УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхэллээ.
Багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд багтаж байгаа. Эдгээр багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн салбарын шинэчлэл эхэлж байгаа юм.
Шүүхийн тухай хууль нь шүүхийн зохион байгуулалт, тогтолцоо, бүрэн эрх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа болон үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Мөн уг хуулиар шүүхийн тогтолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршлын байдал, хэрэг, маргааны шийдвэрлэлтийн тоо зэргийг харгалзан тойргийн зарчмаар байгуулахаар боллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулах юм. Түүнчлэн УДШ хэргийг хянах бус, зөвхөн эрх зүйн маргааныг хянан үзэхээр болж байгаа юм. Талуудын гомдлоос гадна зөвхөн Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр болжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилго нь шүүхийн шинэчлэлийн чухал хэсэг болох шүүгчийн шалгуурыг тодорхой болгох, босгыг өндөрсгөх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан зохицуулах, ил тод, шударга болгох, шүүгчийн хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах явдал юм.
Шүүгч болон Ерөнхий шүүгчид тавих шалгуурыг шүүхийн шат тус бүрд тодорхойлсон байна.Шүүгчийн туслах зэрэг захиргааны ажилтан шүүгч болдог тогтолцоог халж, хуульд заасан болзол шаардлагыг хангасан өмгөөлөгч, прокурор болон хуулийн сургуулийн профессор зэрэг зохих туршлагатай хүн шүүгчид нэрээ дэвшүүлэхээр болгон өөрчилжээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ач холбогдол нь хуульчдын мэргэжлийн нэгдсэн хариуцлагын тогтолцоог бий болгож, шүүх, прокурор, өмгөөлөгчийн гаргасан мэргэжлийн алдааг хянан шийдвэрлэдэг механизм бүрдүүлж буй явдал юм. Хуульчийн шалгалтыг нэг шатлалтай болгож, өмгөөллийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг боловсронгуй болгож, зохион байгуулалтын хэлбэрийн хувьд олон улсын жишгээр нөхөрлөлийн хэлбэртэй байхаар зохицуулж өгчээ. Дэлхийн нийтлэг жишиг болох “BAR” буюу Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Хуульчдын холбоог байгуулах бөгөөд хуульчийн шалгалтад тэнцэж, элсэх өргөдлөө өгсөн хүн бүр эрхэлж буй ажил хэргээс үл хамааран түүний гишүүн байхаар хуульд тусгажээ. Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, хууль зүйн сургуулиудыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх, шүүгчид нэр дэвшигчдэд дүгнэлт гаргах, өмгөөлөгч, шүүгч, прокурор шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэх юм байна. Мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад ийнхүү төрийн чиг үүргийг шилжүүлснээр төвлөрлийг сааруулах, мэргэшлийн чанар, хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзжээ.
Шинээр мөрдөгдөж эхэлж буй Шүүхийн захиргааны тухай хуулийн ач холбогдол нь шүүхийн мэргэшсэн, бие даасан захиргааг бий болгох, шүүхийн захиргааны төв байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн Тамгын газар, түүний ажилтны чиг үүрэг, зохион байгуулалтыг шинээр, цогц байдлаар тодорхойлох юм байна.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу иргэн жилд нэг удаа иргэний төлөөлөгчөөр сонгогдохоор болж байна. Иргэдийн төлөөлөгчид эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх, ял шийтгүүлж байгаагүй байх, Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх зэрэг шаардлага тавина. Үүнээс бусад шаардлага тавихыг хориглох юм. Харин хэргийн оролцогчтой сонирхлын зөрчилтэй бол оролцохыг хориглохоор болжээ. Мөн УИХ-ын гишүүн, шүүгч, прокурор, өмгөөлөгч гэх мэт тодорхой албан тушаалтныг иргэдийн төлөөлөгчөөр томилохыг хориглосон байна. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх, шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх, хэргийн оролцогчийг илт дэмжих, хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах, хэргийн талаар нотлох баримт цуглуулах, өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөхийг хуулиар хоригложээ.
Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхүүд нэг жилд шийдвэрлэдэг 30 гаруй мянган иргэний хэргээс 30-40 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байгаа үзүүлэлт юм.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар аж ахуйн болон эдийн засгийн бусад үйл ажиллагаатай холбоотой маргаан, хөдөлмөрийн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг талуудын сайн дурын үндсэн дээр мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан шүүхээс өмнөх эсвэл шүүхийн дараах шатанд эвлэрүүлэх ажиллагааг зохицуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )