Өнгөрсөн сарын 12-нд иргэн Г нь цахим зарын хуудсан дээр зах зээлийн үнээс хямдаар автомашин зарна гэх зарын дагуу тухайн зарж байгаа хүнтэй электрон шуудан хаягаар холбогдон мөнгө шилжүүлэн залилуулсан болох нь тогтоогджээ.
Залилагч этгээд нь иргэн Г-д автомашиныг худалдаж авах мөнгө байгаа эсэхээ нотлохыг шаардсан бөгөөд үүний тулд мөнгө шилжүүлгийн олон улсын нэр бүхий компаний дансанд мөнгөө шилжүүлээд, шилжүүлсэн баримтаа электрон шуудангаар өөрлүү нь явуулахыг хүссэн байна.
Үүний дагуу хохирогч Г нь олон улсын мөнгө гуйвуулгын компаниар мөнгө шилжүүлээд, төлбөр гуйвуулсан баримтаа электрон шуудангаар залилагч этгээдийн электрон шуудангийн хаяг руу илгээхэд "нууц дугаар бусад мэдээлэлгүйгээр дансанд мөнгө шилжиж орсон эсэхийг би харах боломжгүй байна. Тиймээс та миний явуулсан доорх хаягаар ороод мөнгө амжилттай шилжиж дансанд орсон эсэхийг хараад хуулбарыг нь над руу явуулна уу гээд иргэн Г- рүү олон улсын мөнгө гуйвуулгын компаниий албан ёсны цахим хуудсыг дуурайлгаж хийсэн хуурамч цахим хаяг өгч хохирогч Г-ийн мөнгө шилжүүлсэн бүх мэдээлэл, нууц үгийг мэдэж авч улмаар саадгүй мөнгийг авсан байна.
Залилагч этгээд нь фишинг (fishing) гэх интернет залилангийн арга ашиглан нь олон улсын нэртэй мөнгө гуйвуулгын компанийн албан ёсны цахим хуудсыг хуулбарлан хийж иргэн Г-г залилсан болох нь тогтоогдсон юм.
Хэрэглэгчийн байнга хэрэглэдэг цахим хуудсуудыг (yahoo, facebook, банкны цахим хуудас г.м) дуурайлган үйлдэж хэрэглэгчийг хууран мэхлэх замаар хувийн мэдээллийг авах арга юм. Монгол улсын иргэд дээрх төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихсэх хандлагатай байна. Тухайлбал 2012 онд иргэн Ч нь Toyota land cruiser зарна гэх зарын дагуу электрон шуудангаар холбогдож дээрхтэй төстэй аргаар их хэмжээний валют залилуулан алдаж байжээ. Иймд цахим зарын хуудсаар дамжуулан иргэд дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байгаа тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг албаныхан хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )