаар дүүрэн цаг хугацааг өнгөрүүлдэг байна.

Аяллын компаниудын вэб хуудсаар зочилвол тэнд аль болох таныг уг маршрутыг сонгоход хүргэхээр рекламдсан мэдээллүүдтэй таарна. Харин та юу үзэж, ямар нөхцөлд хэрхэн аялж, амрахаа бодож олж, очих газрынхаа талаар мэдээлэлтэй байхад заавал үнэтэй нислэг хэрэггүй. Олон улс хоорондын тээврээр ч явж болно. Очоод заавал такси гэхгүйгээр хот хоорондын нийтийн тээврээр нь явж, жуулчдын нүдийг хуурдаг үнэтэй ресторануудад нь орохгүй байх боломж бий. Очсон газраа та хэдий чинээ мэдэж байна төдий чинээ бага зардал гаргана.

Ингээд хамгийн сонирхолтой зүйлүүд үзэж, боломжийн өртгөөр аялж чадах хэдэн хотыг танилцуулж байна.

Будапешт


Унгарын парламентын ордон, Будапешт.

Будапешт бол баялаг түүхтэй, сайхан хот. Унгарын нийслэл, саятан хот ч гэдэг. Дунай мөрний баруун эргийн Буда, Обуда гэх хоёр сууринг зүүн эргийн Пешттэй нэгтгэснээр Будапешт хот үүсчээ.

Энэ хотод очвол та Андраши өргөн чөлөөгөөр зугаалаарай. Энд олон сонирхолтой газраар орно. Октогон талбайгаас Баатруудын талбай хүрэх замд хотын парк оршино. Тэнд амьтны хүрээлэнгээс эхлээд олон содон хэсэг бий. Хамгийн гоё хэсэг нь Европын хамгийн том бассейн Сеченьи юм. Энэ усан сан эргэн тойронд цастай байхад ч бүлээн устай байдаг гээд бод.

Мөн Будапештаас 45 минут яваад л хүрдэг олон эртний хот, суурин, түүхийн дурсгалт газрууд бий.


Лиссабон

Португалийг үзэж сонирхоход хэдхэн өдөр хэрэгтэй. Лиссабон эхнийх нь хот байвал зүгээр. Ордон, сүм, музей зэрэг эртний хотын бүх шинжийг агуулсан сайхан хот. Архитектурын өвөрмөц шийдэлтэй.


Мэдээж тэнгисгүйгээр Португалийг төсөөлөхөд бэрх. Лиссабоноос хагас цаг яваад хүрэх эргийн хот Кашкайш, Синтра зэрэг рүү нийтийн тээврээр нь явахад хямд.

Лиссабонд маш олон музей бий. Гэр бүлээрээ аялж байгаа бол та Лиссабоны амьтны хүрээлэн, Европын хамгийн шилдэгт ордог далайн аквариумаар нь ороорой.

Истанбул


Энэ бол Туркийн төдийгүй Европ тивийн хамгийн том хот, дэлхийд гуравт ордог их хот. Истанбул хот нь Хар тэнгис, Гантиг тэнгис хоёрын дундах Босфорын хоолой дээгүүр гарсан гүүртэй. Ази, Европыг холбосон боомт хотоос юм худалдаж авахад ч хямд. Истанбулыг бүхэлд нь үзэхэд долоо хоног багадна.

Туркт төдийгүй дэлхийд алдартай уран барилгуудын нэг, христ болон исламын шашны хосгүй үнэт бүтээл, дэлхийн найм дахь гайхамшиг Аяа София сүм энд бий. Мөн жуулчид Султан Ахметийн сүмээр ордог. “Grand Bazaar” захаар ороход та мөн олон сайхан зүйлээр нүдээ хужирлана.


Босфорын гүүр нь Европ, Ази тивийг холбосон. Өндөр уулын оройгоос та Истанбул хотыг бүхэлд нь харна.

Прага


Прага хот нь Чех улсын нийслэл, улсынхаа хамгийн том хот нь. Прагад очсон та 1410 онд анх зүүг нь хөдөлгөсөн хормын ч зөрүүгүй явдаг, дэлхийн хамгийн өндөр настай Астрономийн цагийг үзээрэй. Одон орны энэ цаг нь тэнгэр дээрх нар сарны байрлалыг ч заана. Жуулчид Прага хотын “Old Town Square”-д хамгийн түрүүнд очиж хүндэтгэн сонирхдог хэсэг нь энэ цаг.

Мөн “The Lennon Wall”, “The Dancing house”, “National Museum” гээд заавал очиж сонирхох, баялаг түүхтэй газар олон. Прага цайз нь Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг. Прага нь жинхэнэ утгаараа сонгодог урлагийн хот. Баx, Бетховэн, Моцарт үдэш бүр эгшиглэнэ. Тэдний бүтээлийг сонсохоор хотын иргэд нь хүртэл сарын өмнөөс тасалбар захиалдаг аж.

Тэнгэрийн хаалга


Сүүлийн үед монголчуудын ихээр зорьж сонирхох болсон Хятадын Хунань мужийн Жанжиажиэ хотоос урагшаа найман км-т байх Тяньменьшянь уулан дахь Тэнгэрийн хаалга нь байгаль өөрөө урласан гайхамшигт газар. Энэ сайхан газар руу автобусаар 99 нугачаагаар эргэж байж өгсдөг. 11 км замаар 999  үе бүхий шатаар өсч 57 метр өргөн, 130 метр өндөртэй Тэнгэрийн хаалганд хүрнэ. Манай эриний 263 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөр уулан дахь том хавцал эвдэрч, энэ хаалга үүсчээ.


Жанжиажиэ шилэн гүүр


Жанжиажиэ шилэн гүүр нь жилийн өмнө нээгдсэн. 430 метр урт, 6 метр өргөн, 300 метр өндөр. Байгалийн гайхамшгийг та эндээс харна. Бусдыг хэлэх илүүц биз ээ. Энэхүү гайхамшигт бүтээлийг үзье гэвэл та аяллын компанид хандах юмуу, урд хөршийг хямд төсөр аргаар зорих олон маршрутын нэгийг сонгоорой.

Петербургийн цагаан шөнө


Зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын хоёрныг хүртэл үргэлжлэх 20 гаруй хоногт хойд хөршийн Санкт-Петербург хот жуулчны хөлд дарагддаг. Зочид буудлууд нь дүүрч, онгоц, галт тэрэгний тийз мэдээж ховордоно. Гэхдээ та яаж ийгээд Петер орсон байхад Санкт-Петербург хот байгуулагдсан өдөр болох тавдугаар сарын 27-ноос эхлэн энэ хотод янз бүрийн соёлын арга хэмжээнүүд тасрахгүй. Оросын нэртэй дуучид, жүжигчид хотын гудамж талбайд концерт, фестиваль, уулзалт зохион байгуулна. Заавал үзэх ёстой зүйлийн нэг Петербургийн цагаан шөнийг үзэхэд хамгийн багадаа 6 хоног зарцуулдаг.

Петербург хотын дундуур урсах Нева мөрөн дээгүүр тавьсан гүүрүүдээр зочлоорой. Усан онгоц гаргахын тулд гүүр шөнөөр салдаг байна. Энэ нь жуулчдын анхаарлыг татдаг зүйлийн нэг.

Цагаан шөнийн үеэр Петербург хотыг зорих бол зочид буудал жирийн үеэс дөрөв дахин үнэтэй болдог гэнэ. Галт тэрэгний тийзийг жирийн үнээр авъя гэвэл сарын өмнө захиалах хэрэг гарах нь ээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Top